Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 дэх өглөөний уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай хийлээ. Улсын хэмжээнд 52.7 мянган хүн төрийн нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж байна. 2023 оны долдугаар сарын 1-нээс төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин 26-31 хувиар нэмэгдэнэ. Уулзалтын үеэр гарсан саналуудыг хүргэж байна.
Архивын ерөнхий газрын архивч Б.Адъяа: Манай салбарыг төрийн мэргэжлийн үйлчилгээний ангилалд оруулж өгөхийг хүсч байна. Архив бичиг хэргийн ажилтан хамгийн бага цалинтай байна. Цалин урамшууллыг нэмэхэд анхаарч өгөөч.
14-р сургуулийн номын санч А.Сүрэнтуяа: Цалин, нийгмийн асуудлаас болж номын санчаар ажиллах хүн олдохгүй байна. Сургуулийн номын санч гэдэг бол хүүхдийг номд дурлуулах ажил хийх ёстой. Гэтэл номын сан хөмрөгөө бүртгэх, цахим бүртгэлийн ажилд бүх цагаа зарцуулж байна. Номын санчийн орон тоог нэмэх, цалин хөлсний асуудалд анхаарч өгөхийг хүсч байна.
СБД-ийн биеийн тамир спортын хорооны ахлах дасгалжуулагч А.Хоролсүрэн: Цалин, нийгмийн асуудлыг анхаарч, орон сууцны дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Цалин бага байдгаас спортын байгууллагад ажиллах хүн олдохгүй байна. Мөн тэмцээн уралдаан явуулахад спортын барилга байгууламж стандарт хангахгүй байна. Үүнд анхаарч өгөөч.
Монголын Үндэсний музейн үйлчлэгч Ц.Гэрэлээ: Цалин бага байгаагаас үйлчлэгч хийх хүн олдохгүй байна. Мөн цалингийн асуудлаас болж орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Цалин нэмэх асуудлыг анхаарч өгөхийг хүсч байна.
1-р цэцэрлэгийн нарийн бичиг П.Батчимэг: Улс орны эдийн засгаас шалтгаалж цалинг бага ч болов нэмж байгаад баяртай байна. Боловсролын салбарын үйлчилгээний алба хаагчдын амралтын мөнгийг багш нартай адил бодож олгодог болгохыг хүсч байна. 2-рт “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг иргэн бүрт хүргэхэд анхаарахыг хүсч байна.
Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын үйлчлэгч Н.Чимэдхорол: Илүү цагийн мөнгийг нэмж олгоход анхаарч өгөөч. Үйлчлэгч нар хүнд нөхцөлд ажилладаг тул тэтгэврийн насыг наашлуулах талаар судалж, шийдвэрлэж өгөхийг хүсч байна.