УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн,М.Оюунчимэг, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Тиймээс өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар хүйсийн квотын асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргасан нь олонхийн дэмжлэгийг авсан юм. Одоо хүчин төгөлдөр буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квот 20 хувь байгааг өргөн мэдүүлсэн төсөлд 30 хувь болгож оруулж ирсэн бол нэр бүхий гишүүдийн санал болгосноор 40 хувь болгохыг УИХ дэмжив. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан өмнө нь ажиллаж байсан Жендэрийн тэгш байдлын лобби бүлгийг сэргээн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулахаар болсон байна.
Монгол Улс 2005 онд түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх квотыг санаачилж улмаар 30 хувиар Сонгуулийн тухай хуульдаа тусгаж байв. Харин 2007 оны Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх ардчилсан үзэл баримтлалаасаа ухарч квотын заалтыг хассан юм. Тухайн үеэс улс төрд, тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангая гэдэг байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлсээр иржээ. 2012 он 20 хувийн квот дэмжигдсэн бөгөөд холимог тогтолцоотой сонгууль зохион байгуулснаар УИХ-д 11 эмэгтэй сонгогдож, түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон байдаг. Харин энэ удаад Сонгуулийн тухай хуулийн 20 хувийн квотыг 40 хувьд хүргэх санал анхны хэлэлцүүлгээр дэмжигдлээ.