УИХ-ын лхагва гаргийн нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн сүүлийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг олон нийтэд нээлттэй танилцуулан, ард иргэдийн саналыг УИХ-ын гишүүдээр дамжуулан сонсож, УИХ-д суудалтай улс төрийн намууд нэгдсэн ойлголцолд хүрснээр тогтолцооны томоохон өөрчлөлтийг хийсэн нь энэ.
Өнгөрсөн 33 жилийн хугацааны хулгай луйвраас салъя, улс төрд хулгай луйврыг байхгүй болгоё. Цоорхойг бүх талаар нь хаая гэдэг үүднээс энэ өөрчлөлтийг хийж байгаа гэдэгт УИХ-ын гишүүд санал нэг байв. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэр цэвэр, хэл аманд орооцолдоогүй хүмүүсийг жагсаалтад оруулдаг байх, нийгмийн төлөөллийг оруулна гэж тооцсон. Хуулийн өөрчлөлтийн үр дүн жилийн дараа гарна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Хувь хүний хувьд саналаа хэлэхэд ойрын хугацаанд Үндсэн хуулийг дахин өөрчлөх асуудал яригдахгүй байх. Энэ өөрчлөлтийг хийгээд авбал үр дүнг нь заавал харах ёстой. Ойр, ойрхон өөрчлөөд байх боломжгүй гэж харж байна. Тогтолцооны өөрчлөлт ярихаар тоотой уялдаж таараад байгаа. 2008 оноос эхлээд УИХ дээр ажлын хэсэг гараад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох нэмэлт өөрчлөлт хийсээр үлдсэн асуудал энэ байсан учраас өөрчлөөд авах нь зүйтэй гэж үзэн, Засгийн газар төсөл боловсруулж оруулж ирсэн. Энэ өөрчлөлтийг хийснээр аль нэг улс төрийн хүчин хэт давамгай ялалт байгуулах боломж ховор болно. Нэг намын гэхээс илүү шинэ үеийнхний хүсэл эрмэлзлийг тусгасан төсөл боловсруулж оруулж ирсэн гэж ойлгож байна. Намуудын хариуцлага дараагийн шатанд яригдана. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэх гол баталгаа нь намуудын төлөвшил, хариуцлага байх болно” гэдгийг тодотгосон юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ Засгийн газраа төлөөлөөд энэхүү хуулийг санаачлагчийн хувьд талархал илэрхийлж байна. Сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна. Шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр сонгуулийн дүрмийг өөрчилдөг асуудал эцэс боллоо. Энэ дүрмээр дараа дараачийн сонгуульд оролцдог болно. Нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл өнөөдрийн санал хураалтаар эцэс болж байна. Аливаа хууль УИХ-аас хяналтгүй гардаг нь түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн болох нөхцөл бүрдлээ. УИХ-ын нэг гишүүн нэг л Байнгын хороонд харьяалагддаг байх реформыг хийлээ. Эрх мэдлийн төвлөрөл задарч байгаа учраас гишүүн байх нь өөртөө давуу байдал байхаа больж байна. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаагаа дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Сайн мууг нээлттэй болгоод явж байна. УИХ -ын гишүүдээс маш их эр зориг гарсан, алсын хараа шаардсан хүнд өдрүүд байлаа. Өмнө нь олон удаа яригдсан, шийдэгдэж чадалгүй яриа болон үлдэж байсан асуудлыг та бид шийдлээ. Парламентын бүрэн эрхийн хугацаанд хийсэн түүхэн реформ энэ болж үлдэнэ.
Засгийн газраас өргөн барьсан хувилбараар эрх мэдлийн төвлөрлийг хоёр дахин задлахаар болгосон ч 126 болгох зөвшилцөл хийсэн. АН манлайлал үзүүлсэнд талархал илэрхийлье. ХҮН-д талархал илэрхийлье. Нийгмийнхээ захиалгыг мэдэрч, цөөнхдөө хүлээцтэй хандах итгэлцлээр Үндсэн хуулийн реформ хийгдлээ. Жендэрт маш том дэвшил ирнэ. Жинхэнэ утгаараа олон намын төлөөлөл парламентад орж ирнэ. Нийгмийн сигмент рүү хандсан гадаад дахь монголчууд парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх боломж бүрдэж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, Улс төрийн намын, Сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийнэ. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна. Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт Монголын нийгэмд томоохон шилжилт хийгдэж байна гэж хэлж болно.
“Ард түмэн өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа суралцсан, буруугаа илчилдэг, нийгмийн асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг, илүү хэрсүүжсэн, илүү үнэн зөв, шударга ёсыг хүсэмжилж байгааг бид энэхүү Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үеэр харлаа. Нийгмийн эрмэлзэл, хүсэл зоригийг сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үүрэг юм” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн.