Кирибаяма Б.Лхагвасүрэн гуравдугаар сарын башёд тэр одтой байж мэргэжлийн сүмод анх удаа түрүүлж дэмжигчдэдээ, монголчуудаа, багшаа, нутаг усныхаа зон олныг, эцэг, эхээ баярлуулсан. Харү башёгийн сүүлийн өдөр нэг унаа дутуу явсан боловч тэргүүлж явсан Дайошёог дараалан хоёронтаа давж, Японы эзэн хааны цомыг гардан авах болзол хангаж түрүүлсэн нь жинхэнэ сенсаац дэгдээсэн. Тиймээс Нацү башёгийн гол баатар яалт ч үгүй Кирибаяма Лхагвасүрэн. Тэр энэ удаа ч гол дүрийн гурван баатрын нэг байв. Мэргэжлийн сүмод сэкивакэ цолонд хүрсэн анхны тэмцээндээ түрүүлсэн түүний хувьд Эзэн хааны цом өргөсөн Монголын ес дэх сүмоч болсон билээ.
Бямбачулууны Лхагвасүрэн хэмээх 27 настай энэ залуу Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, үзэмчний удамт бөх, сумын заан цолтон ажээ. 1996 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд малчин ард Бямбачулууны гэр бүлд төрсөн. Япон улсад анх хөл тавихдаа 180 см өндөртэй, 70 кг жинтэй байж. Жүдо бөхийн бэлтгэл хийдэг нь түүнд давуу тал болж байсан ч сүмогийн багш нь гадаад бөхтэй болох хүсэлгүй хэмээн дэвжээндээ дурамжхан авчээ. 2015 онд Тэцүо нэрээр анхлан барилдаж байсан тэрбээр сүмогийн доод гурван зиндаанд түрүүлсэн юм. 2019 онд жюүрёод дэвшихдээ ердөө ганцхан жил барилдаад макүүчигийн бөх болов. Шалгаруулалтад орохдоо “Сүмочин болж эцэг, эхийнхээ ачийг хариулмаар байна. Тэднийгээ Японд авчрах хүсэлтэй” хэмээн ярьсан нь дэвжээндээ үлдэхэд түлхэц болсон гэдэг.
Түүний шүтдэг бөх нь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж. Б.Лхагвасүрэнгийн амжилтын зам тийм ч шулуун дардан байгаагүй. Нагоя башё эхлэхийн өмнө баруун өвдгөө хүнд бэртээж, хэсэгтээ завсарлага авчээ. Тухайн үед сэтгэлээр унахад багш нь “Чи анх ирэхдээ ёкозүна болохын төлөө хичээнэ” гэж хэлж байснаа сана. Тиймээс жюүрёо бол чиний зорилго биш. Зүгээр л туулаад өнгөрөх зам. Одоо чиний хийх зүйл бол ердөө бэлтгэл” гэв. Энэ үгийг сонссон Б.Лхагвасүрэн хүнд хэцүү бэлтгэлээ хойш тавилгүй хичээсээр намрын тэмцээнээс эргэн ирж, макүшита зиндаанд дахин дэвшжээ. 2019 оны Хацү башёд жюүрёод дэвшин орсноор Монголоос төрөн гарсан мэргэжлийн сүмогийн 34 дэх цолтой бөх болов. Нэг их удалгүй дээд зиндаанд дэвшсэн тэрбээр “Мэргэжлийн сүмод орсон нэг зорилгоо биелүүлж чадлаа. Монголд байгаа гэрийнхэн маань миний барилдааныг үзэж чадах боллоо” хэмээж байв. Тэгвэл сэкивакэ болсныхоо дараа “Банцүкэд нэр минь ёкозүна, озэкигийн дараа бичигдсэнд их баяртай байна. Анх сүмод орж байхад сэкивакэ цол үүлэн дээр байгаа мэт л хол санагдаж байсан” гэж ярьсан залуу мэргэжлийн сүмод анхны түрүүгээ аваад зогсохгүй озэки цолтойгоор ирэх долдугаар сард дохёд гарах болж байна.
“Мичинокү” дэвжээний бөх тэрбээр 18 насандаа мэргэжлийн сүмод хөл тавьсан түүхтэй. Анхны тэмцээндээ тав ялж, хоёр ялагдсан амжилтаар зиндаа дэвшсэн Б.Лхагвасүрэн дараа нь жониданд 6-1 амжилт үзүүлэн санданмэд дэвшиж, улмаар тус зиндаанд анхны тэмцээндээ 7-0 амжилтаар түрүүлсэн юм. Тэрбээр мэргэжлийн сүмогийн доод гурван зиндааг гуравхан тэмцээнээр даван гарсан цөөхөн хүчтэнүүдийн нэг. Ингээд 2016 оны Хацү башёд мэргэжлийн сүмогийн хамгийн хэцүү бэрх зиндаа гэгддэг макүшитад анх барилдахдаа гурав ялж, 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй. Буцаад санданмэ руугаа бууж, хоёр тэмцээний дараа /4-3, 6-1/ буцаад макүшитадаа дэвшсэн ч гэмтэж, тэмцээн өнжсөнөөр дахин санданмэ руу уналаа. Гэхдээ энэ удаад харин санданмэд ганц тэмцээн зарцуулаад макүшитад дэвшиж, улмаар мэргэжлийн сүмогийн дээрээсээ гурав дахь зиндаанд анх удаа 50 хувийн амжилт үзүүлсэн байна. Энд гурван жил барилдаад 2019 оны нэгдүгээр сард жюүрёо зиндаанд дэвшин цолтой бөх болжээ. Жюүрёод харин удаагүй, яг нэг жил барилдаад 2020 оны нэгдүгээр сард макүүчи буюу дээд зиндаанд дэвшсэн юм. Дээд зиндааны анхны тэмцээндээ Б.Лхагвасүрэн 11-4 амжилт гарган шуугиулж, “Дайчин барилдааны шагнал” хүртлээ. Улмаар дараагийн тэмцээнд нь ес ялж, юу юугүй комүсүби цолны босгонд тулаад ирсэн байдаг. Гэвч гэмтсэнээр маэгаширагийн дээд хэсэгт нэг хэсэг барилдсан юм. Комүсүби болсон ч буцаагаад алдаж байв.
Харин өнгөрсөн оны есдүгээр сард комүсүби болсноосоо хойш 9-6, 8-7, 11-4, 12-3 /түрүүлсэн/, 11-4 гэсэн амжилтаар озэки цолны босго давлаа. Шинэхэн озэки ярихдаа “Би барилдаан бүрдээ чухал ач холбогдол өгсөн. Урьд урьдын башёгоос илүү сандарч байлаа. Өөрийнхөө л сүмог гарга гэж өөртөө хэлж байсан. Зуны тэмцээнийг хурдан эхэлж, түргэн дуусаасай гэж бодож байлаа. Өчигдөр тэмцээн дуусаад сая нэг тайвширч чадлаа. Бусад тэмцээнтэй адилхан башё шүү гэж өөртөө итгүүлэн барилдах гэсэн боловч өөр гэдэг нь илт мэдэгдээд, сандарч догдлон, унтаж чадахгүй өдрүүд ч байлаа. Аав, ээж Монголоос ирсэн. Хоёулаа маш их баярласан. Анх сүмод ороод хүнд хэцүү байх үед хамгийн их дэмжиж байсан хүмүүс бол гэр бүлийнхэн минь. Мичинокү оякататайгаа адилхан цолтой боллоо. Багш цол авсны дараа хамгийн хэцүү шүү гэж хэлсэн. Озэки цолоо хүлээж авахдаа хэлэх үгээ багштайгаа зөвлөж байгаа. Алдаа мадаг гаргахгүйн тулд дасгал хийж байна. Озэки, ёкозүна цол бол амархан хүрэхгүй маш өндөр цол. Озэки цол өндөр уул байлаа. Цаашдаа улам хичээхгүй бол болохгүй. Зургадугаар сарын 3-нд болох ёкозүна Какүрюүгийн зодог тайлах ёслолд озэки цолтой оролцоно гэсэн амлалтдаа хүрч чадсандаа баяртай байна. Ёслолын дараа эх орондоо харьж амарна. Дөрвөн жил хариагүй байгаа. Сүмод орсноос хойш анх удаа зун харих гэж байна. Хамаатан садан, анд нөхөдтэйгөө уулзана” гэжээ. Харин түүний нутагт хэдийн Озэки цолны наадмын зар тарж эхэлжээ. Дорнод аймгийн Сэргэлэн сумынхан энэ сарын 9-нд шинэ арслангийнхаа найрыг наадамтай хийхээр бэлтгэж байна. Наадамд хоёр насны морь уралдаж, сур харваа, хүчит бөхийн барилдаан болох гэнэ.