Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Алматы хотод 2023 оны 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зохион байгуулсан “Торгон зам” эдийн засгийн бүсийн авлигын эсрэг мэргэжилтнүүдийн сүлжээний 3 дахь удаагийн хуралд оролцлоо.
Хурлын нээлтэд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал үг хэлэв. Тэрбээр “НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны санаачилсан “Торгон зам” эдийн засгийн бүсийн авлигын эсрэг мэргэжилтнүүдийн сүлжээнээс зохион байгуулдаг туршлага судлах, мэдээлэл солилцох арга хэмжээнүүдийг манай улсын авлигатай тэмцэх байгууллага дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх чиглэлээр шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэх авах, шилэн хэмээх цогц “5Ш” ажиллагааг явуулж байгаа, санхүүгийн мөрдөн шалгах болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадаад улс орнуудаас 2022 онд 12.2 сая ам.долларыг эргүүлэн авчирч чадсан” талаар хэлсэн үгэндээ дурдлаа.
Хурлын үеэр эрхэлсэн комиссар Г.Азжаргал БНКУ-ын авлигатай тэмцэх байгууллагын дарга, хошууч генерал Асхат Жумагалитай хоёр талын албан уулзалт хийж, хоёр орны авлигатай тэмцэх байгууллагын сайн туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтаран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсын төлөөлөгчид БНКУ-ын Санхүүгийн хяналтын албаны төлөөлөгчидтэй уулзаж авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр, мөн БНХАУ-ын Үндэсний хяналтын хорооны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар авлигын гэмт хэрэгт хамтран дэмжлэг үзүүлж ажиллах, авлигатай тэмцэх сайн туршлагыг хуваалцаж хамтран ажиллахаар тус тус тохиролцлоо.