Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хямд, хүртээмжтэй хүргэх, түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Засгийн газраас ирэх 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн бус салбарыг эрчимтэй хөгжүүлэх талаар бодлого, шийдвэр гарган ажиллаж байна.
Энэ хүрээнд орон нутгийн нийт 9 чиглэлд буюу Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий рүү долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Дээрх чиглэлийн нислэгийг 2023 оны долоодугаар сараас эхлэхээр төлөвлөж байна.
Мөн МИАТ ТӨХК нь орон нутгийн нислэгийн онгоцыг түрээслэх үйл ажиллагааг эхлүүлжээ. Ингэснээр алслагдсан бүс нутгийн ард иргэд хүртээмжтэй, хямд тийз бүхий нислэгээр ая тухтай зорчихоос гадна дотоод, гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тодруулбал, нислэг үйлддэг аймгуудын зорчигчид ирэх долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн 40-70 хувийн буюу 2-2,5 дахин хямдралтай үнээр зорчдог болно. Баян-Өлгий аймаг руу зорчих нэг зорчигчийн хоёр талын нислэгийн тийз өнөөгийн тарифаар 1.6 гаруй сая төгрөг байгаа бол хоёр талдаа 800 мянган төгрөг болж буурах аж. Ховд, Увс аймаг руу зорчиход 1.6 сая төгрөг зарцуулдаг бол хоёр талдаа 600-650 мянган төгрөгөөр зорчдог болох юм.
Цаашид иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих замаар үнэ тарифыг тодорхой түвшинд бууруулах, хуваарьт нислэгийг тогтворжуулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх юм байна.