Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ЦХХХ-ны сайдын дэргэд “Шилэн штаб” байгуулан ажиллаж байгаа аж. Уг штаб үе шаттайгаар төрийн мэдээллүүдийг shilen.gov.mn цахим хуудаснаа нээлттэй тавьж байгаа. Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/, Нийгмийн даатгалын сан/НДС/-г ил болгосон талаар мэдээлэл хийв.
Тэрбээр “ХЭДС 2012-2022 онд 1.8 сая иргэнд 628 тэрбум 497 сая 200 мянган төгрөгийн зарлага гаргасан байна. Үүнээс 122 тэрбум 269 сая, 277 мянган төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулснаас 58.2 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй. Зээл эргэн төлөгдөөгүй байхад дараа жилийн төсөв дээр дахин төсвийг нь нэмэн зээл олголт хийсэн байдаг. Мөн энэхүү ХЭДС-гийн хугацаа хэтэрсэн зэлийн үлдэгдэл 18 тэрбум төгрөг байна. ХЭДС-гийн зээлд янз бүрийн нөлөө, тэр дундаа улс төрийн нөлөөлөл байсан уу гэдэгт иргэд хяналт тавих боломжтой. Мэдээллийг нь аймаг, дүүргээр нь гаргаж, хэдэн онд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдэг мэдээллийг байршуулсан. ХЭДС-гаас зээл авсан хүмүүсийг нэрээр нь харах боломжтой.
Ер нь энэхүү сангуудын мэдээллийг Зээлийн мэдээллийн сантай холбож чадаагүйгээс болоод ХЭДС-гаас зээл авсан хүн дахиад зээл авдаг байсан байна. Сангуудын мэдээллийг Зээлийн мэдээллийн сантай уячих юм бол дахиад зээл авах бололцоо байхгүй. НДС-гийн мөнгөн хөрөнгийг 2010-2020 онд аль банкинд хэзээ, хэдэн хувийн хүүтэй байршуулж байсан талаар мэдээлэл нээлттэй боллоо. Зардлын 63 хувь өндөр насны тэтгэвэрт зориулагдсан байна. Энэхүү мэдээллийг аймгуудаар нь мөн харах боломжтой” гэлээ.
Одоогоор нийт 25 сангаас есөн тусгай сангийн мэдээллийг ил болгоод байгаа аж. Төрийн мэдээллийг ил болгоход зарим агентлаг хайнга хандаж мэдээллээ ирүүлэхгүй байгаа гэдгийг Н.Учрал сайд хэллээ. Зургадугаар сарын 1-нд Ерөнхий сайдын албан даалгавар дуусч, төрийн мэдээллийг ил тод болгох “Шилэн” ажиллагааны талаарх мэдээлэл Засгийн газарт танилцуулагдана. Албан даалгаврын хэрэгжилт дээр үнэлэлт дүгнэлт өгч, мэдээллээ ирүүлээгүй, авлигатай тэмцэх бодлогыг дэмжихгүй байгаа эс үйлдэлд нь албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдана.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Эрүүл мэндийн дэмжих сан мэдээллээ дутуу ирүүлсэн. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтууруулахтай тэмцэх урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Засгийн газрын нөөцийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Кино урлагийг дэмжих сан мэдээллээ огт ирүүлээгүй байгаа аж. Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад шаардлага хүргүүлжээ. Энэ долоо хоногтоо багтаагаад Байгаль орчин уур амьсгалын сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Шинжлэх ухаан технологийн сангийн мэдээллийг shilen.gov.mn дээр байршуулах юм байна.
Боловсролын зээлийн сангийн shilen.gov.mn дээр байршуулсан мэдээлэлд зээл авагчдын нэр ус, мөнгөн дүн, хэдэнд онд авсан гэх мэт мэдээллүүд ил тод болж байна. 2008 оноос хойш ирсэн бүх мэдээлэл бүрэн бүтэн байгаа. Тухайн хүүхэд гадаадад сурах сонгон шалгаруулалтад тэнцсэн бол боловсролын яам хүлээж аваад, сангийн яам руу явуулдаг. Дараа нь сангийн яам Монголбанк руу мэдээллийг нь явуулаад гадаадын сургууль руу төлбөрийг шилжүүлдэг. Энэ бүх процессын мэдээлэл ил тод, нээлттэй болж байгааг мэдэгдлээ.