Алдарт “Шрек” хүүхэлдэйн киног бүтээгч Уильям Стайг энэхүү киноныхоо гол дүрийг дэлхийн хамгийн муухай царайтэй эрэгтэй гэж алдаршсан мэргэжлийн бөх Морис Тиегээс санаа авч бүтээсэн гэдэг. Морис Тие ер бусын сүрдмээр царайтай, үлэмж биетэй ч 14 хэлээр чөлөөтэй ярьдаг, шатар сайн тоглодог, харцаараа бусдыг татах увидастай, хошин шогийн өндөр мэдрэмжтэй, маш даруухан, найрсаг хүн байв. Тэрбээр 1903 оны 10-р сарын 23-нд Хаант Оросын нутаг Уралд оросжсон франц гэр бүлд мэндэлжээ. Бяцхан хүү багадаа сахиусан тэнгэр шиг сайхан царайтай байсан тул “Сахиусан тэнгэр” хэмээн хочилдог байсан нь хожим мэргэжлийн бөхөд түүний овоглох алдар болжээ. Морис Тие гийн аав нь төмөр замын инженер мэргэжилтэй, алс холын Орос руу гэрээгээр нүүж очин суурьшсан нэгэн байв. Түүний ээж нь сургуулийн багш байжээ.
Гэтэл Тие 19 настайдаа акромегали буюу дааврын өөрчлөлтийн улмаас хэт өсөлт явагддаг эмгэг өвчтэй болох нь оношлогдсон байна. Энэ өвчний улмаас насанд хүрсэн хүний гар, хөл, нүүрний яс хэт томорч “ургадаг” аж. “Үе тэнгийнхэн маань намайг сармагчин гэж дуудахад би маш их бухимдсан. Үүнийг хэн хүсэх вэ? Би тэдний шоолохоос зугтахын тулд ихэвчлэн усан онгоцны зогсоол дээр очиж, бүх чөлөөт цагаа усны ойролцоо өнгөрөөдөг байв. Тэнд амьдарч байсан хүмүүс миний гадаад төрхийг тоодоггүй байсан” хэмээн Морис Тие хожим дурсчээ. Өвчин нь даамжирснаар залуу хүү хуулийн сургуулиа орхихоос өөр аргагүй болжээ. Дараа нь тэр флот руу явахаар шийдэж, инженерийн мэргэжлийг эзэмшсэн байна. “Ийм царайтай байж би хуульч болсон бол илжиг орилох мэт миний дууг хэн ч сонсох боломжгүй. Тиймээс би Тэнгисийн цэргийн хүчинд очсон” хэмээн тэрбээр өгүүлдэг байжээ.
1937 онд Морис мэргэжлийн бөх Карл Позеллотой танилцаж, түүнийг энэ спортоор хичээллэхэд нь туслахыг ятгажээ. Улмаар Карл Позелло Тиегийн ивээн тэтгэгч, дэмжигч, дотны найз болсон байна. Тэд Парист хоёр жил мэргэжлийн бөхөөр хичээллэн, тэмцээнд оролцож байгаад дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул АНУ-д очжээ. 1940 онд Массачусетс мужийн Бостон хотод бөхийн дэмжигч, ивээн тэтгэгч Пол Баузер Тиег “Францын сахиусан тэнгэр” хэмээх нууц нэрээр дэвжээнд гарган, жинхэнэ од болгожээ. Түүний нэр хүнд дорхноо өсөж, хамгийн үнэ цэнтэй тамирчин болов. Тие 19 сар дараалан ялагдалгүй босоо байж, “Ялагдашгүй” гэдэг алдрыг хүртжээ. 1940 оны тавдугаар сард Тие дэлхийн хүнд жингийн аварга шалгаруулах тэмцээний Бостоны хувилбарт түрүүлж, 1942 оны тавдугаар сар хүртэл аварга цолоо хадгалсан байна. 1942 оны эхээр тэрээр Монреалийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүнд жингийн аварга болжээ. 1944 онд Бостоны аварга цолоо богино хугацаанд эргүүлэн авч байжээ.
Түүний амжилтын үр дүнд Тони Анжело “Оросын сахиусан тэнгэр”, “Шведийн супер сахиусан тэнгэр”, Жек Раш “Канадын сахиусан тэнгэр”, Владислав Тулин “Польш сахиусан тэнгэр”, Стэн Пинто “Оросын сахиусан тэнгэр””Чехийн сахиусан тэнгэр”, Клайв Уэлш “Ирланд сахиусан тэнгэр”, Жек Фолк “Алтан сахиусан тэнгэр”, Гил Герро “Хар сахиусан тэнгэр”, Жан Нобл “Хатагтай сахиусан тэнгэр” гэх зэрэг дуураймал сахиусан тэнгэрүүд тодорч байжээ.
Цаг хугацаа өнгөрөхөд Морис Тиег эрүүл мэндийн асуудал нь зовоох болов. Байнга толгой нь өвдөхөөс гадна хэт ядаргаа нэрвэж, алсын хараа нь сулрах зэрэг таагүй мэдрэмж, эмгэг түүнийг ээрэв. Морис Тиегийн хамгийн сайн найз, дэмжигч Карл Позелло 1954 оны есдүгээр сарын 4-нд хорт хавдраар нас барсан бөгөөд дотнын найзаа алдсаны улмаар асар ихээр хямарсан Морис Тие дотны тэр өдөр зүрхний шигдээсээр өөд болжээ.
Тэд Чикаго хотоос 20 милийн зайтай оршин Иллинойс мужийн Кук тойргийн Жастайс дахь үндэсний оршуулгийн газарт зэрэгцэн нойрсож буй. Тэдний булшин дээр андлал нөхөрлөлийг бэлгэдсэн атгасан гар дүрсэлсэн хөшөө байдаг аж. Уг хөшөөн дээр “Үхэл найз нөхдийг салгаж чадахгүй” хэмээн бичжээ.