Манай улсын эдийн засаг 2022 оны жилийн эцэст 4.8 хувийн өсөлттэй гарсан. Харин энэ оны эхний улиралд 5.3 хувиар өссөн дүнтэй байгаа. Гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл аль аль нь ашигтай гарсан. Эдийн засгийн судасны лугшилтыг хэмжих гол итгэлцүүр болдог үзүүлэлтүүд ийнхүү эерэг, нэмэх буюу өсөлттэй байгаа нь цаашид тогтвортой хадгалагдах болов уу. Инфляцид гол нөлөө үзүүлдэг ам.долларын ханш 2023 он гарснаас хойш тогтмол буурч, төгрөгийн ханш 70 гаруй төгрөгөөр чангарсан сайн мэдээ бас бий.
Эдийн засагт ийнхүү өсөлт ажиглагдаж эхэлсэн нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого байгаа онож, нүдээ олж байгаагийнх. Шуудхан хэлэхэд далд эдийн засаг буюу авлига, хулгайтай шийдвэртэй тэмцсэний үр дүн юм. Энэ талаар дийн засагч С.Дэмбэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн дурджээ.Тэрбээр “…Монгол Улсын Засгийн газар хулгайтайгаа тэмцэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, далд эдийн засгийн нөөц боломжийг илчилж орлогоо нэмэгдүүлсэн. Энэ нь “Улсад орлого ороод байвал боломж байсан байна” гэдэг ойлголтыг өгсөн. Ялангуяа бүрэн эрхт төлөөлөгч энэ тэр томилсноор нүүрсний экспорт маш сайн нэмэгдсэн. Нүүрсний үнээ хадгалаад, хулгайлж байсныг нь зогсоосны үр дүнд эдийн засгийн өсөлт тогтвортой өсөх гольдрол руугаа орж байна. Энд нэмэлт хөрөнгө оруулалт, материал, ажиллах хүч шаардсангүй. Харин далд байлгаад байсан нөөцийг ил гаргасны хүчээр эдийн засагт өсөлт гарлаа” гэжээ.
Ердөө л энэ юм. 2021 онд 1.6-хан хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2022 онд 4.2 хувь, 2023 оны эхний улиралд 5.3 хувийн өсөлттэй гарна гэдэг бол Засгийн газраас нүүрс, зэсийн салбар болон төрийн өмчит үйлдвэрийн газарт хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбоотой. Цаашид энэ өсөлт тогтворжино гэдгийг олон улсын байгууллагууд ч судалгаа, тайландаа дурдаж буй. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг http://Азийн Хөгжлийн Төлөв эдийн засгийн тайлангийн энэ оны дөрөвдүгээр сарын шинэ дугаарт өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 оны 4.8 хувийн өсөлтөөс сэргэж, 2023 онд 5.4 хувь, 2024 онд 6.1 хувиар тус тус өсөх төлөвтэй байна.
Мөнгө их зарахгүйгээр зохион байгуулалт, менежментээ сайжруулбал эдийн засагт өсөлт бий болгож болдгийг л харуулж байна. Хоёрхон баримт дурдъя.
Нүүрсний хулгай зогссоноор 10 жилийн орлогыг жил гаруйн дотор олно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшхи таван сарын хугацаанд нийт 4.3 их наяд төгрөгийн орлого олжээ. “Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд буюу бүтэн нэг жилд 2,6 их наяд төгрөг олж, 736 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлж байсан бол БЭТ томилогдсоноор хагас жил хүрэхгүй хугацаанд энэ үзүүлэлт бараг хоёр дахин өссөн байна. Энэ эрчээрээ ажиллавал тускомпанийн 10 жилийн турш төлсөн татварыг жил гаруйн хугацаанд төвлөрүүлэх боломжтой. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд төлсөн 4.8 их наядын орлогыг ердөө хоёрхон жилд төлчих боломж харагдаж байна.
Хөгжлийн банкны алдагдал арилж, ашигтай ажиллав
Олон улсад нэр хүнд бүхий KPMG аудитын байгууллагаас Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Монголбанкнаас хийсэн хяналт шалгалтаар 2021 онд Хөгжлийн банк 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2022 онд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Хөгжлийн банк нь 2022 онд нийт 1,075.3 тэрбум төгрөгийн зээлийг зээлдэгчээр эргэн төлүүлсэн бөгөөд төлөгдсөн зээлийн 60,1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байжээ.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг далд эдийн засгийг хорт хавдар шиг бугшуулж ужигруулан, ард иргэдийн амьжиргааны түвшин, амьдралын боломж, дээшилж дэвших замыг хааж, улс орны хөгжлийн хэдэн арван жилээр хойш татаж байдгийг олон нийт мэдэж авав. Зөвхөн нүүрсний салбарт л гэхэд хулгай, булхайг нь зогсоосноор өнгөрсөн 12 жилд олсон орлогыг ердөө хоёрхон жилд олох боломж бүрдэж байх жишээтэй. Ийнхүү нүүрсний хулгай улс орны хөгжлийг 10 жилээр хойш татаж, гацаажээ.