Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нягтралыг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд замаа сайжруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ хүрээнд хотын төв, дэд төвүүдийг холбосон үндсэн дөрвөн цагариг зам, зургаан хэвтээ, есөн босоо чиглэлийн авто замын сүлжээг бий болгох аж. “Шинэ сэргэлт-Улаанбаатар” форумын үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг танилцуулсан юм. Тодруулбал,
Хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэх төлөвлөлт бүхий “Шинэ тойрог зам” төслийг Монгол Улсын Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын гол замуудын ачааллыг 25 хувиар бууруулах юм.
Монгол Улсын Засгийн газар “Сэлбэ сэргэлт” төслийг 2023 онд багтаан хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Сэлбэ Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 ш нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ. Гол онцлог нь голын ай савыг дагуулан газар чөлөөлөлт хамгийн багатай трассыг сонгосон. Хөрсний бохирдлоос хамгаалах, голын урсацыг дэмжих, орчны чийгшлийг нэмэгдүүлэн уур амьсгалын эерэг өөрчлөлтийг бий болгохын хамт ашиглалтгүй талбайг амилуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд ая тухтай орчинг үүсгэх зэрэг байгаль экологийн болон эдийн засгийн олон талт үр өгөөжийг тооцсон төсөл гэв. Мөн гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын барилгажилтыг дэмжих давуу талтайг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос эдгээр төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчдад найрсаг, таатай нөхцөлийг бүрдүүлж хамтран ажиллах гэнэ.