БОАЖЯ-наас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Салбарын яамнаас өгсөн нэг гол мэдээлэл нь Дорнод аймгийн Матад дахь “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн химийн бодисын хог хаягдлыг устгуулах ажлын явцын талаар байв.
Дорнод аймгийн Матад суман дахь “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбай дээр хугацаа нь дууссан, устгах шаардлагатай 32 нэр төрлийн 592 тн орчим устгах шаардлагатай химийн бодис хадгалагдаж байсан байна. Эдгээр химийн бодисуудыг тус компани 2009 оноос өмнө импортлон оруулж ирсэн бөгөөд хадгалалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтын шаардлага хангахгүй аюултай хог хаягдал болсон байжээ.
2022 оны зургадугаар сард “Элемент” ХХК нь аюултай хог хаягдал устгах тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авсан нь тус үйлдвэрээр тухайн химийн бодисын хог хаягдлыг устгуулах боломжтой болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны долдугаар сарын 04-08-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллан “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д хэд хэдэн үүрэг хугацаатай даалгавар өгсний нэг нь энэхүү химийн бодисын хог хаягдлыг устгуулах асуудал байсан. Энэ үүрэг даалгаврын хүрээнд “Петрочайна дачин Тамсаг” ХХК нь “Элемент” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн “Элемент” ХХК нь химийн бодисын хог хаягдлыг график төлөвлөгөө гарган устгаж эхэлсэн бөгөөд 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 32 нэр төрлийн 577 тн аюултай хог хаягдлыг устгалд оруулаад байгаа мэдээллийг тус яаманд ирүүлсэн байна.
Ташрамд сануулахад өнгөрсөн гуравдугаар сард Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн ашиглалтын талбайд цагаан зээр олноор үхсэнийг тус компанийнхан сум орон нутаг, мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэлгүйгээр булшлах гэж байсныг иргэний нийгмийнхэн мэдэж олны анхааралд оруулаад байгаа юм.