Шумерчуудын алт, мөнгөн лир буюу бухын толгойтой ятга
Месопотамийн Ур хотын мөнгөн ятга буюу Урын лир нь одоогоор олдоод буй дэлхийн хамгийн эртний чавхдаст хөгжим юм. Урын лир хэмээн ихэвчлэн нэрлэдэг энэ босоо ятга нь 1929 онд Ирак дахь Ур хотын хааны оршуулгын газар хийсэн хэсэгчилсэн малталтаар олдсон аж. Уг оршуулгын газраас нийт дөрвөн чавхдаст хөгжим олдсон байна. Эдгээр хөгжмийн зэмсэг нь МЭӨ 2550-2450 оны хооронд оршин тогтнож байсан Месопотамийн эртний улсуудын III үе буюу Шумерын хот-улсуудын үед хамаарах бөгөөд дэлхийн хамгийн эртний чавхдаст хөгжим гэж алдаршжээ. Өндөр технологиор сэргээн засварла эдгээр ятгыг одоо Ирак, Их Британи, АНУ-ын музейнүүдэд хуваан байршуулжээ.
Ур хотын эртний оруулгын газраас гурван лир, нэг ятга олдсон боловч бүгдийг лир хэмээн нэг нэр томъёогоор нэрлэх болжээ. “Урын алтан лир” буюу “Бухын лир” гэж нэрлэдэг хамгийн шилдэг нь Иракийн Багдад дахь музейд байдаг. Лондон дахь Британийн музейд “Хатан лир”, “Мөнгөн лир”, Филадельфи дахь Пенн музейд “Бух толгойт лир” нь байдаг аж.
Жаргалант хайрханы Алтай ятга буюу морин толгойт ятга
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх нарын удирдсан хээрийн шинжилгээний анги 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулгыг малтан судалжээ. Энэхүү оршуулга нь Түрүү Дундад зууны үеийн 20-25 настай дайчин эрийн булш байсан бөгөөд олон тооны эд өлгийн зүйлс гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байжээ. Евразийн хэмжээнд булш оршуулгын малтлагаас модон хөгжмийн зэмсэг гарсан тохиолдол нэн ховор байдаг нь өнөөг хүртэл хадгалагдаж ирэх нөхцөл хангалтгүй байсантай холбоотой юм. Харин төмөрлөг болон яс, чулуун зэмсэгүүд цөөнгүй гарч байжээ. Манай улсаас илэрсэн хамгийн эртний хөгжмийн зэмсгийн биет олдвор бол Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгойн Хүннү булшнаас гарсан ясан хэл хуур болно.
Жаргалант хайрханы хөгжмийн зэмсэгтэй адилтгаж болохуйц олдворууд зөвхөн Алтайн уулсын өндөрлөгт орших мөнх цэвдгийн булш, эсвэл Шинжааны хэт хуурай бүс нутгаас гарсан байдаг бөгөөд босоо ятга хөгжим бүр НТӨ 3000 жилийн үед Ойрх Дорнодод үүсэж, олон төрөл болон салбарлан хөгжсөн байна. Уг хөгжмийн их биеийг залгаасгүй хус модоор сийлжээ. Харин царны таг болон тээгийг уд модоор хийсэн болохыг судлаачид тогтоосон байна. Нарийн урт хүзүү, завь хэлбэрийн их биетэй. Хөгжмийн толгой хэсэгт шөмбөгөр хоншоор, багахан хөхөл бүхий адууны толгойг дүрсэлжээ. Адууны дагзан дээр дөрвөлжин хэлбэрийн нүх ухсан нь чавхдас бүхий босоо гарыг суулгах үүрэгтэй аж. Хүзүүг хар өнгийн холтсоор битүү ороосон байсан бололтой.
Жаргалант хайрханы хөгжмийн царны эсрэг талд сийлмэл зураг сийлсэн нь өвөрмөц. Зургаан буга, нэг янгир, таван нохой болон нумаа эвшээлгэн харвахыг завдаж буй нэгэн анчныг сийлсэн нь түрэгийн үеийн хадны зургийн дүрслэлтэй зарим талаар төстэй аж. Ан авын сэдэвтэй зураг хэмээн үзэж болох бөгөөд эртний нүүдэлчид их ав хомрогын өмнө уул усны эзэн савдагаа эл аялгуут хөгжмөөр аргаддаг байсан болов уу хэмээн судлаачид таамагладаг.
Уг хөгжмийн зэмсэгийн хажуу бөөр, хүзүүний дагуу зургаан хэсэг газарт эртний руни бичгийг сийлжээ. Профессор Ц.Баттулгын тайлж, уншсаны дагуу уг хөгжмийг эртний түрэг хэлээр Яаялиг (монгол хэлээр – Аялгуут) хэмээн нэрлэж байжээ. Харин хөгжмийн зэмсгийг эзэмшиж байсан баатар эрийг “Чүрэ” гэдэг төдийгүй түүний олонд түгсэн алдар цуу нь “Яая-Огыл” буюу “Аялгууч хүү” гэдэг байсан бололтой. Хөгжим судлаач, урлаачдын хамтын судалгааны үр дүнд уг хөгжмийн зэмсэгийн унаган хөг аялгууг сэргээн тогтоожээ. Өдгөө язгуур урлагийн “Алтай” хамтлаг эл хөгжмийн зэмсэгийг дахин сэргээж олон гайхалтай аялгууг туурвиж буй билээ.