Авто машин угаалгын газруудыг цэвэр усаар машин угаахыг хориглоно хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдэгдэв. Энэ мэдэгдлийг олон нийт хоёр талтай хүлээн авч байна. Ундны цэвэр усаараа машинаа угаадаг улс манайхаас өөр байхгүй. Тиймээс сайдын гаргасан шийдвэр зөв гэх хүмүүс байхад машин угаалгын газрууд бүгд саарал ус ашиглах боломжтой юу. Шууд хориглох нь зөв үү гэж эргэлзэх нэгэн ч байна.
Нийслэлд авто угаалгын 260 гаруй газар байдгаас 34 нь л саарал ус ашигладаг юм байна. Зуны улиралд ил задгай талбайд машин угаадаг үйлчилгээ эрс нэмэгддэг. Мөн албан ёсны зөвшөөрөлгүй угаалгын газрууд ч олон бий гээд тооцвол Улаанбаатарт наад зах нь 300 орчим авто машин угаалгын газар бий аж. Тэдгээрийн дөнгөж 10 гаруйхан хувь нь л саарал ус ашиглаж байгаа нь чамлалттай үзүүлэлт. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 оны тавдугаар сар гэхэд бүх авто машин угаалгын газрыг саарал ус ашигладаг болох тухай захирамж гаргаж байсан ч хэрэгжилгүй өнөөг хүрчээ. Тиймээс БОАЖ-ын сайдын шийдвэр гэнэтийн биш гэдэг нь тодорхой байна, нэгдүгээрт.
Ер нь бид саарал усыг ашиглах тухай сүүлийн 30-аад жил ярьж байгаа. Ярьсантайгаа харьцуулбал хэрэгжилт нь бага. АНУ-ын Мянганы сорилтын сангийн компакт гэрээгээр Ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулж байгаа. Уг үйлдвэр өдөрт 50 мянган шоо метр саарал ус дахин боловсруулж, түүнийгээ 3, 4 дүгээр Дулааны цахилгаан станцын цамхгийн хөргөлтийн системд нийлүүлнэ. Энэ хэрээр ундны цэвэр усыг хэмнэнэ гэсэн үг. Саарал усыг ашиглаж буй ганц жишээ нь энэ. Бусад салбарт саарал усны хэрэглээ ярианаас цаашгүй. Уг нь ногоон байгууламжийн усалгаа, барилгын шавар зуурах, авто машин угаалга гээд олон чиглэлээр, олон салбарт саарал усыг ашиглах боломжтой. Гаднын улс орнуудыг бэлэн туршлага, технологи бий. Жишээ нь АНУ-ын Байгаль орчны агентлагаас зүлэг, ногоон байгууламжийн усалгаанд саарал усыг ашиглахыг зөвлөдөг. Тус улсын усжуулалтад ашигласан усны 15 хувийг л ундны ус эзэлдэг аж. Шүлтээр баялаг саарал усны нэмэлт нэгдэл азот, фосфор мод бутны ургалтад сайнаар нөлөөлдөг гэнэ.
Авто машин угаалга болон үйлдвэрийн газрууд саарал ус бус ундны цэвэр усыг ариг гамгүй хэрэглэж байгаагийн нэг шалтгаан нь өнөөдөр мөрдөж байгаа хэрэглээний усны үнийн тариф. Өөрөөр хэлбэл цэвэр усны үнэ хямд байгаа нь замбараагүй хэрэглээг өөгшүүлж байгаа аж. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн 79 тоот тогтоолын хавсралтаар Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг баталжээ. Энэ дагуу 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмсэн. Тухайлбал, нэг литр усны үнэ нэг төгрөг 10 мөнгө байсныг нэг төгрөг 60 мөнгө болгож 50 мөнгөөр нэмсэн. Өөрөөр хэлбэл нэг тонн /1 шоо метр/ усны мөнгө 1600 төгрөг болсон гэсэн үг. Тухайн өрх сард дунджаар 5 шоо метр ус хэрэглэсэн гэж үзвэл өмнө нь 5500 төгрөг төлж байсан бол одоо 8000 төгрөг төлж байгаа.
Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифаар бол спирт, архи, пиво, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газар литр тутамд 2,76 төгрөг, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр литр тутамд 2,10 төгрөг төлнө. Усыг хамгийн ихээр хэрэглэж, хамгийн их бохирдуулж буй машин угаалгын газар гэр хорооллын иргэнээс 75-хан мөнгөөр илүү, өлөнгийн үйлдвэр бүр 10-хан мөнгөөр илүү төлбөр төлнө гэсэн үг. Энэ бол цэвэр усыг үнэгүйдүүлж, бохирдуулагчдыг нь эдийн засгийн аргаар дэмжиж байгаа хэрэг. Хэрэглээний цэвэр усны үнэ ийм хямд байгаа учир үйлдвэр, үйлчилгээний газрууд усыг гамгүй хэрэглэдэг хэвээр. Тэдэнд саарал ус хэрэглэх сэдэл байхгүй. Учир нь, цэвэр ус ийм хямд юм чинь. Гэр хороололд амьдарч буй иргэн хоногт 10 литр ус хэрэглэдэг. Гэтэл машин угаалгын газар, өлөнгийн үйлдвэр хоногт хэдэн арван тонн ус хэрэглэж байгаа. Нэг машиныг 100 литр усаар угаадаг гэж үзвэл усных үнэ нь ердөө 220 төгрөг л болно. Үнэ цэнгүй усаар үнэтэй машинаа угаахаас өөр аргагүй гэлтэй. Нэг мэдэхэд цэвэр ус хомсдож, машин угаадаг 100 литр усаа сарын цалингаараа ч худалдан авч дийлэхгүй болбол яах вэ.
Тиймээс ундны усаа үнэ цэнтэй болгохын тулд хэрэглээний үнэ тарифыг нь нэмэх нь ёстой. Ахуйн хэрэглээнээс гарч байгаа саарал усыг дахин боловсруулж, хөдөө аж ахуй, хот цэцэрлэгжүүлэх, өлөн, ноос, ноолуурын үйлдвэр зэрэгт өргөн ашиглах нь дараагийн даацтай алхам байх болов уу. Тэгж байж ус жинхэнэ утгаараа чадмань эрдэнэ болно. Авто машин угаалгын газруудад цэвэр ус хэрэглэхийг хориглож байгаа БОАЖ-ын сайдын шийдвэр саарал усны хэрэглээг дэмжих хөшүүрэг болох байх.