Monday, November 25, 2024

Б.Батболд: Tөмөр ихдэлт буюу зэврэлтээ эмчилбэл эрүүл явах боломжтой

Date:

Монгол Улсын Гавьяат эмч Б.Батболдтой төмөр ихдэлт, түүний үр дагаврын тухай шинэ судалгаа, баримтын талаар ярилцлаа.

-Бид зургаан жилийн өмнө ярилцахад Та “Эрчүүд төмөрт идэгдэж зэвэрч байна” гэдгийг тодотгож байсан. Энэ судалгаа хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?

-Өнөөдөр дэлхий нийт хүний бие дэх төмөр ихдэлтэд маш их анхаарал хандуулдаг болж, бүр “бодисын солилцооны эмгэг төмөр ихдэлтийн хам шинж” гэж оношилж нэршээд байна.2019 онд хийсэн судалгаагаар, зөвхөн АНУ-д 16 сая хүн төмөр ихдэлтийн эмгэгтэй байна гэсэн дүгнэлт гарсан.Ферритин ихэссэнээр эрхтэнүүдийг чимээгүй гэмтээж зэврүүлээд зогсохгүй, энэ нь багцалсан шинжтэй гипер-ферритинеми (төмөр), гипер-холестролеми (өөх тос), гипер-урекеми (шээсний хүчил-тулай), гипер-глюкоземи (саахар-диабет)-тай хавсарсан хэлбэрээр эдгээр олон эмгэгийн үндсэн суурь шалтгаан болдог нь батлагдаад байна.

Анхны ярилцлагад хүний бие дэх төмөр ихдээд байна, төмөр бол маш хүчтэй исэлдүүлэгч юм байна гэж ярьж байсан.Тэгвэл ферритин нь цусаар дамжин бүх биеэр эргэлдэж хүрэхгүй газаргүй бөгөөд үүнээс болж хамгийн их гэмтэж нэрвэгддэг нь булчирхайлаг эд эрхтэнүүд юм байна.Энэ тухай том хэмжээний олон судалгаа хийж байна.Төмөр нь архины бус элэгний өөхжилт, хэвлийн ердийн бус таргалалт, гол нь саахарын өвчин-диабет, бэлгийн сулрал, эрт хөгшрөлт үүсэхэд харилцан уялдаатай нөлөөлж шалтгаан болдог нь нотлогдож, маш их анхаарал татаж байна.

-Төмөр ихдэлтийн гол шалтгааныг архи, махтай холбон тайлбарлаж байсан. Одоо энэ ойлголт хэвээр байна уу?

-Зөвхөн мах бага идэж, архи уухгүй байвал төмөр ихсэлт үүсэхгүй нь гэдэг худлаа юм байна шүү.Удамшлын, хүнсний, ахуй орчны, ундны усны гэх маш олон хамааралт хүчин зүйлээс шалтгаалан ферритин ихэсдэг гэдгийг судлаачид бичээд эхэллээ.Ингэхдээ ферритин дангаараа цойлоод өндөрсөөд ирдэггүй, саахар, өөх тос, шээсний хүчил гэх мэт багцаараа ихэсдэг байна.Өмнө нь бид зөвхөн нэг л хүчин зүйлийг харж ойлгож байсан бол одоо энэ олон өөрчлөлтийг багцлан бодолцож, эмгэгийг цааш даамжруулахгүй байх, сайнаар яривал буцааж хэвийн байдалд оруулахын тулд иж бүрдлээр эмчлэх ёстой болов. Түүнээс биш ганцхан төмөр  ихсээд, түүнд дангаар нь анхаарал хандуулах нь өрөөсгөл болоод байна.

-Төмрийн илүүдэл байдаг, тэр нь олон өвчний суурь болдог гэж байна.Бид төмрийг чухам хаанаас, юунаас тэгж ихээр аваад байна вэ?

-Төмөр бол дэлхий дээр хамгийн өргөн тархсан таван элементийн нэг.Ялангуяа төмрийн ордтой газрын ундны усны төмрийн агууламж нь байх ёстой хэмжээнээс хэт өндөр байдаг нь тогтоогдсон.Хотжилтын нөхцөлд төмөр ихдэлт их байгаагийн учир нь усны хоолой-трубатай холбоотой гэж үзэх боломжтой.Манайд гол төлөв төмөр хоолой хэрэглэдэг. Улаанбаатар хотын усанд хийсэн судалгаагаар, төмрийн агууламж 0,3 нанограмм байхаас 0,5 гарчээ. Бид зэвтэй ус гарлаа гэж ярьдаг даа, зэвтэй байна гэдэг нь төмөртэй гэсэн үг.Гол ундаргын ус болон крантны усыг шинжлэхэд хоёр өөр байдаг.Тэгэхээр хотын хүмүүс төмөр хоолойгоор дамжсан уусмал төмөртэй ус ууж хэрэглэж байна.Өмнө нь бид архи, махыг л буруутгаад байсан, гэтэл төмрийн агууламж өндөртэй ундны ус ууж хэрэглэснээс шалтгаалдаг юм байна.

Угаалтуур, суултуур шарлаж л байгаа бол тэр усанд төмөр их байгаа гэж АНУ-д анхааруулдаг болжээ.Баруунд усны хоолойг дан зэс болон хуванцраар сольж байна.Шведэд усны бүх хоолойгоо зэс болгосон.Гэтэл манайд төмөр хоолой байсаар л байгаа.Иймд архи, махандаа ч биш, эрчүүддээ ч биш, наад захын ахуйн хэрэглээгээ ч бодох ёстой болж байна.

-Бид өмнө нь 40-өөс дээш насны эрчүүд зэвэрлээ гэж ярьж байсан.Дээрх хүчин зүйлсийг харахад эрэгтэй, эмэгтэй гэхгүй, бас насны тухайд ч эргэлзмээр юм байна.

-Анхаарал татаж байгаа бас нэг асуудал, манай эрчүүдтэй адил 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд төмөр ихсэлт мөн илэрч байна.Ерөнхийдөө 50-аас дээш насныханд эр, эм ялгаагүй ферритин өндөр байна.

Элэгний асуудалтай, В, С вирустэй, архи дарс хэрэглэдэг, 40-өөс дээш насны эрчүүд ферритинээ заавал шалгуулж байх хэрэгтэй. Элгэнд гепсидин гэх уураг  нийлэгждэг. Тэр нь төмөр шимэгдэлтийг хориглож, зохих хэмжээнд барьж багасгадаг зохицуулагч уураг юм.Вирусний, архины гэх мэт ямар ч шалтгаантай бай, элэгний үйл ажиллагаа муудсан үед уг уургийн нийлэгжилт буурснаар төмөр шимэгдэлт эмгэгээр эрс нэмэгддэг байна.Ийн төмрийн илүүдэл хоруу хэлбэрээр үүссэнээр өвчтэй элгэндээ нэмэлтээр сөрөг нөлөө, дарамт үзүүлдэг.“Ойчсон байхад нэмж дэвсээд байхдаа ч яахав дээ” гэдэг шиг юм болдог гэсэн үг.Иймд элэгний асуудалтай хүн ферритинийг заавал шалгуулж байх ёстой.

-Төмөр булчирхайлаг эрхтэнд илүүтэй нөлөөлж байна гэлээ. Үүнийгээ илүү дэлгэрүүлэн тайлбарлавал?

-Төмөр нь булчирхайлаг эд эрхтэнд суух их дуртай юм байна.Бид бамбай булчирхай, дотоод шүүрэл, нойр булчирхай мууджээ, бие сульдаад ядраад гэж мэддэг, оношлуулдаг.Гэтэл энэ нь ферритинээс шалтгаалдаг гэдгийг ойлгодоггүй.Тодруулбал, эрчүүдийн төмсөг нь булчирхайн эрхтэн.Ферритин ихдэлтийн улмаас бэлгийн дуршил муудаж, дур хүсэл буурч, чадавх суларч, үр тогтоох чадвар мууддаг, харин эмэгтэйчүүдэд өндгөвчинд олон уйланхай-киста үүсгэх, мөн бэлгийн дур хүсэлгүй болгох гэх мэт.Хүмүүс ферритинийг зөвхөн төмөр гэдэг талаас салангид нь авч үзээд байна.Энэ далд, үндсэн суурь шалтгааныг шалган илрүүлэхгүйгээр саахар-диабет, бамбай, элэгний эмгэг, ядрах, бие сульдах мэтийг өнгөц харж, оношилж эмчлэх нь явцгүй.

-Манайд нэг үеэ бодвол цусан дахь төмрийг үздэг болсон байна билээ?

-Ферритин гэдгийг сүүлийн 10-аад жил клиник биохимийн лабораторид үздэг болсон.Олон газар, ялангуяа элэгний төвүүд далд байгаа төмөр ихдэлт гэж айхтар юм байдаг, тэр нь элгэнд муу гэдэг ойлголт авсан байна.Мөн диабетын эмч нар ферритин шалгадаг болж.Мөсөн уулын 10 хувь нь цухуйж, 90 хувь нь доороо байдаг гэдэг шиг ферритин нь харагдахгүй байгаа олон далд шалтгаан, эмгэгийн үндэс болдгийг нэлээд нь ойлгоод ирлээ.

Ташрамд дурдахад, ферритин ихсэлт нь инсулинд тэсвэржилтэд бас нөлөөлдөг.Товчдоо, диабет үүсээгүй үед инсулинд тэсвэртэй болоод, инсулин нь үйлчлэхгүй болчихож байгаа юм.Нойр булчирхай нь инсулин ялгаруулаад байгаа боловч инсулин нь сахараа задалж чадахгүй, өөрөөр хэлбэл, инсулинээ тоохоо больчихдог гэсэн үг.Энэ нь сахар ихдэх нийт эмгэгт түгээмэл байх бөгөөд нөгөө талаар диабет өвчний урьдал далд үе болж, яваандаа диабет өвчин бодитоор цогцолдог.Одоогоор диабетгүй гэж байгаа ч инсулинд тэсвэржилттэй хүмүүс нэлээд байна.Иймд ферритинийг эрт оношилж, хэвийн хэмжээнд байлгах ёстой.

-Та яриандаа төмөр, ферритин гэж хоёр янз яриад байгааг хүмүүс анзаарч байгаа байх.Ферритин гэж яг юу юм бэ, төмрөөс юугаараа ялгаатай вэ гэдгийг тайлбарлаж өгөөч?

-Ферритин гэдэг бол ерөөсөө л төмөр агуулсан уураг юм шүү дээ.Төмөр, эсвэл ферритинийг тодорхойлох нь хоёр өөр асуудал бөгөөд хоёр өөр нөхцөлийг илэрхийлдэг. Төмөр-iron гэхээр зөвхөн цусанд сул урсаж байгаа ганц хоёр төмрийн  молекулыг л илэрхийлнэ. Гудамжинд явж байгаа цөөн хэдэн хүнийг харчихаад, байшин дахь хүмүүсийг тоолохгүйгээр энэ хотод тэдэн хүн амьдардаг юм байна гэж тоолж болохгүйтэй адил гэсэн үг.Ингэхээр төмөр агуулсан уураг буюу ферритинийг шалгаж, хэр их төмөр овоолж нөөцөлчихөөд байгааг тодорхойлж байж тогтооно гэсэн үг.

-Тэгвэл бид шинжилгээ өгөхдөө цусан дахь төмөр буюу феррум биш ферритин гэх уургийг үзүүлэх нь зөв үү?

-Яг тийм.Цусны феррум гэдэг бол зөвхөн төмөр-iron дангаараа юм.Харин ферритин гэдэг нь төмөртэй холбогдсон уураг, өөрөөр хэлбэл төмрийн агуулах-склад гэсэн үг.Тэр холбогдсон төмрийг шалгаж байж бид төмөр ихдэлт хэр байна гэдгийг хэлнэ.Тэрнээс биш зөвхөн цусан дахь төмөр-феррум үзүүлчихээд хэвийн, төмөр ихдэлтгүй гэсэн буруу дүгнэлт хийж болохгүй.

Би одоо “Сан медикал центр” эмнэлэгт ажиллаж байна.Саяхан нэг үйлчлүүлэгч цусан дахь төмөр-Fe (феррум) үзүүлсэн шинжилгээгээ бариад ирлээ.Харахад бол жин багатай, спортлог, эрүүл хүн.Төмөр нь хэвийн гарсан байв.Нэгэнт зохих шинжилгээ хийлгээгүй байсан учир цусан дахь ферритинийг шалгуулав.Шинжилгээнд хэвийн үедээ 150 байх ёстой ферритин 600 гарсан байв.Ингэхэд ферритиний ихсэлтийг үйлчлүүлэгчийн гаднах байдлаас нь болон ердийн төмөр үзсэнээр илрүүлэх боломжгүй гэдэг нь харагдаж байна.Судсанд дэл сул явж байгаа төмөр биш, цаанаа агуулахад, энд тэнд уурагтай холбогдсон, нуугдмал нөөцлөгдсөн төмөр буюу ферритинийг тодорхойлох ёстой юм.

Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд сахар, өөх тос, элэгний фермент, бөөрний үйл ажиллагааны зарим үзүүлэлтийг үзэж байна.Элэгний ферментүүд өндөрссөн тохиолдлын нэлээд нь ферритин ихсэлттэй холбоотой байв.Иймд ферритинийг шалгах шаардлага зайлшгүй болж байна. Ферритин нь маш чухал хэрэгтэй үзүүлэлт, ферритинийг шалгаснаар  олон эмгэгийг эрт илрүүлж сэргийлэх боломжтой юм.

-Эмчилгээний хувьд цус ханахаас өөр эмчилгээ байхгүй гэж үү?

-Цус ханах гэдэг нь анагаахын утгаар бол цус авах гэсэн үг.Ферритин ихсэлт байвал цус ханах нь зөв гэдэг дээр эмч нар санал нэгдсэн.Одоогоор үүнээс өөр үр дүнтэй, олигтой эмчилгээ байхгүй.Төмөр ихсэлтийн үед хэрэглэх десферал гэх эм байдаг боловч хэрэглэхэд зохимж тааруу, гаж нөлөө ихтэй, хэт өндөр үнэтэй байна.Ер нь ферритин гэдэг уургийг 2010 оны үеэс анагаах, клиникт өргөн тодорхойлж анхаардаг болсон, харьцангүй шинэ ойлголт.Одоогоор  судалгаа шинжилгээний эрчимтэй үе шатанд байна. Тодорхойгүй, маргаантай, сонирхолтой асуудлууд ч нэлээд байгаа.

-Цус ханах эмчилгээг хаа сайгүй хийдэг болчихлоо. Уг нь цус ханахад учир бий байх?

-Үнэн. Ферритиний талаар уншиж ойлгоогүй, анагаахын мэдлэггүй хүмүүс далимдуулаад байж болохгүй.Хүмүүс хануулах сайн юм гэнэ лээ гэхээр цус ханадаг нөхөд олшров.Хануур самнуур, цус ханах сайн гэдэг нэрийн дор тэд өвчтөнүүдээс 40-50 мл ихдээ 100 мл цус авч байх шиг байна, түүнийгээ цус ханасан гэцгээж байна.Тан уулгаж цусны төмрийг нэг дор бөөгнүүлнэ, ялгана гээд бурж байна.Хонины хашаанд хашиж байгаа юм шиг нөгөө төмөр нь дангаараа нэг судас, хэсэгт очиж цугларч бөөгнөрнө гэж байхгүй.Ферритин үнэхээр өндөр байгаа бол бид шинжилгээний нилээд үзүүлэлтийг харьцуулан дүгнэж, цус ханах зохистой хэмжээг тооцож цус ханадаг.Тэгж байж сая үр дүн гарна.

-Цус авснаар организм дутагдалд орохгүй юу?

-Мэдээж цус багадалттай, уургийн дутагдалтай, элэг бөөрний эмгэг хүндэрсэн шатандаа байгаа хүнд өвчтөнд цус ханах эмчилгээ хийдэггүй, хийх ч ёсгүй.Цус ханахад уураг болон цусны түр зуурын өнгөц багадалт гарна.Гэхдээ ферритин ихдэлттэй ердийн хүний цусыг ханахад организмд уургийн дутагдал болон цус багадалт үүсдэггүй, харин ч сэргэдэг.Төрсөн эмэгтэйг царай нь шингэрч, гийгээд гоё болчихож гэж ярьдаг даа.Энэ нь зогсонги төлөвт байсан цусны төлжилт сайжран шинэчлэгдэж, бодисын солилцоо эрчимжсэн хэрэг.

-Хүмүүсийн дунд цус багадалт, төмөр дутагдал гэх ойлголт түгээмэл. Төмрийн дутагдлын талаар та юу хэлэх вэ?

-Төмөр дутагдал үүсэх нь нилээд олон шалтгаантай.Гэхдээ ихэнх нь хоол хүнс, гэдэс ходоодны шалтгаантай байдаг.Ходоод тааруу үед, ходоодны хүчил багасахаар төмрийн шимэгдэлт мууддаг.Энэ үед төмрийн дутагдал хоёрдогчоор үүссэнээс болж цус багадалт үүсэж болно.Төрөх насны залуу эмэгтэйчүүдэд төмрийн дутагдал цөөн тохиолддог.

Та нар санаж байвал, долоон жилийн өмнө  монголчууд  “Баяжуулсан гурил” гэх төмөртэй гурил идсэн дээ. Төрөх насны цөөн эмэгтэйд төмөр үзсэн болоод төмрийн дутагдлыг нөхөхийн тулд гурилыг баяжуулна гэж гаргасан, тэр нь төмөржүүлнэ гэсэн үг.Нэг хэсэг давсыг иоджуулсан шиг төсөл юм даа.Би тухайн үед үүнийг эсэргүүцэж л байсан.Тэр нь төрөх насны, цөөхөн, цус багадалттай эмэгтэйчүүдэд хэрэгтэй болохоос биш, хүмүүст нийтэд хэрэгтэй байгаагүй, харин ч аюултай байсан юм.Одоо тийм гурил байхгүй байлгүй дээ.

-Нэгэнт цус ханах талаар ярьсных тодруулаад асуучихъя. Ялангуяа ковидын дараа цус өтгөрөлтөөс сэргийлэх, шингэлэх талаар маш их ярьдаг болжээ.Цус ханах нь өтгөрсөн цусыг шингэлэхэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Цус бүлэгнэх нь биологийн маш нарийн процесс.Аливаа үрэвсэлт өвчин, вирусийн халдвар, ковидын үед цусны бүлэгнэлт эмгэгээр идэвхжиж, маш их бүлэгнэлт, бөглөрөлт үүсгэж байна гэнэ.Цус шингэрүүлэх эм эмнүүд нь наалдах, бүлэгнэх процессыг саатуулж бүлэгнэлтийг бууруулдаг.Харин бидний ярьж байгаа цус ханалтын үед организм физикийн зарчмаар өөрийгөө шингэлдэг.Тодорхой хэмжээний цус авчихлаа гэхэд биологийн тогтмолын хуулийн дагуу, организм 1-2 цагийн дотор ходоод гэдэс болон эд эсээс шингэнийг татаж, яг тэр алдсан эзлэхүүнээр нь судсанд оруулан шингэнээ нөхдөг.Цус ханасны дараа дусал хийж нөхдөг тал бий, ердийн аргачлалаар бол хоёр аяга ус уулгачихдаг.Энд цусны өтгөн болон шингэний харьцааг жинхэнэ физик утгаар нь өөрчилж, эзлэхүүний шингэлэлт хийгдэж цус шингэрч байгаа хэрэг.Өтгөн сироп жүүсийг бид ус нэмж шингэлж уудагтай адил гээд ойлгочих.Хэрэв цус багадалтгүй л бол цусаа шингэлье гэвэл хануулснаар бодитоор шингэлнэ.

-Ер нь цус ханаснаар биед ямар ач холбогдолтой байна вэ?

-Олон талын маш өндөр ач холбогдолтой юм байна.Цус ханаснаар нийт уураг, цусны элемент зэргийг тодорхой хэмжээгээр түр зуур бууруулж байгаа хэрэг.Эмгэг илүүдэл нийлэгжилт, (өөх тос, шээсний хүчил, сахар, төмөр гэх мэт) хуримтлалд дарагдан царцанги хөшингө байдалд орсон бодисын солилцоо нь цус ханасны дараа шинэ нөхцөл байдал үүссэний улмаас алдсан уураг болон бүтцээ нөхөн үйлдвэрлэхийн тулд илүүдэлтэй байгаа хоруу бүтцээ задалж, бодисын солилцоог сэргээж, шинэ зөв гольдролд оруулснаар цус төлжих, эрүүлжих процесс явагддаг юм байна.Энэ бол маш хэрэгтэй, чухал үйл явц.Биед хэт илүүдэлтэй хуримтлагдсан, хаашаа ч зайлж чадахгүй, эмгэг үүсгээд байгаа өөх тос, шээсний хүчил, саахар, ферритин гэх мэтийг гэнэт механикаар, бодитоор авч зайлуулснаар ямар ч эмийн эмчилгээтэй харьцуулашгүй хурднаар тэдгээрийг богино хугацаанд үр дүнтэйгээр бууруулдаг болно.Тэгэхээр бид нэгэн зэрэг, нэг ханалтаар илүүдэл өөх тос, шээсний хүчил, сахар, ферритин зэргийг мэдэгдэхүйцээр (цөм авлаа гэдэг шиг) бууруулдаг болно.Цус ханаснаар зөвхөн ферритинийг бууруулаад зогсохгүй диабет, тулай, таргалалт, булчирхайн болон үе мөчний эмгэгүүд, эрт хөгшрөлт зэргийг маш амар хялбар, хямд аргаар эмчилж сэргийлж буй хэрэг.Ийм учир хүн төрөлхтөн эртнээс цус ханах эмчилгээг хийдэг байжээ.Ханалтын үндсэн зорилго нь ферритинийг бууруулахын тулд хийгдэж байгаа боловч цус ханалт нь бүхэлдээ олон талт эрүүлжүүлэх үйлдэлтэй эмчилгээ юм байна.Түүнийг бүрэн бүтнээр, бүхэлд нь тайлбарлах боломжгүй юм.

ЯРИЛЦСАН Л.ТУНГАЛАГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...