Thursday, June 18, 2026

А.Эрдэнэ-Очир найрагчийн хос номын нээлт боллоо

Date:

Хайрын шүлггийн “Цагаан-Уул” наадам энэ жил Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болон зохиогдож гэгээн хайрын өдрөөр шилдгийн шилдэг яруу найрагчдаа тодруулсан. Харин өнөөдөр Арлааны Эрдэнэ-Очир найрагчийн хос номын нээлт болов. Монголын яруу найргийн 1990-ээд оныхон гэдэг нэгэн үеийн онцгой содон төлөөлөгч энэ эрхэм найрагчийн яруу найраг, дурсамжийн хоёр ботийг гэр бүл, үр хүүхдүүд нь, үзэг нэгт анд нөхөд, яруу найрагч хайртай хүмүүсийн чин сэтгэлийн дэмжлэг туслалцаатайгаар хэвлэн гаргаж, уншигчдын гар дээр тавьж буй аж.

Номын нээлтэд Монгол Улсын Ардын жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Г.Равдан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дарь.Сүхбаатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч М.Эрдэнэбат, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа, яруу найрагч, орчуулагч Б.Хишиг-Ундрал, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Амархүү, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва зэрэг уран зохиол, яруу найраг, ном, соёлын ертөнцийн эрхэм хүмүүс цугласан байв. А.Эрдэнэ-Очир найрагчийн хүү Э.Цагаан-Уул, Э.Мөнх-Уул, Э.Энх-Уул нар аавынхаа номыг эмхэтгэн цэгцэлж ботилсон аж. Энэ тухай ууган хүү Э.Цагаан-Уул нь “Аавынхаа номыг хамгийн сайнаар хийх гэж хичээлээ. Олон хүний сэтгэлийн дэмжлэг туслалцаатайгаар энэ ном бүтсэн. Би одоо 30 настай. Аав минь 30 настайдаа “Болор цом” авч байсан. Аавынхаа энэ насан дээр ирэхээр, аавын хүү байх гэдгий утга учрыг ойлгож, ачааг үүрэх ёстойг ухаардаг юм байна” гэлээ.

Ардын жүжигчин Г.Равдан А.Эрдэнэ-Очир найрагчтай МҮОНР-д хамт ажиллаж, түүний санаачилгаар нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатарын “Огторгуйн цагаан гарди” алдарт бүтээлийг уншиж аудио хэлбэрт оруулж байснаа дурсаж, “Маргаашийн хорвоо” шүлгийг нь уншиж мялаалга өргөв. Олон хүн Арлааны Эрдэнэ-Очир найрагчийн тухай халуун дотно дурсамжаа хуваалцаж, сэтгэлийн үгээ хэлсэн номын нээлт өргөн дэлгэр сайхан боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг...

“Чингис хаан баялгийн сангийн нэгдэл” Казахстаны талтай байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахаар тохиролцжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

Малчны тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий...

Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын...