Нийслэл Улаанбаатар хотын автомашин жилд 90 орчим мянгаар нэмэгддэг. Бүртгэлтэй автомашин нь 596 мянга. Нийслэлийн хүн ам 1.5 сая. Гурван хүн тутмын нэг нь автомашинтай гэсэн үг. Энэ хэвээрээ байвал тун удахгүй хүнээсээ олон машинтай болох нь. Тэр цагт Улаанбаатар тэг зогсолт хийнэ. Авто замууд нь авто зогсоол болж хувирна. Үүнийг урьдчилан тооцсон судалгаа бий. Японы олон улсын ЖАЙКА байгууллагаас гаргасан тооцооллоор 2010 онд Улаанбаатарын гудамжаар 35 км/цаг хурдтай явдаг байсан бол 2021 онд 11 км/цаг болж буурчээ. Улаанбаатар хотын автомашины импорт өнөөгийн хурдаар үргэлжлэх юм бол зам дээрх тээврийн хэрэгслийн дундаж хурд 2025 онд 8 км/цаг, 2030 онд 5 км/цаг болж буурна. Улмаар 2040 он гэхэд архаг түгжрэл үүсэж, үндсэндээ Улаанбаатар хотын гудамж “мотортой ширэнгээр” дүүрнэ. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг зогсоно гэсэн үг.
Үүнээс урьтаж юу хийх вэ гэдэгт мэдээж Засгийн газар, хотын захиргаа бодлого, шийдвэрээ чиглүүлж байна. Түгжрэлийг бууруулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж буй. Төсөв хөрөнгө төлөвлөж ч байгаа. Нөгөө талаар түгжрэлийн шалтгаан нөхцөл юу вэ, түүнийг хэрхэн өөрчлөх вэ гэдэгт дата буюу өгөгдөл хариулт өгнө. Баримт үг хэлдэг гэдэг шиг тоо ч бас үг хэлдэг. Дата буюу өгөгдлийг XXI зууны “газрын тос” гэж нэрлэх болсон. “Алибаба” группийг үндэслэгч Жек Ма “Ирээдүйд дата нь хамгийн том үйлдвэрлэлийн түүхий эд болно. Өнөөдрийн ус, цахилгаан, газрын тос шиг өргөн хэрэглээний баялаг болно” хэмээн хэлсэн байдаг. Өгөгдлийн шинжлэх ухаан хэмээх бүхэл бүтэн салбар ч бий болсон. Манай улсад сүүлийн жилүүдэд дата буюу өгөгдлийг ашиглан үнэлгээ, боловсруулалт хийж, тулгамдсан асуудлуудыг шийдэх оновчтой гаргалгааг гаргаж байна. Үүний нэг нь нийслэл Улаанбаатар хотын автомашины болон зорчилтын өгөгдөлд хийсэн шинжилгээ юм. “Хөгжлийн төлөө өгөгдөл” ТББ-ын дэргэдэх Монголын дата клубийн хийсэн уг шинжилгээний үр дүнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн шалтгаан, нөхцөл, өнөөгийн байдал, цаашдын төлөв, түгжрэлийг бууруулах гарц, шийдэл гээд аль алиных нь сэжүүр гарч иржээ.
Шалтгаан нөхцөлийн хувьд мэдээж Улаанбаатарын авто замын багтаамж, даац аль хэдийнэ хэтэрсэн. Гэтэл автомашины тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Ойрын хэдэн жилд 100 мянган шинэ машин Улаанбаатарт бүртгэгдэх төлөв харагдаж байгаа аж. Энэ бол тав, зургаахан жилийн дотор одоо байгаа тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ийм эрчимтэй өсөлтийг гүйцэж авто замын сүлжээгээ өргөтгөх санхүүгийн ч, орон зайн ч боломж байхгүй. Үндсэндээ нийслэл хотын авто замын нөөц бололцоо бараг шавхагдсан. Гэтэл автомашины тоо геометрийн прогрессоор өссөөр байгаа нь өнөөдөр бидний хоолой дээр тээглээд байгаа “яс” юм. Өнөөдөр байгаа автомашины тоог харах юм бол Улаанбаатар шиг дахиад хоёр хот байгуулах хэрэгцээ бий болчихоод буй. Хүн, нийгмийн аливаа хэрэгцээг урсгалаар нь өсөн нэмэгдүүлж, түүнийг бүрэн хангана гэдэг боломжгүй. Харин хэрэглээгээ зохицуулж, танаж, аль болох минималст хандлага төлөвшүүлэх, ухаалаг шийдэл, зохицуулалт хийх ёстой. Автомашины хэрэглээ ч тийм. Хүн бүр хөл дүүжлэх унаатай болохсон гэдэг энэ сэтгэлгээ, хандлага магадгүй нүүдэлчин монголчуудын онцлог байх. Хөл дүүжлэх унаа нь сүргээсээ бариад унах агт морь байдаг хөдөө ахуйн сэтгэлгээгээр суурин соёл иргэншлийн хэрэглээгээ хангах гэсээр сая гаруй хүнтэй том хотын хүн бүр автомашинтай болоход ойртжээ. Үүнээсээ болоод түгжрэлд хамаг цаг зав, мөнгө, нервээ барж, ажлын бүтээмж, боломжоо алдах болов. Хөл дүүжлэх унаа нь хөл туших болсон хэрэг л дээ.
Монголын дата клубийнхний өгөгдөлд хийсэн шинжилгээгээр Улаанбаатар хотын автомашины тоо өсөхөд ДНБ, иргэдийн орлого, санхүүгийн үйлчилгээний боломж, орон сууцны барилгажилт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа дүр зураг харагджээ. Автомашины насжилт, чанарыг худалдан авалттай нь холбон үзэхэд хуучин автомашины худалдан авалт өндөр байх жишээтэй. Эндээс түгжрэлээс гадна Улаанбаатарын агаарын бохирдлын нэг гол эх үүсвэр бол автомашин гэдэг нь ч харагдана. Улаанбаатарын автомашины тоо нэг сая даваад ирвэл бид гэр хорооллын утаа бус машины утаатай тэмцэх гэж арга чаргаа барахад хүрнэ.
Түгжрэлийг бууруулахын тулд олон түвшний огтололцол бүхий авто зам барих, агаарын дүүжин тээвэр, тусгай замын автобус нэвтрүүлэх, дугаарын болон нэвтрэх бүсийн хязгаарлалт зэрэг шийдлүүд байж болно. Гэвч энэ бүхнийг хийлээ гээд нэг жилд импортоор орж ирэх автомашины тоо 100 мянга руу “хурдалж” байгаа нөхцөлд түгжрэл буурахгүй. Үерийн усыг алгаар хааж тогтоож болохгүйн адил автомашины импортын энэ их урсгалыг зам, гүүр төдийгөөр аргалах аргагүй. Тиймээс таван хошуу малаас ч хурдан өсөж үржиж буй автомашины тоо толгойг хязгаарлахаас өөр гарц үгүй. Өөрөөр хэлбэл автомашины импортын урсгалд тодорхой хэмжээгээр хаалт, хориг, зохицуулалт, хөшүүрэг хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын автомашины болон зорчилтын өгөгдөлд хийсэн дүн шинжилгээгээр ч ийм л гарц, гаргалгаа харагдаж байгаа аж. Шинжээчид автомашины импортын бодлогыг боловсронгуй болгох, тэр тусмаа хуучин машины импортыг бууруулах хэрэгтэйг онцолжээ. Түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлого, алхам энэ байж мэднэ. Үүнтэй зэрэгцээд нийтийн тээврийн парк шинэчлэлт, үйлчилгээны чанар, эргэлтийн хурд зэргийг сайжруулж, оновчтой болгох, ажилчдын болон сургуулийн автобусны тоог нэмэх зэргээр аль болох хүн бүр хөл дүүжлэх унаатай байх хандлагаас татгалзуулах шийдлүүд үр дүнтэй.
Автомашины импортод бодлого, зохицуулалт хэрэгтэй
Нэгээс 1.5 машинтай өрхүүдийн дийлэнх нь Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байна. Хоёр машинтай өрхүүд ихэвчлэн Сонгинохайрханы 22, Баянгол дүүргийн 1, 4, Хан-Уулын 11 гэх мэт хороодод байна. Гэтэл хоёроос дээш машинтай өрхүүд Хан-Уул дүүргийн 15-р хороонд хамгийн олон байх жишээтэй. Энэ хорооны оршин суугчид худалдан авах чадвар өндөртэй. Ер нь нийслэлийн өрхүүдийн дийлэнх нь нэгээс илүү машинтай байгаа нь харагдсан. Хамгийн олон машинтай буюу 5000-аас олон автомашинтай нь Хан-Уул дүүргийн 11, Баянзүрх дүүргийн 26, Хан-Уулын 11, 15, Баянзүрхийн 4,5,8,16,25,26, Баянголын 6 зэрэг хороод байна. Үүнийг харахаар сүүлийн 10 гаруй жил эрчимтэй барилгажсан бүсүүд байгаа. Сонгинохайрхан дүүргийн алслагдмал хороодоо бол автомашины нягтрал байхгүй. Эндээс барилгажилт автомашины тоонд нөлөөлж байна гэсэн таамаглал, ажиг, сэжиг гарч байгаа юм.
Хуучин автомашины худалдан авалт өндөр байна
Нийслэлд бүртгэлтэй автомашины ердөө 13.1 хувь нь 10-аас доош жилийн насжилттай. 47.9 хувь нь 16-аас дээш жилийн насжилттай байна. Жил ирэх бүр автомашины худалдан авалт нэмэгдэж байгаа ч шинэ биш хуучин автомашины худалдан авалт тэлсээр байна. Энэ нь эргээд хүрээлэн буй орчин, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй тул автомашины чанарт анхаарч, хуучин автомашины хэрэглээг бууруулах сонголтыг дэмжих нь чухал байна.