“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг Цагаан сарын өмнө олго гэжээ. Энэ бол сүүтэй үнээгээ алж идье гэж байгаатай яг адилхан. Үнээгээ улам сайн тэжээгээд арвин их сааль сүү авч, цагаан идээ боловсруулахаас залхуураад хөөрхийг заазанд явуулж, нэг удаа цадталаа тарган мах идэх нь олон хүнд таалагдах байх л даа. Тэгээд маргаашнаас нь эргээд л өлсөж эхэлнэ. Тэр цагт алсан үнээнийхээ арьсыг арав хуваагаад ч нэмэргүй л болно вий. Уйлахад нэгэнт оройтсон байна. Ийм болохгүйн тулд бодолтой, бодлоготой, болгоомжтой хандах нь зөв. Угаасаа хууль, журмаа л дагах ёстой. Тэрнээс биш парламентын танхимд популизм хийж суугаа зарим гишүүн 1072 хувьцааны ногдол ашгийг Цагаан сараар тойрогтоо тараадаг хэвийн боовныхоо хачир болгох гэж санаархаж байгаа нь нууц биш. Бүр хоржоонтой нь нүүрсний хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдээс энэ санал, санаачилга анх гарсан аж. Тэд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний далбаан дор УИХ-ын тогтоолын төсөл санаачлан оруулж ирж “сэвсэн” нь ийнхүү нийгэмд оч хаяв. Саалийн үнээгээ алж идье гээд олс, дээс төхөөрч суугаагийн цаад үзүүр ийнхүү УИХ-ын танхим руу чиглэнэ.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийг олгох нь хууль, журмын дагуу л явна уу гэхээс хэн нэгэн гарч ирээд хашгирснаар, ард түмний нэр барьж, шоудсанаар болдоггүй. Адаглаад л тухайн компани санхүүгийн тайлангаа эцэслэн гаргаж, аудит хийлгэнэ. Санхүү, татварын талаар жаахан ч гэсэн мэдлэгтэй хүнд бол энэ тун ойлгомжтой, энгийн үйл явц. Аливаа компани, аж ахуйн нэгж өмнөх оны санхүүгийн тайлангаа дараа оны эхний улиралд эцэслэн гаргаж, аудит оруулдаг. “Эрдэнэс Тавантолгой” энэ дагуу л ажиллаж таарна. Санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт зэргээ дөрөв, тавдугаар сард ТУЗ болон хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулна. Компанийн өр төлбөр, санхүүгийн тайлан зэрэгт үндэслэн ногдол ашиг хуваарилах эсэхийг Засгийн газар шийднэ. Сангийн сайд 1072 хувьцааны ногдол ашгийг олгох асуудлыг ирэх дөрөв, тавдугаар сард ярина гэсэн нь ийм учиртай.
Тэгэхээр Цагаан сарын өмнө ногдол ашиг тараа гээд байгаа нь нэгдүгээрт, цагаа олоогүй шаардлага. Хоёрдугаарт, хууль, дүрэм, журмаа зөрч гэсэн зүй бус шахалт. Гуравдугаарт, хамгийн хортой нь энэ бол эдийн засгийн тооцоо, судалгаа, өнөөгийн бодитой нөхцөл байдалд тулгуурласан бодит санал, санаачилга бус богинын зайд олон нийтээс нэмэх оноо авах гэсэн, ашиг хонжоо хайсан улс төржсөн акц. Тиймээс цаг нь болоогүй ногдол ашгийн төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй л гэж хэлмээр байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажилласан тул ногдол ашиг олгох ёстой л гээд байгаа юм билээ. Гэтэл энэ компани өнгөрсөн хоёр, гурван жил цар тахлын хүнд нөхцөлд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шахмал түлшний үнэ болон цахилгаан, дулааны төлбөрийг даасан. Энэ бол ногдол ашиг олгож, гар дээр нь бэлэн мөнгө тавьснаас илүү том дэмжлэг болсон.
“Эрдэнэс Тавантолгой” гэдэг саалийн үнээ өнгөрсөн жилүүдэд улстөрчид, эрх мэдэлтнүүд, нүүрсний бүлэглэлийнхэн гээд олон толгойд гувшуулсан. Олон арван оффтейк гэрээ, шууд гэрээ, элдэв хэрэглээний зардлыг санхүүжүүлсэн. Оффтейк гэрээнүүдийн мөнгөн дүн нь л гэхэд 19 их наяд төгрөг. Мөн өнгөрсөн жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад нийт 3:4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Дээр нь энэ компани Засгийн газрын хэд хэдэн бондын томоохон мөнгөн дүнтэй өрийг төлөх үүрэг хүлээсэн. Ийм тохиолдолд ногдол ашиг тараана гэдэг бараг боломжгүй. Тараасан ч нэгж хувьцааных нь үнэ арван төгрөгт ч хүрэхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл нэг иргэний 1027 хувьцааны ногдол ашиг 10 мянган төгрөгт хүрэхгүй байх магадлал өндөр юм билээ. Ийм мөнгийг иргэддээ тараагаад ядуурлаас нь гаргалаа гэж шоудах нь улстөрчдөд л ашигтай байх. Түүнээс биш эдийн засгийн хувьд бол хямрал. Нүдэндээ хуруугаа хийсэнтэй л адил үйлдэл.
Эцэст нь хэлэхэд, хэвлэлийн бага хурал хийж, шаардлага тавьсан иргэд Үндсэн хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааныхаа ногдол ашгийг өгөх ёстой гэсэн байна лээ. Гэтэл Үндсэн хуулийн энэ хоёр заалт шууд ногдол ашиг олгох тухай зохицуулалт биш юм. Уг зүйлд “…газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн байгаа.
Тэгэхээр Үндсэн хуулийн нэр барьж Үндсэн хуулийн бус шаардлага тавих нь хэр зохистой вэ. Биелүүлэх боломжгүй зүйлийг шаардах, эсвэл тийм зүйл амлах зэрэг нь популизмын гол шинж гэдэг юм билээ.