Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийн нэг нь “Агаарын дүүжин тээвэр” хэмээн дөрвөн жилийн өмнө зарлаж байлаа. Уг төслийг хэрэгжүүлэх Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа 2021 оны долдугаар сард байгуулагдсан юм. Төслийн нэгж байгуулагдсанаас хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Францын “Пома” групп рүү 16.2 тэрбум төгрөг “Эжис рэйл” ХХК руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл “Шилэн данс” системд бий. Харамсалтай нь төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнгүй. Тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Амарсайхан 2021 оны зургадугаар сарын 01 гэхэд Агаарын дүүжин тээвэр ашиглалтад орно гэж мэдэгдэж байсан нь агаарт замхраагүй, хэвлэлийн хуудаснаа дурайж буй. Тэрбээр эдүгээ Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотын агаарын дүүжин тээврийн төсөл хэрхсэн талаар сэтгүүлчийн асуултад Шадар сайд С.Амарсайхан,
-Уг нь ашиглалтад орсон байх ёстой. Харамсалтай нь хариуцаж байсан хүмүүс нь сонгуулиас болж солигдоод ажлаа “мэдэх мэдэхгүй, хийнэ хийхгүй” гэдэг янз янзын улс төрийн шалтгаан байсан. Гэхдээ Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон учраас одоо ажил нь идэвхтэй явж байгаа. 20 тэрбум төгрөг шилжсэн гэх асуудал байдаг . Энэ нь Францын гүйцэтгэгч компани, Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу гүйцэтгэгч компанид урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гэдэг. Энэ бол хотын захиргаанаас биш Сангийн яамнаас шилжсэн мөнгө. Төслийн гүйцэтгэх шатанд зориулж шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгсөн. Угтаа энэ төсөл цаг хугацааны дагуу явсан бол 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон байх ёстой. Одоо ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Бидэнд өгч буй мэдээллээр ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар төслийн нэгжээс мэдээлэл өгсөн” гэжээ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг өнгөрсөн намар мэдээлэл өгөхдөө, “2020 оны наймдугаар сард Франц, Монголын талаас гэрээ зурахдаа дүүжин тээврийн эхний чиглэлийг тодорхой зааж, хоёр дахь чиглэлийг нээлттэй орхисон. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон чиглэлийн хувьд ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч ирсэн. Уг чиглэлд маш олон гэр хорооллын дээгүүр явахын дээр барилга угсралт, газар чөлөөлөлтөд төвөгшил их гарч, иргэдийн зорчилт тааруу байхаар судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргасан. Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна. Нэгдүгээрт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байна. Нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-г боловсруулаад дуусаж байна. 2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм” гэж байв.
Энэ мэтээр албан тушаалтнууд дүүжин тээврийн төсөл хэрэгжиж байгаа, яг баригдах гэж байгаа гэх өнгө аястай мэдээлэл өгсөөр дөрвөн жилийн нүүр үзлээ. Улаанбаатарт 2017 он гэхэд метро барина гээд хэрэгжээгүй шиг, 2021 он гэхэд нийслэлд гэр хороолол байхгүй болно гэдэг амлалт шиг Агаарын дүүжин тээвэр мөн л эрх баригчдын хоосон амлалт, популизм болоод өнгөрөв үү. Дүүжин тээвэр хэмээх даажин тохуурхал байв уу. Ямар ч байсан ирэх жил дүүжин тээвэр ашиглалтад орно гэдгийг Шадар сайд тов тодорхой хэллээ.