Tuesday, November 26, 2024

П.Ганхүү: Боомтын төмөр замуудыг долдугаар сард ашиглалтад оруулна

Date:

Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд энэ жил илүү эрчимжинэ. 2022 онд Зүүнбаян-Ханги, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замууд ашиглалтад орсон бол энэ онд Арцсуурь-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Эхний ээлжид дээрх боомтуудыг Хятадын талын боомттой холбох төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр хэлэлцээ хийж эхэлсэн байна. Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Ганхүүгээс тодрууллаа.  

-Монголын төмөр зам компани өөрийн 100 хувь эзэмшиж байгаа Тавантолгойгоос Зүүнбаян орох төмөр замын тухай товчхон хэлье. Энэ 416 км зам баригдаад дууссан. Төмөр замын холбоо, дохиолол гэж аюулгүй байдлын хамгийн чухал систем байдаг. Галт тэрэгний аюулгүй ажиллагааг хангадаг энэ системийг Солонгосын компани 2022 онд угсарч дуусгасан. Арванхоёрдугаар сарын 25-нд техникийн комисс ажиллаж, тодорхой заавар өгсөн. Энэ дагуу бид ажиллаж байна. Энэ 416 км төмөр зам Цогтцэций дээр нэг өртөөтэй. 60-70 км зайтай зургаан зөрлөгтэй. Одоо энэ дээр үндсэндээ ажлууд хийгдээд дууссан. Удахгүй энэ замыг иж бүрнээр нь улсын комисс хүлээж авна. Дутуу ажил нь мал, амьтнаас хамгаалах хориг хашааны ажил байгаа. Энэ бол санхүүжилтийн асуудлаас гадна БОАЯЖ-наас шалтгаалах асуудал бий. Учир нь төмөр замын хоёр хажуугаар битүү тор хийхээр стандартын шаардлага хангахгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Тавантолгой-Зүүнбаянггийн зам дээр туршилтын тээвэр өнгөрсөн жилээс явчихсан. Зүгшрүүлэх тээвэрлэлтийг нь өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлснээр 2022 он дуустал 729.5 мянган тонн ачааг тээвэрлэсэн. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлинг 121.2 мянган тонн, экспортын нүүрс 136.7 мянган тонн, орон нутгийн тээвэр, хоосон чингэлэг гэх мэт 35.8 мянган тонн, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 436 мянган тонныг тус тус тээвэрлэсэн.

Хамгийн сүүлд Зүүнбаянгаас Ханги чиглэлийн 239 км төмөр замын MTL компани богино хугацаанд хийж дуусгасан. Энэ төмөр замын дөрөвний нэг орчим буюу 56 км-ынх нь дээд биеийн угсрах ажлыг “Монголын төмөр зам” компани өөрсдийнхөө ажилтан, техникээр гүйцэтгэсэн. Тусгай тоног төхөөрөмжөөр өргөж чигждэг ажлыг хийсэн гэсэн үг. Энэ ажлын тоног төхөөрөмжүүд зөвхөн “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам” компаниудад л байгаа. “Бодь” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьсан. Тус компани манай техникийг түрээслээд, манай ажилтнууд зөвлөгөө өгч энэ замыг барьсан.

Энэ жилийн хувьд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар таван сая тонн ачааг тээвэрлэнэ гэж тооцсон. Түүний нэг хэсэг нь Тавантолгойгоос Зүүнбаян чиглэл рүү 300 км яваад урагшаа Ханги руу салж байгаа. Тавантолгойн нүүрс энэ маршрутаар 500 км яваад Ханги-Мандалаар хил гарна гэсэн үг. Нийтдээ гурван сая орчим тонн нүүрсийг энэ маршрутаар тээвэрлэнэ. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлээр 2.8 сая тонн, Тавантолгой-Зүүнбаян чиглэлээр дамжин Замын-Үүд-Эрээнээр нэг сая тонн нүүрс экспортолно. Мөн Улаанбаатар хот руу 500 мянган тонн мидлинг тээвэрлэх юм. Ийм тооцоололтой байгаа. Тавантолгой-Гашуунсухайтын зам дээр аль аль дээр нь зүтгүүр дутагдалтай байгаа. Гэхдээ ирэх жил бид таван сая тонн биш арван сая тонн нүүрс гаргана гэж ярих болов уу.

Монгол Улсын Засгийн газраас, Ерөнхий сайдын зүгээс Боомтын сэргэлтийг чухалчилж байгаа. Урагшаа чиглэсэн боомтуудыг төмөр замаар холбож, экспортын гарцаа нэмэгдүүлэхгүй бол эдийн засаг маань 90 хувь нь уул уурхайн экспортоос хамаарч байна. Тиймээс энэ дээр онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. “Монголын төмөр зам” компанид баруун босоо, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын концессыг хэрэгжүүлэх эрхийг өгсөн. Хамтрагчаа сонгох ажлууд эцэслэгдээд явж байна. Баруун босоо чиглэл гэдэг нь Арцсууриас эхлээд Шивээхүрэнгээр гарч байгаа төмөр зам. Дээр нь Шивээхүрэн-Сэхээгийн боомтын зам гээд хоёр тусдаа асуудал яригдаж байгаа. Зүүн босоо чиглэлийн гэдэг нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам юм. Мөн дээрхийн адил Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр зам тусдаа яригдана.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам баригдаад боомтынхоо наана долоон км тулаад зогссон байгаа. Хангийн зам мөн адилхан холболт нь хийгдээгүй байгаа. Зүүнбаян талаас 100 км яваад Хангийн төмөр зам урагшаа салдаг. Ханги боомтод очоод мөн холбоогүй байгаа. Энэ жил эдгээр холболтын цэгүүдийнхээ асуудлыг ярина. Зүүн, баруун босоо тэнхлэгийн том төмөр замаас гадна Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг эхлээд барья гэж байгаа юм. Энэ асуудлаар Хятадын талтай хэлэлцээ хийх Монголын талын байгууллагаар манай “Монголын төмөр зам” ТӨХК-ийг Засгийн газрын арванхоёрдугаар сарын 7-ны тогтоол оор баталсан. Бид Хятадын төмөр замын Бичигт-Зүүнхатавч дээр бол Шинъяаны төмөр замыг, Шивээхүрэн-Сэхээ дээр Хятадын төмөр замын салбар Хөх хотын төмөр замын компани томилогдож ирнэ гэж харж байгаа. Энэ хоёр боомтынхоо төмөр замыг эхлээд барина. Тэгэхгүй бол энэ хоёр чиглэлийн бүтээн байгуулалтад биднээс хамаарахгүй зүйлүүд байгаа. Тодруулбал, Шивээхүрэн дээр Хятадын талд 00 цэг хүртэл 800 метр дутуу байгаа. Бичигт дээр гурван км дутуу байгаа. Энэ хэсгээ Хятадын тал  гүйцээж барина. Манай тал угтуулаад Бичигт дээр 7 км, Шивээхүрэн дээр 13 км барих юм. Эдгээр боомтын төмөр зам аль аль нь өргөн, нарийн царигийн төмөр замтай байх юм. Энэ хоёр боомтын төмөр замыг эхний ээлжид эхлүүлэхээр ЗТХЯ, Гадаад харилцааны яам, ЭЗХЯ оролцоод Хятадын талтай яриа хэлэлцээгээ эхлүүлсэн. Боомтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг “Монголын төмөр зам” компанийн баг хийж байна. Бид өөрсдөө ТЭЗҮ, зургаа хийдэг, мөн өөрсдөө барьдаг, нөөц бололцоо сайтай компани. Боомтын төмөр замыг эхэлж Хятадын талтай тохирч хийгээд долдугаар сар гэхэд тээвэр эхлүүлэх том зорилт тавьсан байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд маш богино хугацаанд шуурхай ажиллана. Гэхдээ энэ 100 хувь биднээс хамаарахгүй. Хятадын талаас тодорхой хэмжээгээр хамаарна.

Боомтын төмөр замууд баригдахтай зэрэгцэн дотоодын төмөр зам барих ажлаа эхлүүлнэ. Зүүн босоо төмөр замын тухайд, Бичигтээс Хөөт чиглэлд 100 км төмөр замыг энэ ондоо барина. Баруун босоо төмөр замын тухайд, Шивээхүрэнгээс Шинэжинст рүү 300 км-ийг барих төлөвлөгөөтэй байна. Боомтын төмөр замд хөрөнгө оруулах, хамтрах компани сонгогдсон. Зүүн босоо төмөр замын холболтын төмөр замыг “East Railroad Consortium” гэх компани барина. Баруун босоо төмөр замын холболтын төмөр замыг “Өсөх зоос” ХХК, “Эс Жи Эс” ХХК, МАК ХХК тэргүүтэй таван компани нэгдэж байгуулсан “Нарийнсухайтын төмөр зам” ХХК барина. Тэд өөрсдөө хөрөнгөө оруулна, манайх хяналт болон тээврийн үйл ажиллагааг хариуцна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...