Monday, November 25, 2024

Жаргал зовлонгийн гэрч жанжны талбай 100 нас хүрлээ

Date:

Сүхбаатарын талбай… Энэ нэрийг, энэ газар хаана байдаг вэ гэдгийг монгол хүн бүр мэднэ. Гэхдээ энэ талбай тойрсон асуудлуудыг тэр бүр мэддэггүй. Одоогоос 102 жилийн тэртээ Ардын журамт цэрэг Хиагтаас Их Хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан дурсгалт газар учраас энэ нэрийг 1921 оноос  “Индрийн талбай” хэмээн нэрлэж байсан гэдэг. Харин 1923 онд Д.Сүхбаатар жанжныг нас барсны дараа түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор уг талбайг Сүхбаатарын индэр хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл Д.Сүхбаатар жанжин цэл залуухан 30 насандаа таалал төгсөж, Монгол Улс Сүхбаатарын талбай гэдэг нэртэй төв талбайтай болоод яг 100 жил болж байна гэсэн үг. Харин Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор буюу 1946 онд морьт хөшөөг уран барималч С.Чоймболын зураг төслөөр барьжээ. Ийнхүү Сүхбаатарын талбай дээр Сүхбаатарын хөшөө сүндэрлэн боссон гэдэг. Энэ бол түүх. Өнгөрсөн 100 жилийн монголчуудын амьдрал энэ талбайтай олон сэжмээр холбоотой. Баярын парад, урлаг спортын тоглолтууд, гашуудлын цуваа, угталтын хөгжим, цагаан морин жилийн хувьсгал, жагсаал цуглаан, хонхны баяр, хуримын ёслол гээд олон мянган үйл явдал энэ талбай дээр өрнөж байсан учраас ийнхүү тодорхойлж байгаа хэрэг. Гэхдээ энэ талбайтай холбоотой хоёр том маргаан дэгдэж, шүүхээр орж, асуудлаа шийдвэрлүүлж байлаа.

Нэгдүгээрт, газрын асуудал. Нийслэлийн ИТХ-ын 2006 оны хоёрду­гаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сүхбаатарын талбайн урд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилгын зориулалтаар 2.5 га газарт “Газар эзэмших эрхийн сонгон шалгаруулалт явуулах тухай” Нийслэлийн Засаг даргын  52 дугаар захирамж гарч байжээ. Хотын А зэрэглэлийн бүсэд усан оргилууртай доороо үйлчилгээний төв барина хэмээн “Ю Би констракшн” компани авч байжээ. Гэтэл “Ю Би констракшн” компани 2017 оны зургадугаар сарын 9-нд Улаанбаатар хотын банктай бизнесийн зээлийн гэрээ байгуулжээ. №ЗГ9101/170609 тоот зээлийн гэрээгээр “Ю Би констракшн” компани Улаанбаатар хотын банкнаас жилийн 18 хувь, сарын 1.5 хувийн хүүтэйгээр 500 сая төгрөгийн зээл авчээ. Өнөөдрийн ам.долларын ханшид шилжүүлэн үзвэл 131 мянган ам.доллар болж байгаа юм. Гэтэл хэдхэн хоногийн дараа буюу 2017 оны зургадугаар сарын 13-нд тус компани мөн л Улаанбаатар хотын банкнаас дөрвөн сая ам.долларыг жилийн 10 хувь, сарын 0.83 хувийн хүүтэй зээл авчээ.Хоёр ч удаа банкны барьцаанд тавюигдсан Сүхбаатарын талбайн газар эзэмших гэрчилгээ гуравдахь удаагаа дахин барьцаалагдаж, 2018 оны зургадугаар сарын 27-нд  “Ю Би констракшн” компани дахин Улаанбаатар хотын банкнаас дөрвөн сая сая 450 мянган ам.долларыг нэг жилийн хугацаатайгаар зээлжээ. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг нийтдээ найман сая 581 мянган ам.долларын зээлийн барьцаанд  тавигдсан гэсэн үг. Нэг газар эзэмших гэрчилгээг гурван удаа барьцаалан 8.6 сая ам доллар зээлж авсан “Ю Би констракшн” гэгч зайтай, сэргэлэн компанийн эзэн нь эцэстээ Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн “сахал” хочит Д.Эрдэнэбилэг болж таарсан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө газар эзэмших гэрчилгээг өөрийнхөө банканд барьцаалаад их хэмжээний мөнгө аваад байсан хэрэг. Энэ мэдээлэл олонд дэлгэгдэж, тухайн үед Хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн газар эзэмшлийн эрхийг 2019 оны дөрөвдүгээр сард цуцлах шийдвэр гаргаснаар энэ талбайн газар бүтэн үлдсэн.

Хоёрдугаарт, Сүхбаатарын талбайн нэр. Одоогоос 100 жилийн өмнө Сүхбаатарын талбай хэмээн нэрлэгдсэн энэ талбайн нэрийг 2013 оны долдугаар сарын 16-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Чингис хааны нэрэмжит болгон өөрчилж байлаа. Тухайн үед Д.Баттулга, Ц.Энхцэнгэл, Л.Нарантуяа, Л.Наранбаатар, Л.Сайнтөгс, Д.Батбаяр нарын зургаан тэргүүлэгчийн саналаар нийслэлийн төв талбайн нэр өөрчлөгдсөн байдаг. Энэ явдлыг тухайн үед МАН-ынхан  эсэргүүцэж шүүхэд гомдол гаргажээ. Тухайн үед жанжны талбайн нэрийг буцааж авахаар МАН-ын хууль, эрх зүйн бодлогын газрын хуульчид болох М.Төрбат, З.Энхболд, Я.Эрдэнэсайхан болон МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар ажиллаж, Д.Сүхбаатарын гучинцар хүү З.Хайдарын нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна. Хуульчдын баг НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн хуралдааны “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайн нэрийг өөрчилсөн нь Монгол Улсын холбогдох хуулиуд, Засгийн газрын шийдвэр, НИТХ-ын хуралдааны дэг болон Д.Сүхбаатарын хамаатан, үр сад болох 300 гаруй хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчсөн гэж үзэн уг шийдвэрийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны гуравдугаар сард шүүхэд гаргаж байсан юм. МАН-ын хуульчид болон жанжин Д.Сүхбаатарын зээнцэр З.Хайдар нарын гаргасан нэхэмжлэлийг шүүх 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  хуралдаанаар хэлэлцэн 847 дугаар тогтоол гаргаж НИТХТ-ийн “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсоноор өнөөдөр Төв талбайн нэр эргэн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болсон түүхтэй.

Энэ талаар хуульч Н.Сүнжидмаа “Энэ шүүхийн маргаанд  МАН-ын хууль, эрх зүйн бодлогын газрын хуульчид болох М.Төрбат, З.Энхболд, Я.Эрдэнэсайхан болон МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нарын хамт оролцож ялалт байгуулснаа нэр төрийн хэрэг гэж боддог. Мөн дээрх маргааныг Германы хуульч, судлаачид онцгой кейс байна гэж онцолж байсныг дурдья. НИТХ-ын Тэргүүлэгчид Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхдөө ямар ямар хууль, журам зөрчсөнийг бид долоон үндэслэлээр гаргаж тавьсан. Бидний нэхэмжлэлийг шүүх 2015 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн  хуралдаанаар хэлэлцэн 847 дугаар тогтоол гаргаж НИТХ-ын Тэргүүлэгчдийн “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсоноор өнөөдөр Төв талбайн нэр эргэн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болсонд бид бахархдаг юм. Дээрхээс дүгнэхэд зарим улс төрчид  албан тушаалаа ашиглаж Монгол улсын түүхийг гуйвуулах, эх оронч баатарлаг хүмүүсийн алдар гавьяаг бүдэгрүүлэх, монгол үндэстнийг хагалган бутаргах, иргэдийг талцуулах хорон ажлыг хувийн сэдэл, улс төрийн зорилгоор гүйцэтгэх явдал өнөө цагт ч байгааг дээрх тохиолдол харуулж байна. Иймээс Монгол Улсын иргэд бид энэ тал дээр онцгой  анхаарч байхад илүүдэхгүй   болов уу” гэсэн юм.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...