Monday, November 25, 2024

Ж.Ганбат: Хятадын 55 компани биржээр нүүрс худалдан авах санал ирүүлсэн

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай ярилцлаа.

-Шинэ он гарахын өмнө та “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ биржээр борлуулна гэж мэдээлэл хийж байсан ч энэ ажил хараахан эхлээгүй байна.  Ажлын явц ямар байгаа вэ?

–“Эрдэнэс Тавантолгой” компани тун удахгүй буюу хоёрдугаар сарын 8-10-ны хооронд нүүрсээ биржээр цахимаар борлуулахаар төлөвлөж, бэлтгэл ханган ажиллаж байна. Нүүрсийг биржээр борлуулна гэдэг нь нүүрсээ хил нөхцөлөөр зарна гэсэн үг. Хил нөхцөлөөр зарна гэдэг нь нүүрсний тээврээ өөрсдөө хариуцаж худалдан авагч талдаа хүргэж өгөх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор нүүрс хил хүртэл тээвэрлэх тээврийн тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газар зарласан. Энэ тээврийн тендерт нийтдээ 200 гаруй компани орж ирэх болсон мэдээлэл бий. Тус газар энэ долоо хоногт багтаагаад тээврийн гэрээг дүгнээд эцэслэчих болов уу. Тээвэрлэлтээ цэгцэлж байж, биржээр худалдаалах нүүрсний үнээ зарлана.

Бидний хувьд биржээр 200 мянга орчим тонн нүүрсийг эхний ээлжинд борлуулж, цаашид үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд энэ онд 23 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын зүгээс нүүрсийг цахимаар нээлттэй арилжаалж хил нөхцлөөр үнэ хүргэж зарах энэ үйл ажиллагааг бодлого, арга зүйгээр хангаж ажиллаж байна.

-Нүүрсийг биржээр арилжаалахаар чанараасаа хамаарч үнэ харилцан адилгүй байх уу?

-Тэгнэ. Бид эхний ээлжинд коксжсон нүүрсээ арилжаална, дараа нь эрчим хүчний нүүрсээ борлуулна. Ингэснээр худалдан авагч нараас хамгийн өндөр үнийн санал өгсөнд нь нүүрсээ борлуулна.

-Одоогоор нүүрсний үнэ ямар байна вэ. Эдийн засагчдын зүгээс 2023 онд эрдэс баялгийн үнэ өндөр байна, боломжийг ашиглах ёстой гэдэг зөвлөмж өгөх болсон. Төсөөлөл яаж гарсан бэ ?

-Одоогоор Ганцмод боомт дээр кокжсон нүүрс нэг тонн нь 170-180 орчим ам.доллар байна.  Гэнэтийн юм гарчихгүй бол одоогийн төсөөллөөр үнэ тогтвортой хадгалагдахаар байгаа.

-Нүүрсээ биржээр арилжаалаад эхлэхээр худалдан авагч тал нь Хятад улсын бизнес эрхлэгчид болж таарах байх. Хэр олон компани нүүрс худалдан авдаг бол. Олон байвал өрсөлдөөн ихтэй, нүүрсээ өндөр үнээр зарах боломж байдаг. Биржийн арилжаа амжилттай л хийгддэг байгаа даа?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжаанд оролцож, нүүрс худалдаж авахаа илэрхийлсэн БНХАУ-ын 55 компани байна. Нүүрсийг биржээр арилжаалахтай холбогдуулж Засгийн газраас гаргасан тогтоол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын баталсан журам зэргийг худалдан авагч талдаа хүргүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын зүгээс биржийн арилжааг амжилттай болгох талаар бидэнд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллаж байгааг энэ ташрамд дурдах нь зүйтэй.

Бид маргааш Хөрөнгийн биржийнхэнтэй хамтран худалдан авагч талдаа уулзалт хийж, цахим арилжааны талаар тодруулга мэдээлэл өгнө. Нүүрсээ биржээр арилжаалахдаа хамгийн доод үнэ санал болгоно, дуудлага худалдаа учраас үнэ өсөж таарна.  Биржээр хийх арилжаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

Ер нь, биржээр нүүрсээ зарна гэдэг нь далд зүйлийг ил тод болгож байгаа юм шүү дээ. Өмнө нь хэн, хэчнээн тонн нүүрсийг ямар үнээр зараад байгаа нь мэдэгддэггүй, хэн худалдан авч байгаа нь мэдэгддэггүй байсан. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулна гэдэг тээвэрлэлтээ монголчууд өөрсдөө хийнэ гэсэн үг. Монгол компаниуд ажлын байртай, орлоготой болно. Монгол компаниудын тээвэрлэлт ил болж, татвараа төлөөд явахаар “нүүрс хулгайгаар хил гаргасан” гэдэг асуудал ч байхгүй болж, нүүрсний арилжаа бүхэлдээ ил болно.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны хамгийн том шалтгаан бол Монгол Улсад нүүрс дагасан нүүрсний хулгай гаргахгүй, авлига гаргахгүй бүх зүйлийг ил тод болгож, олон нийтийн хараа хяналтыг сайжруулах том зорилго тавьсан нь үр дүнгээ өгч байна.

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд өдөрт хилээр гарч байгаа нүүрс тээвэрлэсэн машины тоо 1000 давсан. Энэ тээвэрлэлт одоо ч  хэвээр хадгалагдаж байгаа юу?

-Хятадад Цагаан сар болсон учраас одоогоор боомтоор гарах нүүрс тээврийн тоо буурсан. Мөн бид хоёрдугаар сарын 1-нээс нүүрсээ биржээр арилжаалах төлөвлөгөөтэй байсан ч Цагаан сар нь давхацсан учраас хэд хоногоор хойшилсон тал бий.

-Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффтейк гэрээнүүдийг ил болгосон. Эдгээр гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Бодь интернэшнл”-тэй байгуулсан гэрээ ашиггүй, алдагдал үүрүүлсэн гэдэг асуудал хөндөгдсөн. Гэрээг сайжруулж, хоёр талдаа харилцан ашигтай болгох чиглэлээр яриа хэлцэл хийгдэж байгаа юу?

-Засгийн газрын шийдвэрээр “Бодь интернэшнл”-тэй холбоотой “Гашуунсухайт”, “Богдхан” төмөр замтай холбоотой таван нууц гэрээг ил болгосон. Эдгээрээс “Гашуунсухайт” төмөр замтай холбоотой гэрээнд өөрчлөлт оруулъя, сайжруулъя гэдэг хүсэлтийг “Бодь интернэшнл” ХХК–д тавьсан.  Хоёр талд гэрээгээр хаилцан хүлээсэн үүрэг бас байгаа. “Бодь интернэшнл” компани гэрээнд заасан хэмжээндээ өнгөрсөн онд нүүрсээ авч чадаагүй юм билээ, бид санхүүгийн хувьд хүнд байна гэдгээ хэлээд хоёр талдаа санал солилцоод явж байна. Ойлголцолд хүрчих байх аа.

-“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс нийлүүлэх нөхцөлтэйгээр Хятадын компаниас урьдчилаад зээл авчихсан асуудал байгаа. Энэ өр дарагдсан уу?

-“Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны хавар 603 сая ам.доллар урьдчилж авсан байсан. Нийт дөрвөн гэрээ байна. 603 сая ам.доллар гэдэг нь 2 их наядын орлого урьдчилж аваад төлбөрт нь нүүрс нийлүүлэх нөхцөлтэй юм.

Бид өнгөрсөн онд 180 орчим сая ам.долларын өрийг барагдуулсан, одоо цаана нь 420 орчим сая ам.долларын өр байна. Нүүрсээ богино хугацаанд ачуулж, өрийг барагдуулахаар ажиллаж байгаа.

Нөгөө талдаа “Эрдэнэс Тавантолгой” компани дотооддоо арилжааны банкуудаас авсан бондын 769 тэрбум төгрөгийн өр байна.  Үүнээс  420 орчим тэрбумын бондын төлбөрийг ирэх дөрөвдүгээр сард төлөх үүрэг хүлээж байгаа. Энэ өрийг бид борлуулалтын орлогоосоо төлнө. Экспортоо нэмэгдүүлээд, биржээр нүүрсээ амжилттай арилжихаар бондын төлбөрүүдээ бүрэн төлчих боломжтой.

-Иргэд “Сар шинээс өмнө 1072 хувьцааныхаа ногдол ашгийг авъя” гэдэг шаардлага тавьж эхэлсэн. Өрийн дарамт их байгаа үед ногдол ашиг тараах нь хүндрэлтэй, боломжгүй юм байна гэж үзэж болох уу?

-Хүндрэлтэй.

-Тэгвэл улс төрийн шийдвэр гарчихвал “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараах гээд чардайхаас аргагүй гэсэн үг үү?

-Үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг бид маш сайн ойлгох хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны санхүүгийн тайлангаа гаргаж байна, ирэх долоо хоногт эцэслэн гарна. Санхүүгийн тайлан гарсны дараа аудит орно. Бид санхүү дээр ийм үзүүлэлттэй гарлаа,  ийм өр төлбөр байна. Мөнгөн хөрөнгө дээр ашигтай гарсан ч хүндрэл байна гэдгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө танилцуулна. Ногдол ашиг тараах эцсийн шийдвэрийг ТУЗ, хувьцаа эзэмшигчид шийднэ. Бодитойгоор харахад бондын төлбөр 500 тэрбумын өр байна, компаниудаас урьдчилаад авчихсан өр байна.

Үндсэндээ 2.4-2.5 их наядын өр байгаа. Ялангуяа бондын өрийг хугацаанд нь барагдуулахгүй бол санхүүгийн хувьд хүндрэлтэй болж,  эрсдэл үүснэ.  Ийм үед ногдол ашиг тараана гэвэл санхүүгийн хувьд улам хүндрээд “Эрдэнэс Тавантолгой” компани хэвийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээл үүснэ.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоны дараахан та тус компанид санхүүгийн зөрчил их байна гэж мэдэгдсэн. Мөн албан бус мэдээ шүү, “Эрдэнэс Тавантолгой” компанид ажилладаггүй хэрнээ 100 шахам хүн цалин авдаг байжээ гэдэг яриа гарсан. Энэ үнэн үү, хэрэв үнэн бол ажилладаггүй хүмүүсийн цалинг зогсоосон уу. Зөрчлүүд засагдсан уу?

-Тийм ээ, нуух зүйл алга. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д санхүүгийн сахилга бат муу, зөрчил их байсан. Үр ашиггүй зөрчлүүдийг арилгах, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг чөлөөлөх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зэргээр нэлээд цэгцэллээ.

Хувийн хэвшлээр ажил хийлгэчихээд хөлсөнд нь нүүрсээ хямд үнээр өгдөг,  ажлаа хийлгэчихээд төлбөрийг нь хугацаанд нь өгдөггүй, түүнээс болж тухайн компани хүндэрдэг, ажил хийсэн компанийнхаа гүйцэтгэлийг нь хянадаггүй зэрэг зөрчил байсан, зогсоосон. Мөн тендер зарлаад шалгарсан компанитай гэрээ байгуулдаггүй, гэрээ байгууллаа гэхэд урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр мөнгө гаргадаг, урьдчилж өгдөг байсныг зогсоосон. Тендер зарласан бол тэр компани ажлаа гүйцэтгэчихээд гүйцэтгэлээ үнэлүүлчихээд мөнгөө авдаг болсон.

Цаг хугацаандаа ажлыг  чанартай хийсэн бол гүйцэтгэлийг нь хянаж үзээд гурав хоногт багтаан төлбөрийг нь төлдөг тогтолцоо руу шилжүүлж байна. 2021 оны найм, есдүгээр сард ажлаа хийж дуусгасан ч хөлсийг нь төлөөгүй байсныг олгосон. Нийтдээ гэрээт компаниудад 150 орчим тэрбум төгрөгийн ажлын хөлс олгосон.

Ажилд авах, чөлөөлөх зэрэг хүний нөөц замбараагүй байсныг цэгцэлсэн. Хүссэн үедээ ажилдаа ирдэг, хүсээгүй үедээ ирдэггүй. Зарим хүн нь энэ компани дээр ирж ч үзээгүй хүмүүс байсан. Албад байгуулах нэрээр баахан дарга томилсон байсан. Дөрвөн хүн тутмын нэг нь дарга байсан. Шаардлагагүй орон тоог цомхотгосон. Ажилдаа ирдэггүй, тааваараа ажилдаа ирдэг, хууль зөрчсөн зэрэг 50 гаруй хүнийг чөлөөлсөн. Цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  хүний нөөц, удирдлагыг яаж томилох ёстой юм бэ гэдгийг ярих ёстой. Бид саналаа боловсруулаад Засгийн газар болон ТУЗ-д саналаа танилцуулна.

-Шаардлага хангахгүй техник хэрэгсэл “Эрдэнэс Тавантолгой” компанид нийлүүлэгдсэн тухай сонсогдож байсан. Тухайлбал, шаардлага хангахгүй дугуй нийлүүлсэн гэдэг ч юм уу. Энэ тохиолдолд яах юм, нийлүүлсэн компани руу нь буцааж, мөнгөө авч хохирлоо барагдуулах юм уу?

-Дугуйны тендертэй холбоотой асуудал байгаа. Хууль хяналтын байгууллагад өгсөн, шалгаж байна.

Нөгөө талдаа техникийн алдаа гардаг юм уу, санаатай алдаа гаргадаг юм уу, буруу тооцдог юм уу, шаардлагагүй тоног төхөөрөмж, эд хогшил авсан,  хэрэгцээнээсээ давуулж, их хэмжээгээр авсан зүйл байна. Хууль хяналтын байгууллагад эдгээр асуудлыг шилжүүлсэн, шалгаж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд хэчнээн тонн нүүрс экспортолсон бэ. Засгийн газраас 500 сая ам.доллараар валютын орлого нэмэгдүүлэх даалгавар өгсөн санагдах. Онцгой дэглэм тогтоосны үр дүн хэр гарч байна вэ?

-Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтооход өдөрт 200-300 орчим машин нүүрс тээвэрт явдаг байсныг бид 4 дахин нэмэгдүүлж чадсан.

Бидний зүгээс Онцгой дэглэм тогтоосон 2022 оны  аравдугаар сарын 26-аас арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд  нүүрс борлуулалтыг 4.2 дахин, тээврийг 4 дахин, экспортыг 2 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна. Орлогын хувьд өмнө тооцож байснаас 3.7 дахин нэмэгдүүлж чадсан. Өнгөрсөн 2022 онд нийт 11 сая тонн нүүрс экспортолсны 5 сая тонн нь онцгой дэглэм тогтосон сүүлийн 2 сарын хугацаанд хийгдсэн байдаг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 онд байгуулагдсанаас хойших 12 жилийн хугацаанд анх удаа 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь түүхэн амжилт юм. Бид энэ амжилтаа ахиулж, энэ онд 23 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавьсан.

-500 сая ам.доллар оруулж ирэх  даалгавар биелэгдсэн гэсэн үг үү?

-Засгийн газраас 500 сая ам.доллар оруулж ирэх үүрэг өгсөн байсан нь биелэсэн. Нийтдээ 588 сая ам.долларын борлуулалт хийгээд тэрнээсээ бэлнээр 416.6 сая ам.долларыг Монголбанканд шилжүүлж, үлдсэнийг өмнөх авсан зээлийн өр барагдуулсан. 160 орчим сая ам.долларын өр барагдуулсан.

-Барагцаагаар арван сарын турш 5.5 сая нүүрс экспортод гаргаад байсныг сүүлийн хоёр сард 5.5 саяар нэмэгдүүлэхэд тээвэрлэлт сайжирсан, дээр нь эрдэс баялгийн үнэ өссөн зэрэг нь  нөлөөлөв үү?

-Нүүрсний экспортоо нэмэгдүүлээд ирэхээр үнэ бага зэрэг буурсан. Хамгийн гол нь экспортоо богино хугацаанд нэмэгдүүлж чадсан нь тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж чадсантай холбоотой. Уурхайн хэвийн үйл ажиллагааг хангаад Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг хангалттай билүүлсэн гэж үзэж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд ашигтай ажилласан гэж үзэж болох уу?

-Ашигтай ажилласан.

-Хэдий хэмжээний ашигтай ажилласан бэ?

-Одоогоор төдий хэмжээний ашигтай ажилласан гэж тоо хэлэх боломжгүй.  Яагаад гэвэл санхүүгийн тайлан эцэслэн гарч,  аудит орсны дараа санхүүгийн тайлан баталгаажна. Ашигтай гарах нь бол тодорхой. Гэхдээ ашигтай гарсан ч гэлээ өр төлбөр их учраас бид энэнтэйгээ уялдуулаад  ногдол ашиг тараах эсэхээ ТУЗ болон Засгийн газарт танилцуулах ёстой.

Эх сурвалж: www.news.mn сайт

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...