ДОЖООГИЙН ЦЭДЭВ
(1940-2023)
Монголын ард түмний сод их ухаант, авьяас билигт хүү, зохиолч, орчуулагч, эрдэмтэн судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Дожоогийн Цэдэв 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын утга соёл, урлаг, уран зохиолын ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Д.Цэдэв нь 1940 оны намар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Шар бүрдний Хавцгайн Улаан дэл хэмээх газарт малчин ард Дожоогийн гэр бүлд мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, Эрдэнэцогт сумын бага сургуулийг 1949-1953 онд, Өлзийт сумын 7 жилийн дунд сургуулийг 1953-1956 онд дүүргээд, Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд 1956-1958 онд суралцаж, улмаар МУИС-ийн Хэл, бичгийн салбарыг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр 1963 онд төгсчээ.
Тэрбээр 1963-1967 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт Аспирантурын зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1967-1973 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1973-1977 онд Улаанбаатар хотын Соёл урлагийн байгууллагын намын хорооны дарга, 1977-1990 онд Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны дарга, 1990-1992 онд Соёл, урлаг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1996 онд Япон улсын Токиогийн гадаад судлалын их сургуульд зочин профессор, 1996-1998 онд Соёл, урлаг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-д багш, 1998-2010 онд СУИС-ийн захирал, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, 2010 оноос өдгөөг хүртэл Улаанбаатарын их сургуульд зөвлөх профессороор ажиллаж байлаа.
Д.Цэдэв 1980-1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1986-1990 онд Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. Д.Цэдэв ОХУ-ын Дорнод Сибирийн Соёл, урлагийн академи, БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургууль, БНХАУ-ын Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн хүндэт профессор цол хүртэж, Монгол Улсын соёл урлаг, утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн дарга, гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн эрхэм хүндтэй эрдэмтэн, тулхтай судлаач байлаа.
1957 оны “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдсэн “Пионерт элссэн нь” шүлэг нь “Энх улирал”, “Насны баясгалан”, “Алтан намар”, “Анхны хайр”, “Сэвтээ нь үгүй сэтгэл”, “Зүрхний айзам” зэрэг алдартай яруу найргийн бүтээлүүдийнх нь эхлэл болж, түүний дууны шүлэг найраг нь Монголын орчин үеийн яруу найрагт тод мөрөө үлдээж чадсан билээ. Д.Цэдэв нь Монголын нэрт хөгжмийн зохиолчидтой хамтран олон арван дуу бүтээснээс гадна “Талын харгуй” хэмээх бүлэг дуунаас бүрдсэн романс нь мэргэжлийн дуулаачдад зориулсан өвөрмөц уран чадвар бүхий бүтээл болсон билээ. Д.Цэдэвийн дууны шүлэгт Орос, Украйн, Япон, Хятад зэрэг олон орны хөгжмийн зохиолчид ая хийсэн нь Монголын дууны яруу найргийн онцгой нэгэн хөтөч болж чадсан авьяастан байсныг гэрчилнэ.
1957 онд хэвлэгдсэн “Бух” өгүүллэгээр эхэлсэн “Дангийн даавуу майхан”, “Шөнийн гал”, “Айргийн амт”, “Талд нүдэлсэн агь”, “Тавын даваа”, “Гал голомт буюу нутаг нугын минь шивнээн”, “Орчлонгийн хүрд” зэрэг үргэлжилсэн үгийн зохиолууд нь орчин цагийн Монголын уран зохиолын гайхамшигт охь шим, сор дээж нь болсон билээ. 1958 онд хэвлүүлсэн “Зохиолын чанарыг юу муутгаж байна вэ?” уран сайхны шүүмжийн өгүүллээр эрдэм судлалын нөр их ажлаа эхлүүлж, “Уран зохиолын уламжлал, шинэчлэлийн зарим асуудал” (1968), “Монгол яруу найргийн уламжлал, шинэчлэл” (1973), “Зохиолчийн урлах эрдэм” (1978), “Цаг үе, утга зохиол” (1987), “Монгол эх бичгийг шинжлэх арга зүйн туршиц” (1995), “Монголын нууц товчоо”-ны бэлгэдэл зүй” (2002), “Хүүхэн хутагтын дууны судлал” (2003), “Шүлэг аялгууны шүтэлцээ” (2005) зэрэг судлал шүүмжлэлийн ганц сэдэвт зохиолууд, ХХ зууны Монголын уран зохиолын намтар урлан судлал, эх бичиг сурвалж судлалын хүрээнд туурвисан Д.Нацагдоржийн хоёр боть, Ц.Дамдинсүрэнгийн таван боть, С.Буяннэмэхийн дөрвөн боть, Б.Содномын гурван боть зэрэг бүтээлүүд, гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдсэн олон зуун өгүүлэл, Олон улсын монголч эрдэмтдийн болоод Монголын Зохиолчдын Эвлэлийн ээлжит их, бүгд хурал тэргүүтэй гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцүүлсэн Монголын утга зохиолын харилцаа холбоо, уламжлал, шинэчлэл, түүхэн хөгжил, хувьслын учир шалтгаан, мөн чанарыг нээн илтгэсэн илтгэлүүд нь дэлхийн монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
1959 онд хэвлүүлсэн “Алт мөнгө-чулуу, Арвай буудай-амьдрал” хэмээх зохиол нь орчуулгын олон арван бүтээлийнх нь эхлэл байсан төдийгүй, судалгааны арвин их хэрэглэгдэхүүний үүд болсон юм. Монголчуудын түүх, утга соёлын үнэт өвүүдийг судлан шинжилсэн, уран сайхнаар туурвисан Д.Цэдэвийн бүтээлүүд орос, англи, испани, франц, япон, герман, араб, мажар, болгар, вьетнам, казах, киргиз зэрэг дэлхийн 30 гаруй орны хэлээр хэвлэгдэн, Өрнө, Дорнын уншигчид, судлаачдад Монголын утга соёл, урлагийг танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Д.Цэдэв “Монгол яруу найргийн уламжлал, шинэчлэл” сэдвээр 1971 онд дэд эрдэмтний, “Монголын нууц товчоо”-ны бэлгэдэл” сэдвээр 1997 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, Монголын утга зохиол, соёл судлалаар “МИНИЙ ТУУРВИЛ” уран бүтээл, судлал шүүмжлэлийн хорь орчим боть, “Монголын соёлын түүх”, “Монголын шинэ утга зохиолын түүх”, “Зохист аялгууны судалгаа” зэрэг өргөн дэлгэр агуулгатай, үнэт өв болох бүтээлүүдийг туурвиж, Монголын утга соёлын судлалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан “Шинэ цагийн утга зохиолын амьд гэрч-нэвтэрхий толь” болсон эрдэмтэн байсан юм. Тэрбээр ахмад үеийнхнийхээ алдар сууг мөнхөлж, алтан үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн туурвиж, хойч үеийнхнийгээ эрдэм судлалын гэрэлт замд хөтлөн оруулсан эгэлгүй ачтан байлаа.
Монголын төр түүний нийгэм, утга соёлын салбарт тасралтгүй дал шахам жил ажилласан хөдөлмөр, бүтээлийг нь үнэлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтангадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, зохиолч Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нарын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулжээ.
Монголын ард түмний сод их ухаант хөвгүүн, авьяаслаг зохиолч, орчуулагч, нэрт судлаач эрдэмтэн, эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, сайн хань, халамжит аав, эрхэм дотны анд Дожоогийн Цэдэв Таны бүтээсэн оюуны бүтээл, үлдээсэн соёлын өв тань Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл
Шинжлэх Ухааны Академи
Монгол Улсын Их Сургууль
Соёл Урлагийн Их Сургууль
Монголын Зохиолчдын Эвлэл
Гэр бүл, үр хүүхдүүд
Анд нөхөд, шавь нар