Monday, November 25, 2024

Д.Амарбаясгалан: Парламентад нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтааж, төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна

Date:

Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох зорилгоор “Зөвлөлдөж шийдье” үндэсний зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдуулан “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
 
Эрдэмтэн судлаачид, эрхэм зочид төлөөлөгчид өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ардчилсан Үндсэн хуулийн 31 жилийг дүгнэж, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх асуудлаар төр, олон нийтийн идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байгаа энэ үед өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байгаа нь цаг үедээ нийцсэн чухал арга хэмжээ болж байна. Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үр дүнд өнгөрсөн 30 жилд эдийн засаг 17 дахин тэлж, хүний эрх, хувийн өмч, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, олон ургалч үзэл баримтлал, нээлттэй гадаад харилцаа, цахим ертөнц, иргэний нийгэм зэрэг олон үнэт зүйлс Монголд төлөвшсөн.
 
Гэвч, шилжилтийн үед эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсэж, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн. Ардчилсан засаглалын гажуудал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ялангуяа хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэргүй байдал нь өнөөдрийн нийгмийг бүтээсэн гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Улсын Их Хурал нь төлөөллийн ардчиллын зарчмаар санал үл гээн, нийгмийн бүлгүүдийн төлөөллөөс бүрэлдэж чадсан тохиолдолд нийгмийн үл ойлголцол, бухимдлыг арилган, зөвшилцөл, эв нэгдлийг бэхжүүлж, хамтын оролцоонд тулгуурласан бодит шийдвэрүүдийг гаргах боломжтой болдог.
 
Харамсалтай нь, нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч хүч болж, төрд дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалдаг нийгмийн хамгийн хариуцлагатай хэсэг болох дундаж давхарга улам нимгэрч, эсрэгээрээ орлогын тэгш бус байдал гүнзгийрч, баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна.
 
Манай улсын нийт хүн амын гуравны нэг нь ядууралд нэрвэгдэж, дунджаас доогуур давхарга нийт хүн амын 70 хувийг бүрдүүлж байна. Хадгаламж эзэмшигчдийн ердөө гурван хувь нь нийт хадгаламжийн 75 хувийг эзэмшдэг болжээ. Өндөр орлоготой иргэдийн хэрэглээ нь бага орлоготой иргэдээс тав дахин өндөр байна.
Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс мөн. Парламентын засаглалын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн ТӨЛӨӨЛЛИЙН АРД ТҮМЭН байхад гол зарчим оршино. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламент иргэний төлөөллийн байгууллага гэхээс илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага болж хувирлаа. Улс төрийн намын гишүүнчлэлгүй, дундаж болон дунджаас доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн бүхий л бүлгийн төлөөллүүд сонгогдох боломжгүй болжээ.  Өнөөдөр дэлхий дахинд тулгарсан цар тахал, пост пандемик эдийн засгийн хүндрэл, геополитикийн хямралаас үүдэлтэй мөргөлдөөн нь Монголын ардчилалд томоохон сорилт учруулж байна.


Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд сонгодог парламентын засаглалыг цаг алдалгүй төгөлдөржүүлж, нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтаасан төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна. Хэрэв бид энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол нийгмийн бухимдал, давхарга хоорондын зааг, үл ойлголцол нь үндэсний аюултай байдалд хүргэж, геополитикийн сорилтыг даван туулж чадахгүйд хүргэхээр байна. Бид сонгуулийн тойрогт үндэслэсэн тэгшитгэн хуваарилах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.  
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хүлээх гол үр дүн бол сонгодог парламентын засаглалыг бодит болгоход оршино. Тодруулбал, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг бий болгох, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг бодлогын намуудыг хөгжүүлэх, олон намын оролцоотой зөвшилцлийн парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн холимог тогтолцоогоор санал үл гээгдэх төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх явдал юм. Түүнчлэн хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэргээр эх орныхоо аль ч бүс нутагт амьдрах, сурах, хөгжих орчноор тэгш эрхтэй хангагдах, хүний үндсэн эрхийг баталгаажуулахад ҮХНӨ чиглэгдэнэ.
 
2022 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулж, 1992 онд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын чуулганы бүрэн протокол 12 ботийг олон нийтийн хүртээл болгосон. Тухайн үед ч өнөөдрийн хүндрэлийг урьдчилан харж Ардын Их Хурлын депутатууд санал хэлж байжээ. Тухайлбал, протоколоос үзэхэд, депутатуудын зүгээс УИХ-ын гишүүдийн тоо хэт цөөн байх нь нийгмийн бүлгүүдийг төлөөлөхөд хэт бага, мөн эрх мэдэл төвлөрч, иргэний төлөөлөл биш, эрх дархаар хангагдсан дарга анги болно гэж шүүмжилж байв. Мөн парламентын засаглалыг бүрэн төгөлдөржүүлж чадахгүйд хүрч шилжилтийн цаг үед засаглалын хямралд хүргэж болзошгүйг сануулж байсан байдаг. Зарим депутат Үндсэн хуулиар Монгол Улс аймаг, нийслэл гэдэг хоёр засаг захиргааны үндсэн нэгжтэй болсноор хотуудын статусыг цуцалж, дахин хот шинээр байгуулах эрхзүйн боломжийг хаасан нь нийслэл хотод хэт төвлөрлийг үүсгэж, хөгжлийн боломжуудыг хязгаарлана гэдгийг ил тод шүүмжилж байжээ.
1992 онд батлагдсан Үндсэн хуулиар бүрэн зохицуулагдаагүй эрх зүйн зохицуулалтаас үүссэн өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, ирээдүйн хөгжилд нийцсэн шийдлийг гаргах шаардлагатай энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг тал бүрээс нь шүүн тунгааж, нягтлан хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн алдаа, оноог шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж, шинэ 30 жилийг тодорхойлох санал, дүгнэлтийг гаргах ач холбогдолтой гэж үзэж байна.  Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...