Монголчуудын хувьд 2022 он цар тахлыг бүрэн даван туулж чадсанаараа онцлох жил байлаа. Хятад, Япон, Солонгос гээд айл хөршүүд, Азийн орнууд ковидын давлагаанд нэрвэгдсээр байгаатай харьцуулах юм бол Монголд цар тахлын аюул үгүй болсон. Засгийн газар зорилтот бүлгийн иргэдийнхээ 92 хувийг бүрэн тунд хамруулж чадсанаар энэ үр дүнд хүрсэн. Энгийн амьдралд шилжсэн дэлхийн анхдагч орнуудын нэг болсны хувьд эдийн засгаа сэргээх бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлсэн юм. 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-аар батлуулсан Шинэ сэргэлтийн бодлого гарааны жилээ амжилттай сайн хэрэгжлээ. “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг өнгөрсөн оны нэгдүгээр сард тэглэж, Дубайн гэрээг цуцлаж, олон жил хүлээлт үүсгэсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн, эхний тэсэлгээг хийсэн. Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд 16 жил гацсан Гашуунсухайтын төмөр замыг бүрэн ашиглалтад оруулж, экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр замыг найман сарын дотор бүрэн барьж, ашиглалтад оруулав. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар “Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дуусан, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон.
Энэ мэтчилэн 2022 он бидэнд юу өгөв, 2023 оноос юу хүлээх вэ гэдэгт Ерөнхий сайдын шинэ жилийн мэндчилгээ хариулт болов. Улиран одож буй 2022 он цар тахлын болон олон улсын геополитикийн хямралт байдлыг даван туулж, эдийн засгаа тогтворжуулахад бүхэлдээ чиглэсэн бол 2023 он эдийн засгийн өсөлтийн жил байх болно гэдгийг Ерөнхий сайд итгэл төгс мэдэгдлээ.
2022 оноос үлдсэн таван сайн мэдээг Ерөнхий сайдын хэлснээр онцолбол,
-Цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг өнөөдөр 4 хувь болж сэргэлээ.
-Цар тахлын оргил үед 14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.
-Монгол Улсын экспортын нийт орлого анх удаа 11 тэрбум ам.доллар болж, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ.
-Монгол Улсын валютын нөөц энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам.доллар болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болж, валютын ханш тогтворжиж эхэллээ.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1 их наяд төгрөг давж, Монгол Улс “Чингис” бондын нийт 2 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломж бүрдлээ.
Харин 2023 онд биднийг хүлээж буй өөдрөг таван мэдээ гэвэл,
-Хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралдаа шилжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт шийдвэрлэгдэж, экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэнэ.
-Оны эхний улиралд Оюутолгойн Гүний уурхай ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалт идэвхжин сэргэх болно.
-Нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын бүтээн байгуулалт эхлэх болно.
-Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц, Тавантолгойн Цахилгаан станцын ажлыг эхлүүлж, Амгалангийн дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орж, эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх эхлэл тавигдана.
-Аялал жуулчлалын тухай хууль батлагдсанаар Монгол Улс түүхэндээ хамгийн олон жуулчин хүлээн авсан жил байх болно.
2023 онд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогоо улам эрчимжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Энэ бол 2022 онд эхэлсэн ажлууд үргэлжилнэ, мөн хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шинэ бүтээн байгуулалтууд өрнөнө гэсэн үг. Түүнчлэн орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө тэмцлээ Монгол Улсын Засгийн газар тууштай үргэлжлүүлнэ гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдлээ.
Харин цоо шинээр хийх, өргөн далайцтай, өндөр ач холбогдолтой нэг ажил бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Мэдээж энэ бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн оролцоотойгоор хийх ажил. Энэ талаар Ерөнхий сайд “2023 он Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, сонгодог парламентын тогтолцоонд шилжих үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан жил байх болно” гэлээ. Товчхондоо бол Ерөнхий сайдын шинэ жилийн мэндчилгээ шинэ, хуучин хоёр оны төдийгүй өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дүгнэж, дараагийн 30 жилийн “замын зураг”-аа тодорхойлсон үг байлаа.