Monday, November 25, 2024

Шинэ Хархорум Монголын ирээдүйн нийслэл болно

Date:

Улсын нийслэл ба “Алсын хараа”

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг гаргав. Уг зарлигт, Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл, боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хот байгуулах асуудлыг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн судалгаа хийж, төсөл боловсруулан УИХ-д өргөн барих, Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, зам харилцаа, эрчим хүч, ус хангамж, инженерийн дэд бүтцийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг судалгаа шинжилгээ, дэлхий хотуудын чиг хандлага, монгол орны газар нутгийн өвөрмөц байдал, түүх, соёлтой уялдуулан боловсруулах, шинэ хот байгуулах бодлого, төлөвлөлттэй уялдуулан хот байгуулах болон хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ. Зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурав.

Хархорум хотыг сэргээн байгуулах, улмаар улсынхаа нийслэл болгох санал, санаачилга анх удаа гарч байгаа юм биш. 1990 оноос хойш энэ талаар шийдвэр гаргагчид, эрдэмтэд, судлаачид, иргэд олон нийт байнга ярьж, бичиж ирсэн. УИХ, Засгийн газрын түвшинд албан ёсоор тогтоол, шийдвэрийн төсөл ч өргөн баригдаж байсан. Ерөнхийлөгчийн зарлиг гарахаас өмнө буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм. Мэдээж тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулна. Ингэснээр шинэ хот байгуулах газрын байршил тогтоох, ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлуудыг үе шаттай хийх ёстой гэдгийг тухайн үед Засгийн газраас мэдэгдэж байв.

Шинэ Хархорумыг Архангайн Өгийнуурт товложээ

УИХ дээр мөн Хархорум хотыг шинээр барьж байгуулах асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Орхоны хөндийд хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж буй. УИХ-ын дарга Г.Занданшатар уг ажлын хэсгийн гишүүдийн хамт өнгөрсөн наймдугаар сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур суман дахь шинэ хот байгуулах газар нутагтай танилцсан юм. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”  баримт бичигт “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж туссан. Тиймээс Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум байгуулахаар төлөвлөжээ.

Шинээр хот байгуулахад тохиромжтой газар нутгийн судалгааг 2004, 2010, 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур сумдын нутагт байрлах Тоглохын тал газрын 40446.3 га талбай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн тусгай хамгаалалттай газрын хилээс зүүн тийш Онгоцон хөндий, Гурвалжин уул, Их номт овоо хүртэлх 41431.5 га талбайг хамруулан хийсэн байна. Судалгаагаар нийслэлийн баримжаатай шинэ хот байгуулахад талбай, хөрс, гүний усны нөөцийн хувьд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурын 168642.4 га талбай хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Засаг захиргааны бүтцээр нь тодорхойлбол, шинэ Хархорум хотыг барьж байгуулах бүсэд Орхоны хөндийд орших Архангай аймгийн Өгийнуур, Өлзийт, Хотонт, Хашаат сум, Булган аймгийн Могод, Гурванбулаг, Сайхан сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум зэрэг нийт гурван аймгийн, найман сум, 46 баг хамрагдаж байгаа аж. Дэд бүтцийн хувьд түүх, соёлын үнэт олдворуудыг түшиглэн аялал жуулчлал, зам тээвэр, логистикийн, чөлөөт бүс бий болох бүрэн боломжтой гэж УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн үзжээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын онцлох бүтээн байгуулалт

Хархорумыг сэргээн байгуулж, нийслэл хотын хэмжээнд хөгжүүлнэ гэдэг санаа 1990-ээд оноос эхэлж, 2000-аад онд цаасан дээр буусан. Анх 1992-1996 онд Үндэсний хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэрт эрдэмтэн, хүн судлаач Ж.Батсуурь Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн, засварлаж, хөгжүүлэх, орчин үеийн Хархорин хотыг байгуулах саналыг тавьж байв. 1994 онд Хархорин сумыг хотын статустай болгох УИХ-ын тогтоол гарч байсан юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хархоринг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж байв. Гэвч уг хөтөлбөрөө УИХ-аар батлуулж чадаагүй өнгөрсөн.

2001 оны зургадугаар сарын 14-нд УИХ-аас Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Уг баримт бичигт “Эрх зүй, эдийн засаг, нийгэм, сэтгэл зүйн зохих нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар хотоос тус улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт шилжүүлэн байршуулах асуудлыг иж бүрнээр судалж 2020 он хүртэлх хугацаанд шийдвэрлэх” гэсэн заалт туссан байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэх ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа гэж болох юм.

1992 оноос хойш тоолох юм бол 30 жилийн турш яригдсан шинэ Хархорум хотыг барьж байгуулах ажил 31 дэх жилийнхээ босгон дээр ажил хэрэг болохоор шулуудлаа. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэр бэлэн. Монголчууд 1980 оноос хойш шинээр хот байгуулаагүй. 40 жилийн дараа Хөшигийн хөндийд шинэ хот барьж байгуулахаар төлөвлөлтийг нь хийж, бүтээн байгуулалтын ажлыг нь өнгөрсөн зун эхлүүлсэн. Тэгвэл ирэх 2023 онд хоёр дахь шинэ хотынхоо шавыг тавих нь. Тэрхүү шинэ хот нь ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн, нүүдэлчдийн өв, соёлын өлгий Орхоны хөндийд цогцлон босох нь. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт энэ бүтээн байгуулалтын шанг татах түүхэн үүрэг, хариуцлага ногдов. Эрдэнэт, Дархан хотуудыг өнгөрсөн зууны 60-80 оны хооронд барьж байгуулсан шиг шинэ зууны онцлох бүтээн байгуулалт шинэ Хархорум хот байх бизээ. Эрдэнэт, Дархан хотуудыг уул уурхай, хүнд үйлдвэр, аж үйлдвэрийн салбарын эрчимтэй үйлдвэрлэлд тулгуурлан байгуулж байсан бол шинэ Хархорум хотыг “утаагүй үйлдвэрлэл”-д тулгуурлан байгуулна. Өөрөөр хэлбэл гадаад, дотоодын аялагч, жуулчдын зорин очихыг мөрөөддөг бүс нутагт, хэдэн мянган жилээр тоологдох түүх, археологийн дурсгал, нүүдэлчдийн соёлын өвийг хадгалан буй Орхоны хөндийд цогцлоон барихаараа онцлог юм.

Г.СОНИНБАЯР

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...