Жил бүрийн нэгдүгээр сарыг Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх сар болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхийн 45 оронд түгээмэл тохиолддог, 55 орны эмэгтэйчүүдийн хавдрын шалтгаант нас баралтад тэргүүлэх байр эзэлдэг өвчин юм. ДЭМБ-ын 2018 оны тоо мэдээгээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,5 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569 847 эмэгтэй өвчилж, 311 365 эмэгтэй энджээ.
Хэрвээ охидын 90 хувь нь вакцинд хамрагдаж, эмэгтэйчүүдийн 70 хувь нь эрт илрүүлэгт хамрагдаж, умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэйчүүдийн 90 хувь нь эмчилгээнд хамрагдаж чадвал Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий дээрх анхны устгаж болох хорт хавдар байх боломжтой ажээ.
Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?
Умайн хүзүүний хорт хавдар нь Хүний Папиллома Вирус (ХПВ)-ээр үүсгэгддэг. 90 хувь нь хавтгай хучуур эсийн гаралтай бөгөөд умайн хүзүүний эктоцервикст байрлах шилжилтийн бүсээс гаралтай бол 10 хувь нь эндоцервиксийн бортгон хучуур эдээс үүсдэг. Охидыг ХПВ-ын эсрэг дархлаажуулалтад хамруулах, эмэгтэйчүүдийг эрт илрүүлэгт хамруулж хавдрын урьдал эмгэгийг оношилж эмчилснээр энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ерөнхийдөө эрт үе шатандаа оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой аж.
Умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдэг
Ихэнх тохиолдолд ямар нэг зовиур илэрдэггүй.
– Хэвийн бус цус алдалт
– Цэвэршсэний дараа цус алдах
– Өтгөнөө гаргах цус гарах
– Үтрээгээ угаасны дараа цус гарах
– Бэлгийн харилцааны дараа цус алдах
– Сарын тэмдэг ирэх болооогүй байхад хэвийн бус байдлаар цус гарах
Үтрээнээс гардаг шингэн ихсэх
Аарцаг болон нуруу өвдөх
Үтрээнээс муухай үнэртэй юм гарах
Биеийн жин багасах
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлс
Амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны нөлөө болон удамшлын хүчин зүйл зэрэг олон хүчин зүйл хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг.
HPV-вирусны халдвар
– Энэ вирус нь нилээн нийтлэг байдаг ба бэлгийн харилцаанд ордог эмэгтэйчүүдийн 50-с дээш хувь нь амьдралдаа нэгээс дээш удаа энэ вирусын халдвар авдаг.
– Ихэнхдээ халдвар авсан ч ямар нэг шинж тэмдэг байддаггүй учраас мэдэлгүй өнгөрдөг бөгөөд үүний 70-80 хувь нь онцгой эмчилгээгүй эдгэрдэг.
Тамхи татах
Жирэмслэлтээс хамгаалах эм: 5 жилээс дээш урт хугацаагаар уух
Олон удаа төрөх
Умайн хүзүүний хорт хавдрыг оношлох арга замууд
Умайн хүзүүний эсийн шинжилгээ (Pap Smear)
Үтрээний дуран оруулж, умайн хүзүүг харагдахаар болгосны дараа эс авдаг зориулалтын хэрэгслээр эсийг авч, хуруу шилэнд хийж, микроскофоор ажигладаг шинжилгээ юм.
Үтрээг томруулж хардаг шинжилгээ (Colposcopy)
Умайн хүзүүн эсийн шинжилгээ болон нүдээрээ ажигласнаар өөрчлөлттэй зүйл илэрвэл хэвийн бус хэсгийг томруулж хардаг шинжилгээ юм.
Эдийн шинжилгээ
Умайн хүзүүнээс эдийг авч будсаны дараа мироскофоор ажигладаг шинжилгээ.
Умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх аргууд
Хэддүгээр үе шат гэдгээс нь хамаарч ямар аргаар эмчилгээ хийх нь шийдэгддэг бөгөөд хорт хавдрын хэмжээ, бүтэн биеийн байдал, цаашид төрөх эсэхээс шалтгаалдаг. Эмчилгээ хийсний дараа цаашид биеийн байдал ямар байх нь өвчний үе шат бүр өөр байдаг боловч эхэн үед нь эмчилвэл илүү үр дүнтэй.