Sunday, June 8, 2025

БХЯ “Эко ногоон хотхон”-уудад мод тарилаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар манлайлан оролцож 7 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж 27 сая ширхэг мод тарихаа зарласан. Энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 9 мод үржүүлгийн газар байгуулахаас энэ онд Зэвсэгт хүчний 310, 336, 017, 120, 186 дугаар ангиудад нийт 34 га талбайд 5 мод үржүүлгийн газрыг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлжээ. Ирэх онд Зэвсэгт хүчний 011, 311, 325, 327 дугаар ангиудад 4 мод үржүүлгийн газрыг байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Энэхүү Мод үржүүлгийн газруудаас жилд 6,2 сая орчим тарьц, суулгац гарна. Түүнийг нь өөрийн байр, орон сууц, хашаа байшин, амьдарч байгаа орчиндоо мод тарих хүсэл сонирхолтой алба хаагчиддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох юм байна. Цаашдаа тарьц, суулгацыг бэлтгэхдээ мөчрөөр үрсэлгээ бэлтгэхээс аль болох татгалзаж, үрээр үрсэлгээ хийхээр зорьж байгаа аж.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний 353, 014 дүгээр ангийн байрлалд мод тарилаа. Салбарын зүгээс хийж хэрэгжүүлж буй нэг том ажил бол алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг дээшлүүлэх зорилго бүхий Эко-ногоон хотхон төсөл юм. Энэ онд Зэвсэгт хүчний 353, 014, 015, 336 дугаар ангиудад “Эко-ногоон хотхон” төслийг хэрэгжүүлж, 13 мянган мод бут тарьж, зүлэгжүүлэхийн зэрэгцээ усалгааны систем, зам, талбай, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, хашаа, хайс байгуулах зэрэг шинээр хийж, засварлан тохижуулсан байна. Өнөөдөр дээрх ангиуд дээр ажиллаж, 400 орчим нарс, улиас, гацуур, бургасны суулгацыг хамт олон болон хугацаат цэргийн алба хаагчидтайгаа суулгав. 2023 онд Зэвсэгт хүчний 5 анги, байгууллагад “Эко-ногоон хотхон” төслийг хэрэгжүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ