Saturday, November 23, 2024

Г.Сайханбаяр: Батлан хамгаалах салбар “Үйлдвэрлэгч”, “Бүтээн байгуулагч” байх зорилт дэвшүүлсэн

Date:

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж зарим ажилтан, албан хаагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Тодруулбал, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор зургаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Цэргийн гавьяаны одонгоор долоо, “Алтан гадас” одонгоор найм, Цэргийн хүндэт медалиар 12, Хөдөлмөрийн хүндэт медалиар дөрвөн хүнийг шагнасан байна.

Мөн “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2022 оны шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-ийг шалгаруулж, шагнал гардуулав. Өнөө жилийн хувьд “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” төрөлд ҮБХИС-ийн дэд захирал хурандаа Б.Өлзийхуягийн туурвисан “Шинжлэх ухааны танин мэдэхүйн арга судлал” бүтээл, “Цэргийн ухаан” төрөлд БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ш.Паламдоржийн туурвисан “Цэргийн шинжлэх ухаан ба Зэвсэгт хүчний шинэчлэлийн асуудалд” бүтээл, “Цэргийн түүх судлал” төрөлд БХЭШХ-ийн гэрээт ажилтан доктор, профессор Ж.Базарсүрэнгийн туурвисан “Чингис хааны цэрэг, дайтах ухаан, зэр зэвсэг” бүтээл, Цэргийн зэвсэглэл төрөлд БХЭШХ-ийн Б.Эрдэнэбат ахлагчтай багийн Мэргэн буудагчийн “TEN-73” карбин буу хамтын бүтээл, “Цэргийн техник” төрөлд ҮБХИС-ийн ахмад Л.Сангажавын “Мина хайгч робот” бүтээл, Цэргийн инновацын дэвшил төрөлд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн дэд хурандаа С.Даариймаа ахлагчтай багийн “Цэргийн алба хаагчийн эрх зүй” аппликэйшн хамтын бүтээл, “Цэргийн технологийн дэвшил” төрөлд Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн дэд хурандаа Т.Өлзийсайхан ахлагчтай багийн “Вирус устгагч” хамтын бүтээл, “35 хүртэлх насны залуу судлаачийн бүтээл”-ийн төрөлд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Давааням, дэслэгч М.Батболор нарын зохиосон “Сэтгэл зүйн сорил, судалгаа” вэб программ, аппликэйшн, “Шинэ бүтээл, оновчтой саналын бүтээл” төрөлд Тусгай хүчний цэргийн командлалын хурандаа С.Түвшинбаярын туурвисан “Мэргэн буудагч бэлтгэх гарын авлага-1,2” бүтээл тус тус шалгарчээ.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нийт шагнагдсан бүрэлдэхүүнд хандан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар болон Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2022 оны шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн Та бүхэнд баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Өнөөдөр Монгол Улсын төр, засгаас Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэн бэхжүүлэх талаар ихээхэн анхаарал хандуулж, бүх талын бодлогын дэмжлэгийг үзүүлж байна. Батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд төрөөс батлан хамгаалах талаар баримтлах бодлогыг дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдал, гадаад орнуудын батлан хамгаалах бодлого, өөрчлөлттэй уялдуулан шинэчилж, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, алба хаагчдаа мэргэшүүлэх, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, зэвсэглэл, техникээ шинэчлэх зорилтыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин “Үйлдвэрлэгч”, “Бүтээн байгуулагч” байх зорилтыг дэвшүүлж, Зэвсэгт хүчний инженер-техникийн ажилтнуудынхаа хүчээр зарим төрлийн байлдааны болон хөнгөн хуягласан, тусгай зориулалтын техникүүд, нисгэгчгүй нисэх хэрэгсэл болон богино долгионы дунд чадлын радиостанцыг амжилттай зохион бүтээж, ашиглаж эхэллээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, инновацын тогтолцоог бүрдүүлэх, батлан хамгаалахын аж үйлдвэрийн суурийг бэхжүүлэхэд эрдэмтэн, судлаачид Та бүхний бүтээсэн шинжлэх ухаан, технологийн бүтээлүүд чухал үүрэг гүйцэтгэх юм” хэмээгээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...