Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн Мягмар гарагт “Хуулийн мэдээлэл” нээлттэй арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгдөг. Энэ долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын онцлох зохицуулалтуудын талаар мэдээлэл өглөө. Уг хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Хамгийн ноцтой нь архинаас үүдсэн нас баралт манай улсад маш өндөр байна. Тухайлбал Монгол Улсад архинаас үүдсэн зуурдын нас баралт 1990 онд 66 байсан 2019 онд 123 болж 2 нэмэгдсэн тооцоо мэдээлэл байна. Энэ нь дэлхий дахинаа Африкийн Лесото, Бурунди зэрэг улстай зэрэгцээд маш өндөр үзүүлэлт гэдгийг УИХ-ын дарга ярианыхаа эхэнд онцлов. Ийм нийгмийн хэрэгцээ шаардлагын улмаас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг УИХ жил гаруй тунгаан хэлэлцэж, 2022 оны долдугаар сард баталсан гэж тодотголоо.
Хуулийн баримталсан зарчим, үзэл санаатай холбоотойгоор анхаарал татах хэд хэдэн том өөрчлөлт орсныг онцолж байна. Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортлосон, чөлөөт бүс,татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн санд бүртгэнэ. Ингэснээр стандартын шаардлага хангаагүй архинаас үүдсэн аюул осол,эрсдэлээс хамгаалах юм. Мөн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгож, согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой олбон татварын ялгамжтай бодлогыг үе шаттай хэрэгжүүлснээр хатуулаг ихтэй, эрүүл мэндэд хор хөнөөл ихтэй хэрэглээг багасгана гэж зорьжээ.
Харин одоо иргэд, олон нийтийн хувьд анхаарах заалтыг танилцуулъя. Бусдыг архиар шахахыг хуулиар хориглосон. Тухайлбал, уг хуулийн 28.2-д “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсаэн этгээдэд хариуцуулж болно” гэж заасан. Мөн 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон учраас аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ оны эхнээс хууль хэрэгжиж эхэлснээр үйлчлүүлэгчийнхээ бичиг баримтыг шалгах шаардлага бий болж байгааг сануулж байна.
Түүнчлэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно гэж заагаад байгаа юм.