Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг АТГ-аас өчигдөр зарлалаа. АТГ мэдээлэл хийсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд суулт зарлаж, жагсаал цуглаан зохион байгуулж буй иргэдэд уг нэрсийг биечлэн танилцуулсан. Тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хууль сахиулах байгууллагын 40 гаруй ажилтан Цогтцэций суманд, 20 гаруй ажилтан Улаанбаатар хотод мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Нүүрсний компаниудын бүх бичиг баримтыг олон нийтэд ил болгосон. Нүүрсний гэрээ, худалдан авах ажиллагааны гэрээг бүгдийг ил болгосон. Эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-д танилцуулснаар явдаг хуультай” хэмээн мэдэгдсэн.
Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж буй хүмүүсийн нэрсийг дурдвал,
1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
3. ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7. ЕТГ-ын дарга асан З.Энхболд
8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
15. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
16. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17. “Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нар болно. Эдгээр албан тушаалтнууд нүүрсний борлуулалт, олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах явцад шууд болон шууд бусаар оролцсоныг тогтоосон гэж АТГ-ын ахлах комиссар М.Даваатогтох мэдэгдсэн. Тиймээс хууль хяналтын байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах үйл ажиллагаа цаашид хуулийн дагуу үргэлжилнэ. Нүүрсний хэрэгт холбоотой хүмүүсийн нэрс цаашид нэмэгдэх нь тодорхой.
АТГ, ЦЕГ-аас энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлтэй тусгай ажиллагаа явуулж “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарын найман хүнийг баривчилсан. Түүнээс хойш анх удаа хууль хяналтын байгууллагаас нүүрсний хэрэгт холбогдон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн хүмүүсийн нэрсийг зарласан нь энэ юм. Тиймээс өмнө баривчлагдсан хүмүүс мэдүүлэг өгч эхэлсэн гэсэн үг. Тэдний мэдүүлгэд үндэслэн өчигдрийн 17 хүний нэрийг зарласан байх магадлалтай. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн мэдүүлэгт үндэслэн дээрх 17 хүний нэрсийг ил болгож байгаа гэдэг мэдээлэл байна.
Эхнээсээ ч “амьд үлдэж”, амиа хоохойлохын тулд амаа ангайж эхэлсэн бололтой. Энэ нь сайндаа биш. Хамсаатнуудаа хэлээд, гэм буруугаа хүлээгээд, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх гэж байгаагийнх. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн барихаар болсон байна. Энэ төсөлд авлигачдад хүлээлгэх хариуцлагыг чангаруулах заалт туссан. Тэгэхээр нүүрсчид хялбаршуулсан журмаар шийдэх боломжтой дээр нь, хуулийн энэ боломж нэг үгээр хэлбэл “цоорхой” байхгүй болохоос өмнө амжиж хамсаатнуудаа илчлээд хар толгойгоо ялаас мултлахыг санаархаж байгаа нь тодорхой. Авлигын хэргийг хялбаршуулсан аргаар шийдүүлнэ гэхээр гэмт этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд торгуулийн арга хэмжээ аваад өнгөрнө гэсэн үг. Авлигын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан ийм хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлээд “хонь бүрэн, чоно цатгалан” өнгөрсөн тохиолдол бий.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар авлига, албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Эрүүгийн хуулийн 22.1 – р зүйл буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар зүйчилдэг байсныг хасаж, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд торгох ял эдлүүлэхгүй байхаар тусгасан байна. Тус хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхийг хасах ялыг нэмэгдүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгасан байна. Энэ нь сонгуулийн тухай хууль тогтоомж дээр заасанчлан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй байх заалттай уялдаж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зааж байна. Ял наймаалцахгүй гэсэн үг.
Ташрамд дурдахад, АТГ нүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан байна. Одоогоор хахууль авах гэмт хэрэгт 23 хүн, албан тушаалаа урвуулан ашигласан 8 хүнийг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хоёр хүнийг зэрэг нийтдээ нийт 35 хүнийг яллагдагчаар татжээ. Үүнээс хахууль авах гэмт хэрэгт долоо, хахууль өгөх гэмт хэрэгт 16, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт найм, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байгаа гэдгийг мэдэгдсэн.