Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарын 2020 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Батлан хамгаалахын салбарын эрдэмтдийн төлөөлөл 10 дугаар сарын 6-ны өдөр Философийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагаатай танилцлаа. Тус туршлага солилцох өдөрлөгийн хүрээнд Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Монгол Цэргийн Музей, Батлан Хамгаалахын Төв Архив, Цэргийн Төв Эмнэлэг зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид, багш, ажилчдын төлөөлөл хүрэлцэн ирж, цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр харилцан санал солилцлоо.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Золбоо, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор А.Дашцэрэн, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Ч.Одонбаатар, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Эрдэнэбат нар хүрээлэнгийнхээ эрдэм шинжилгээ, үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар танилцуулав. Тухайлбал: Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн Батлан хамгаалах салбарын эрдэмтэдтэй хамтран
• Газар зүйн нэр нутаг орны нэршил.
• Хилийн шугамын баталгаажуулалт, мониторинг.
• Хилийн бүс нутгийн нийгэм эдийн засгийн байдал түүнийг хөгжүүлэх боломж.
• Хил орчмын бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа.
• Хил орчмын байгалийн нөхцөл, төлөв байдал өөрчлөлтийн судалгаа.
• Батлан хамгаалахын салбарын анги, нэгтгэлүүдийн усны чанарын судалгаа, мониторинг.
• Хиймэл дагуулын мэдээ ашиглалт, зураг боловсруулалт, газар орны шинж чанарт тохирсон шийдвэр гаргахад чиглэсэн сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллах боломжтой талаараа санал дэвшүүлэв.
БХЯ-ны ШУТЗ-ийн нарийн бичгийн дарга, хурандаа, доктор (Ph.D), профессор Д.Содномцог “Манай байгууллагын зүгээс ШУА-ийн 16 хүрээлэнтэй бүгдтэй нь хамтарч ажиллах, холбоо тогтоох, системтэйгээр үйл ажиллагаагаа жигдрүүлэх бодолтой байна. Бид олон байгууллагатай санамж бичиг байгуулж, гэрээтэй хамтарч ажилладаг, гадаад харилцааны чиглэлээр ч олон байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Салбар шинжлэх ухаануудад байдаг ололтуудыг цэргийн хэрэгт, улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд яаж авч ашиглаж болох вэ гэдгийг бид тодорхойлох бодолтой байгаа. Бидний зүгээс ч гэсэн та бүхний эрдэм шинжилгээ, үйл ажиллагаанд хэрэг болох судалгааны чиглэлүүдийг харах байх. ШУА-д бид 2020 оны 9 сард хандсан, үргэлжлүүлээд бид ажиллаад явж байна. ШУА-ийн харьяа Аюулгүй байдал, улс орны аюулгүй байдлын чиглэлийг нэгтгэн зангиддаг хүрээлэн байх ёстой гэж бид үздэг. Аюулгүй байдал гэдэг дан ганц цэрэг дайны асуудал биш гэдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр эдийн засгийн байдал, хүмүүнлэгийн асуудал, цагаачлалын асуудал гэх мэт олон асуудлууд бидний өмнө тулгарч байна. Энэ бүх сорилт, бэрхшээл, эрсдэлийг даван гарахын тулд бид хүчээ нэгтгэх ёстой гэж үзэж байна” хэмээн хэллээ.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тусгагдсанчлан улс орны хэмжээнд бодитой хувь нэмэр оруулахуйц, аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн салбарын болон салбар дундын судалгаа, хөгжүүлэлт, туршилтын ажил явуулах нөхцөлийг харилцан бүрдүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажил энэхүү өдөрлөгийн үр дүнд улам бүр идэвхжин сайжирна гэдэгт талууд итгэлтэй байна.