Өнөөдөр Монгол улс 7300 км хатуу хучилттай авто замтай болж, 21 аймаг 110 сумаа холбоод байна. Харин одоо барьсан замаа яаж хайрлах вэ, хамгаалах вэ гэсэн асуудал зам барихаас дутуугүй чухал ажил болжээ. Өнгөрсөн жилүүдэд даац хэтрүүлж зам эвддэг муу зуршил манайд бараг заншил болтлоо нутагшсан. Харин үүнээс болж татвар төлөгчдийн мөнгө, улсын төсөв, гадныөр зээлээр барьсан зам гүүр эвдэрч, эвдэрсэн замын нүх цоорхойноос болж эрдэнэт хүний амь нас эндэж байна. Гэтэл түлш шатахуун тээвэрлэж байна, ургац хүнс зөөж байна, цемент шохой тээж байна гэх элдэв шалтгаар холбогдох хууль дүрэм зөрчиж авто замаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү жин тонн, овор даацтай тээвэр хийх нь хэрээс хэтрээд байсан юм.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд зам тээврийн ослоор 2443 хүн амь насаа алдаж 18456 хүн гэмтэж эрүүл мэндээрээ хохирсон.
Эдгээр хүмүүсийн хэдэн хувь нь даац хэтрүүлэн зам эвдэж хувиа бодон бэртэгчин авирласан нөхдийн буруугаас болж хохирсон бол гээд бодохоор сэтгэл өвдөнө. Даац хэтрүүлсэн тээврийн харгайгаар эвдэрсэн зам, цоорсон нүхнээс болж хэдэн аймшигт осол гарч, хэчнээн халуун амь гэртээ харьж чадахгүй эндсэн бол гэхээс зүрх хөндүүрлэнэ. 40 литрийн саванд 200 литрийн торхтой ус хийж болдоггүйн адил 44 тонны даацтай зам дээр 80-аас 100 тонн ачаа аччихаад давхиад байхаар юу болдгийн бодит жишээ бол Өмнөговь-Дундговь чиглэлийн зам. Өнөөдрийн байдлаар 1 км авто замын барилгын ажлын төсөвт өртөг замын зэрэглэлээсээ шалтгаалаад 860 саяас 3 тэрбум 694 сая төгрөг байгаа гээд бодохоор даац хэтрүүлэн даврагчид улсад хэдэн их наядаар хэмжигдэх хохирол учруулж байгаа нь харагдана.
Харин энэ намраас ЗТХЯ даац хэтрүүлдэг ийм даварсан явдалтай даацтай тэмцэж эхэлсэн нь зөвхөн амиа бодож, ашиг харж мөнгө цагаан нүд улаан болсон нөхдийн эгдүүг багагүй хөдөлгөв. Ялангуяа энэ шийдвэр шатахууны болоод уул уурхайн компаниудын уурыг хүргэж уушгийг сагсайлгаж буй бололтой. Монгол хуультай, төртэй улс. Монголын хууль гурав хоног гээд мөнгөтэй эрхтэй нь хуулиа дэвслээд байвал төр байхын утга юун. Тиймээс эрдэнэт хүнээ, эх орны замаа бодож даац хэтрүүлэлттэй тэмцсэн даацтай энэ шийдвэрийг ард түмэн алга ташин дэмжиж байгаа. Тэгээд ч уул уурхайн компаниуд түлш шатахуунаа заавал авто замаар тээх шаардлага өнөөдөр үгүй болсон. Улаанбаатараас Цогтцэций хүртэл төмөр замаар тээвэрлэх боломж бүрэн бүрдсэн. Нэг хэсэг этгээд даац хэтрүүлж зам эвддэг, эвдсэн тэр замаас нь болж иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байдаг эмгэнэлт явдалтай хэрхэвч эвлэрч болохгүй.