Saturday, November 23, 2024

Ардчилсан Үндсэн хуулийг амилуулсан анхны УИХ

Date:

Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойд

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж хөгжөөд 30 жил болов. 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулийн дагуу эмхлэн байгуулагдсан анхны парламент 1992-1996 онд үйл ажиллагаагаа явуулсан юм. УИХ-ыг сонгох анхдугаар сонгууль нь сонгуулийн можаритар системээр, 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт болж МАХН 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногооны намын “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авчээ. Сонгуулийн дүнд МАХН парламентын үнэмлэхүй олонх болж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болсон юм. УИХ-ын анхны даргаар Н.Багабанди, дэд даргаар Ж.Гомбожав нар парламентын гишүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллажээ. Харин энэ удаагийн сонгуульд Ардчилсан хүчнээс С.Зориг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын лидерүүд сонгогчдын итгэл хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. 1992-1996 оны УИХ өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан олон улсын 40 гэрээг соёрхон баталж, 46 хуулийг хүчингүй болгожээ.

Энэ УИХ олон талаар онцлогтой, давтагдашгүй парламент байв. Гишүүд нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, нийгмийн салбар бүрийн шилдэг зүтгэлтнүүд, чанар чансаа өндөр, туршлагатай, ёс зүйтэй хүмүүс байв.  Бүтэц, бүрэлдэхүүний хувьд насны хувьд ахмад, дунд үе, залуучууд орсон, мөн эмэгтэйчүүдийн төлөөлөл багтсан, тухайн үеийн сөрөг хүчний гол хүмүүсийг багтаасан парламент байлаа. Хожим энэ парламентаас Б.Чимид, Ц.Намхайнямбуу, Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров,  Ч.Хурц гээд арав орчим Хөдөлмөрийн баатар төржээ.  1992-1996 оны энэ УИХ-аас гурван Ерөнхийлөгч, долоон УИХ-ын дарга, таван Ерөнхий сайд төрөн гарсан байна.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг “амьд оруулах” өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нийцүүлж, салбарын хуулиудыг шинэчлэх үүргийг энэ парламент амжилттай гүйцэтгэсэн юм. Энэ бол нэр хүндтэй, хариуцлагатай ажил байв. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн суурь болсон олон арван хууль 1992-1996 оны УИХ-ын үед батлагджээ. Тухайлбал, Хүн амын орлогын албан татварын тухай, Тухай бүр орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээний татварын тухай, Гаалийн тухай зэрэг олон хууль одоо ч эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулж, хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа юм. 

Тухайн үед Монгол Улс нийтээрээ ажлын зургаан өдөртэй байв. Парламентын хувьд ажлын өдрүүдэд өглөөнөөс эхлээд шөнө дөл болтол хуралддаг. Гишүүд хуулийнхаа төсөл дээрээ яс сууж, үг өгүүлбэр бүрээр нь хэлэлцдэг байжээ.  Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, өндөр ёс зүйгээр асуудалд хандана. Үүний нэг жишээ нь тухайн үед УИХ-ын гишүүдийн цалинг нэмэх тухай асуудал парламентад орж ирэхэд олонх нь дэмжилгүй буцаасан байдаг. Тухайн үеийн УИХ-ын гишүүд “Бид  өндөр цалин авах гэж, төрийн хангамж эдлэх гэж энд суугаагүй.  Улс эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахаар тангараг өргөсөн хүмүүс” гээд өөрсдийнхөө цалинг нэмэх асуудлыг унагаж байжээ. Тухайн үеийн гишүүд ийм л өндөр ёс зүйтэй байж. Эрх мэдлээ  урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхлыг эрхэмлэх өчүүхэн ч хандлага гаргаж байсангүй. УИХ-ын гишүүд тусгай унаагүй, нийтийн тээврээр зорчдог, гишүүний туслахын орон тоо ч байсангүй. Бүх хууль тогтоомжийг Үндсэн хуульдаа нийцүүлж баталж чадвал улс орон маань тогтвортой, ард иргэд амар амгалан, аз жаргалтай амьдарна гэдэгт парламентын гишүүд бүгд итгэж байв. Тиймээс УИХ-ын гишүүд хуулийн төсөл болгоныг нэг бүрчлэн уншиж танилцаж байж өөрийн гэсэн санал дүгнэлтийг хийнэ. Хэдийгээр тухайн үед цөөнхийн бүлэг таван гишүүнтэй байсан ч олонх дотроо сөрөг хүчний байр суурийг хүчтэй илэрхийлдэг, олонх ч цөөнхөө хүндэтгэж, дуу хоолойг нь бүрэн сонсдог байжээ. 

Ийнхүү анхны байнгын ажиллагаатай парламент түүхэн үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ. Тиймээс Монголын парламентын хөгжлийн түүхэнд 1992-1996 оны УИХ онцгой байр суурь эзэлдэг.

Г.Сонинбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...