Sunday, November 24, 2024

Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирлоо

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.11.23/ БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй цахим уулзалт хийж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг сайдаар томилогдсонд баяр хүргэж, цаашдаа хоёр улсын тээврийн харилцааг өргөжүүлэхэд хамтран ажиллахаар болсонд талархаж буйгаа илэрхийлэв. Сайд С.Бямбацогт хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон олон ажлыг хамтран хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа хэллээ

Автотээврийн чиглэлээр Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд хоёр талаас хийж буй хилийн шугам дээрх талбайн өргөтгөлийн ажил дуусаж байгаатай холбогдуулан тээвэр зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Мөн чингэлэг солилцоог нэмэгдүүлж, задгай тээвэр явуулахад  БНХАУ-ын Тээврийн яам болон Элчин сайдын яаманд санал хүргүүлсэн тул анхаарч ажиллахыг хүслээ.

Мөн “Монгол-Орос-Хятад гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т туссан тээврийн хоёр дахь маршрут болох Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил дууссантай холбоотой АН-4 чиглэлийн авто замын тээврийг эхлүүлэх шаардлагатай байна.

Агаарын тээврийн хамтын ажиллагааны тухайд Монгол Улс ОХУ-тай 10 агаарын хаалгаар, БНХАУ-тай зургаан агаарын хаалгаар холбогдож байна. Монгол Улс нь БНХАУ-тай 2009 оноос хойш агаарын хаалга шинээр нээгээгүй байгаа. Сүүлийн жилүүдэд  манай улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоо өсөж, агаарын хаалганы ачаалал  нэмэгдсэн. Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын хаалганы тоог нэмэгдүүлэхээр Говь-Алтай аймаг, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг хэсэгт агаарын шинэ хаалга нээхээр хоёр тал 2016 онд хэлэлцэн тохирч, хоёр улсын Иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд 2017 оны 08 дугаар сард байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу шинэ агаарын хаалга нээхтэй холбоотой тухайн агаарын хаалга байрлах бүсэд радио холбоо болон ажиглалтын хамрах хүрээг сайжруулах зорилгоор барилга байгууламж, дэд бүтэц, үндсэн нөөц дамжуулах байгууламж, үндсэн нөөц тэжээлийн систем бүхий агаарын навигацийн үйлчилгээний байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэж бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Иймд БНХАУ-ын талаас дотоодын үйл ажиллагаагаа дуусгаж, шийдвэр гаргахыг хүлээж байгаа тул энэхүү ажлыг түргэвчлэхэд анхаарч дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Тэр дундаа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудын барилгын ажил дуусаж, аж ахуйн болон жигдрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлээд байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан  ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах эрх зүйн орчин бий болсон.

Иймд төмөр замын Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т нэмж тусгах шаардлагатай байгаа тул 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг цаг алдалгүй шинэчлэн байгуулах шаардлагатай байгаа.

Хоёрдугаарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байна. Энэ ондоо туршилтын галт тэрэг явуулах төлөвлөгөөтэй байгаа тул Ханги-Мандал төмөр замын боомтыг байгуулах ажлыг эхлүүлэх, тус боомтыг “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т нэмж тусгах чиглэлээр хамтран ажиллах саналтай байна.

Гуравдугаарт, Монгол Улсын импортын ачааны тээвэрлэлтэд Тяньжин боомтоос гадна Лянь Юнган боомтыг зэрэгцүүлэн ашиглах, мөн Лянь Юнган боомтоос Эрээн боомт хүртэлх тээвэрлэлтийн төлөвлөгөөг нэмэгдүүлж, тогтвортой байлгах тал дээр анхаарах шаардлагатай.

Дөрөвдүгээрт, хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын өргөн царигийн төмөр замаар солилцох галт тэрэгний тоог хоногт 20 болгон нэмэгдүүлэх, Хятадын тал Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар ачаатай галт тэрэг хүлээн авч байх, Хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн хэлэлцсэн асуудлуудад анхаарч, ажил хэрэг болгон тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд онцгой анхаарахаа хэлж, хоёр тал цаашид харилцан ашигтайгаар худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхээр тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...