УИХ-ын дэргэд байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралджээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, тус Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд хэлэлцэх асуудалтай холбогдуулж хуралдаанаар сонсох мэдээллүүд нь батлагдаж, нотлогдоогүй мэдээлэл байх үндэслэлтэй тул хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргаж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй байна. Тиймээс хуралдааныг нээлттэй явуулж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсчээ.
Хуралдаанд Гаалийн ерөнхий газар, Боомтын үндэсний зөвлөл, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийсэн юм байна. Гаалийн байгууллагаас экспортын нүүрсэнд хийсэн шалгалтын талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар танилцуулжээ.
Тэрбээр “Гашуунсухайт” боомтоор экспортолж буй нүүрсний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжтай шалгалт хийх, Бүрдүүлэлтийн дараах шалгалт оруулах зэрэг үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, хөрш БНХАУ-ын Гаалийн цагдаагийн албатай тогтмол мэдээлэл солилцон ажиллаж, илэрсэн зөрчлийг тухай бүр шийдвэрлүүлэхээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснийг танилцуулсан байна.
Тухайлбал, нийт дөрвөн удаа буюу 2013 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс гуравдугаар сарын 29-ний өдрүүдэд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад, 2018 оны зургадугаар сарын 05-ны өдрөөс зургадугаар сарын 31-ний өдрүүдэд 2013-2017 онуудад “Гашуунсухайт” боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтэд, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрүүдэд “Монпропа холдинг” ХХК-ийн холбогдох үйл ажиллагаанд, 2022 оны тавдугаар сарын 09-ний өдрөөс долдугаар сарын 01-ний өдрүүдэд “Гашуунсухайт” дахь “Цагаанхад” гаалийн хяналтын бүсийн мэдээллийн сан, гаалийн мэдүүлэг манифестын мэдээллийн үнэн зөв эсэхийг бусад эх сурвалжийн мэдээлэлтэй харьцуулалт хийн тус тус хяналт шалгалт явуулснаар гарсан үр дүн, илрүүлсэн зөрчлийн талаар танилцуулжээ.
Түүнчлэн, дээрх хяналт шалгалтуудаар нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн болон мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал буюу нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй, нүүрс тээврийн хэрэгслүүд хоосон улсын хилээр гаргасан бүртгэл нь нүүрстэй гарсан байх магадлалтай, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд харьцуулалт хийхэд,
зэрэг хууль бус үйлдлийн материалуудыг зургаан удаагийн албан тоотоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн, Эрүүгийн Цагдаагийн газраас зарим материалуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зарим хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн тухай хариу мэдэгдэж байсан талаар тэрбээр танилцуулсан байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хууль бусаар хил дамжсан нүүрсний хулгайн асуудал илэрсэн нь танилцуулга, мэдээллээс харагдаж байна. Гэтэл яагаад тогтоогдохгүй байна вэ гэдгийг тодруулахад Цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад хяналт шалгалт хийсэн гаалийн байгууллагын ирүүлсэн материалын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн гэдгийг хэлжээ.
Хуралдаанаар хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтыг явуулахад ач холбогдол бүхий баримтуудыг холбогдох яам, агентлаг, байгууллага болон хууль хяналтын байгууллагуудаас гаргуулах зохицуулалт бүхий тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна.