Saturday, October 17, 2026

Уран зохиолын Барон

Date:

Ж.Нэргүй ах Барон Унгерний тухай ярьж, бичсээр байгаад Барон жанжинтай улам л төстэй болоод байх шиг санагддаг. Ширвээ сахал нь шөрвөлзөөд ирэхээрээ сэтгэл нь ихэд хөдөлсний шинж. Сайхан шүлэг, сайн орчуулга, амттай зохиолын тухай хэдэн цагаар ч ярьсан өөрөө ч уйдахгүй, өрөөлийг ч уйдаахгүй. Уран бүтээлч, хөдөлмөрч занг нь гүйцэх хүн ховор доо. Нэг мэдэхэд л зузаан зузаан ном орчуулчихсан байдаг юм. Мань мэтийн хойрго молхи амьтад бол нэг шинэ номыг нь уншиж амжаагүй байхад л дараа дараагийн номуудаа ширээн дээр өрж орхино.  

Э.Тополийн “Кремлийн эзэгтэй”, “Ор хөнжлийн Орос орон”, М.Веллерийн “Авсанд хэвтээ хүн”, Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, Г.Плехановын “Улс төрийн гэрээслэл”, М.Славины “Гильотины илдэн дорхи эберчүүд”, Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь”, “Атлантын нуруу тэнийв”, Саддам Хусейны “Забиба, хаан хоёр”, Владимир Высоцкийн “Бухимдал”, Н.Пржевальскийн “Монгол, тангад нутгаар”, Н.Рерихийн “Азийн зүрх”, С.Есениний “Сонгодог шүлгүүд” гээд л орчуулсан номууд нь тоогоо алдсан.  С.Есениний шүлгийн түүврийг Монголд анх удаа бүрэн эхээр нь орчуулан хэвлүүлсэн хүн бол Ж.Нэргүй ах. Тэрбээр уг түүврийг хэрхэн орчуулсан тухайгаа арав гаруй жил бодож яваад яг бариад авсан чинь арав хоногийн дотор “машиндчихсан” хэмээн өгүүлсэн юм. Ж.Нэргүй ах “Ромео, Жульетта тэргүүтэн тууриуд”-аараа 2010 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг хүртэж байв. Ер нь түүний орчуулгын бүтээлүүд МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын шилдгүүдэд байнга өрсөлддөг. В.Высоцкийн “Бухимдал”, С.Есениний “Сонгодог шүлгүүд” нь “Алтан өд”-ийн сүүлчийн шатанд тунаж үлдэн, шилдгүүдийг айлгаж л байсан даа.

Тэрбээр яах аргагүй өнөө цагийн шилдэг орчуулагчдын нэг гэдгээ үүгээр батлан харуулдаг. Одоо ч гэсэн түүний хаа явсан салдаггүй хар цүнхэнд нь гайхамшигтай орчуулгууд дүүрэн л яваа. “Алтан өд” байтугайг нь авах бядтай, цараатай, чанар чансаатай бүтээлүүд цүнх, толгой хоёрт нь чихэлдэж байгаа. Зохиолынх нь хэл, найруулга тун тансаг, яруу. Нэгэн зохиолчийн онож хэлсэнчлэн түүний орчуулга, зохиол, бүтээлүүдийг уншихад бүлээн сүү уухтай адил тийм нэг сайхан халуун дотно, өег мэдрэмж төрдөг юм.

Ж.Нэргүй ах хос морьтой уран бүтээлч. Яруу найраг, орчуулгаа эн тэнцүүхэн туурвина. Мөн сэтгүүлчийн хөдөлмөрт багагүй хугацаанд зүтгэсэн. Нийтлэл, хөргүүд нь аргагүй л даацтай. “Хүмүүсийн тухай роман” уран сайхны хөрөг, нийтлэлийн ном, “Ясан хуягт мэлхий их далайг зоримой” хэмээх нэртэй задгай голдуу нийтлэлүүдийн түүвэр нь түүний ямархан сэтгүүлч болохыг хэлээд өгнө.

Барон Унгерн Фон Штернбергийн тухай ярихдаа нүд нь сэргээд ирдэг эрхэм ах минь уран зохиолын ертөнцдөө эртний сурвалжит язгууртан, эрэлхэг Барон шиг ихэмсэг орших бөлгөө.  

Г.Сонинбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...