Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн”, хоёр дахь хэсэгт “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ”, дөрөв дэх хэсэгт “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн”, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн долдугаар зүйлийн хёр дахь хэсэгт “Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн туг мөн” хэмээн тус тус заасан байдаг.
Монголчууд бид төрийн Есөн хөлт их цагаан тугаа Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэндээ 30 дахь жилдээ залан хүндэтгэх гэж байна. 1992 онд Үндсэн хууль батлагдсанаар Есөн хөлт цагаан тугийг бүтээн залсан түүхтэй. Төрийн Есөн хөлт их цагаан тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэн өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулдаг. Түүнчлэн Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ хэмээн хуульчлан дархалсан билээ. Монгол төрийн хүндэтгэлийн бэлгэдэл энэхүү Есөн хөлт их цагаан тугийг жилд ганцхан удаа буюу Ардын хувьсгалын түүхэн ой, Үндэсний их баяр наадмаар Төрийн ордноос гаргаж, Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг уламжлалтай. Их цагаан сүлдний талаар хуульчлан мөрддөг энэ дэг жаягаас бусдаар бид өөр юуг мэдэхсэн билээ. Түүхэн уламжлал, утга учрыг нь хэр таньж, ухаарсан билээ. Үүнд олдсон баримтын хэрээр хариулт өгөхийг хичээв.
Онон мөрний эхэнд Есөн хөлт цагаан тугаа байгуулжээ
Эдүгээ Монгол төрийн бэлгэдэл болгон залсан Есөн хөлт их цагаан туг бол Чингис хааны элч цагаан сүлдний шинэчлэн сэргээсэн хувилбар гэж болно. Энэ тухай түүхийн ухааны доктор Б.Баатархүүгийн өгүүлэл бий. Уг өгүүлэлд “Монгол туургатны эрхэм шүтээн, эцэг өвгөдийн сүлд, энхжингийн бэлгэдэл бол төрийн Есөн хөлт цагаан туг юм. Цагаан туг нь монгол дайчин эрсийн амин насыг батлан даасан, дайсан этгээдийн сүр хүчийг мохоон бууруулагч, онгон азарганы дэл дээр тэнгэрээс буулгасан Дөрвөн хөлт хараа ихт Хар сүлдийн хамт монголчуудын аугаа их шүтээн болдог билээ” хэмээн дурджээ.
Монголын түүхийн тулгар сурвалж “Монголын нууц товчоо”-ны 202-р зүйлд “Төдий эсгий туургат улсыг шулуутгаж (нэгтгэж) барс жил Ононы эхэнд хурж Есөн хөлт цагаан туг байгуулаад Чингис хаанд “Хаан” цол тэнд өгөв” хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ бол Монголын түүхэнд анх удаа эсгий туургатныг нэгтгэж, 1206 онд Чингис хаанд хаан цол өргөмжилсөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн дурдаж буй хэрэг. Чингис хааны түүхэн гавьяа бол дэлхийн талыг эзэлсэн их гүрнийг байгуулах үндсийг тавьсан, хүн төрөлхтний түүхэнд олон чухал үүрэг гүйцэтгэсэн гэхээсээ илүүтэй одоогийн Монгол үндэстнийг бүрдүүлсэн явдал юм. Чухам энэ үеэс Монгол үндэстэн бүрэлдэж, Монгол гэдэг нэр нийт улсын нэр болж, Монгол гэдэг нэр ертөнцөд дуурсагдах болсон билээ.
Мөн түүнчлэн “Монголын нууц товчоо”-ноос хойших дараа дараагийн Монголын түүхийн сурвалжуудад Есөн хөлт цагаан тугийн тухай тэмдэглэн үлдээсэн нь олон тааралддаг байна. Тухайлбал, Лу Алтан товчид “Дөчин таван насандаа бин (улаан) барс жил Онон мөрний тэргүүнээ Есөн хөлт тугаа байгуулж хаан их ор суувай” хэмээжээ. Саган сэцэний Эрдэнийн товчид “Төдий даруйд Онон мөрний тэргүүнээ байлган хатгасан Есөн хөлт цагаан тугаа босгон” гэж бий.
Доктор Г.Мягмарсамбуугийн тайлбарласаар сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дугариг царнаас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон найман элч туг буюу хөл тугаас бүрддэг байгуулал юм. Үүнийг найман хөлт цагаан туг сүлд гэх ба нийтдээ есөн туг болох тул бас Есөн хөлт Цагаан туг гэж утга сэлгэж нэршижээ.
Элч цагаан сүлд буюу Хангал эхт цагаан сүлд
Төрийн Есөн хөлт цагаан туг нь түүхийн ээдрээтэй, донсолгоонтой цаг үеийг туулан ХХ зууны босгоор давжээ. Зуу гаруй жилийн өмнө Есөн хөлт цагаан туг монгол угсаатны дунд хэд хэдэн газар уламжлагдан хадгалагдан үлдсэн байжээ. Үүний нэг нь Өвөрлөгч нутаг Ордосын Үүшин хошуунд тахигдаж байсан Цагаан туг, Монгол Улсад хуучин Засагт хан аймгийн Лу жанжин гүнгийн хошуунд буюу одоогийн Увс аймгийн Өндөрхангай суманд Хан Хөхий уулын өвөрт тахигдаж байсан Цагаан туг, мөн Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Хутаг уулын өвөрт тахиж байсан Төрийн сүлд хэмээх Цагаан туг юм. Энэхүү Цагаан тугийг Хутаг уулын өвөрт тахиж байгаад хожим нь тэндээс холгүй орших Хөх овоо буюу Сүлдэнэ хөх толгойд тахих болжээ. Говь мэргэн вангийн хошууныхны тахиж байсан энэхүү Цагаан туг тусгай өрөөтэй, сүлдийн жастай, үе дамжин тахиж, хамгаалж ирсэн тахилч тугч болон тугч отгийнхонтой байсан гэдэг. Уг туг 1930-аад оны сүүлчээр устгагдсан бөгөөд тугчдын удмынхан шатаалгасан тугныхаа ишэнд байх аравнайлсан шүн бурхан, дээд талын зэв, шармал гуулин хамгаалах утга агуулга бүхий баатрын дүрийг нуун авч үлдэж чаджээ. Үүнийг нь тугчин удмын Гүрцоо гэгч хүний өргөмөл хүү Н.Чанравваанчиг сэргээж байгааг нь Дорноговь аймгийн удирдлагууд олж мэдээд 2001 онд аймгийнхаа 70 жилийн ойгоор музейдээ байрлуулан ард иргэдэд танилцуулсаар ийн орон нутгийн брэнд үзмэрүүдийн анхдагч болжээ.
Хангал эхт цагаан туг хэмээн нэрлэдэг уг сүлдийг эдүгээгээс 10 жилийн өмнө буюу 2012 онд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан Улаанбаатар хотод авч ирж олон нийтэд үзүүлэх санал Засгийн газраас гаргаж байсан ч тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яам дэмжээгүй юм.
Нөгөө Лу жанжин гүний хошууны Цагаан тугийг мөн шинэчлэн сэргээж эдүгээ Увс аймгийн Өндөрхангай сумын сүм хийдийн хашаанд тусгайлан жижиг хийдэд байрлуулан хадгалж байгаа гэнэ.
Элч цагаан сүлдийг хэрхэн залж байсан талаар нэрт түүхч, академич Н.Ишжамцын бүтээлд “Мэргэн ван Гүрших нь Чингис, Тулуй, Батмөнх, Гэрсэнзийн шууд угсааны хүн учраас Элч цагаан сүлдийг хадгалан тахиж байсан, Чингис хааны үед хаан хөвгүүдийг аян дайнд мордоход элч сүлдийг өгч мордуулдаг байсан ба тэд очсон газраа Элч сүлдэндээ дахин дагуул найман сүлд бүтээн төрийн сүлдээ болгодог. Их Юань улсыг байгуулсан Хубилай хаан ч гэсэн мөнхүү найман дагуул цагаан сүлд үйлдэн дагуулж байжээ” хэмээн бичсэн байна. Мөн XVI зууны үед бичигдсэн Ил хаант улсын түүхэнд холбогдох “Бабур наме” хэмээх түүхэн сурвалжид Ил хаант улсад Есөн хөлт сүлд буюу Элч сүлд залж буй зураг, дүрслэлийг тодорхой бий.
Төрийн тугийг төгөлдөр агуулгаар бүтээсэн нь
Эдүгээ Төрийн ордонд залран буй төрийн Есөн хөлт их цагаан тугийг 30 жилийн өмнө олон арван эрдэмтэн мэргэд, зураач урчуудын нөр их судалгаа, ур, ухааны хүчээр бүтээсэн юм. Есөн хөлт их цагаан тугны загвар, эскизийг гаргасан зохиогч нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Р.Лхамсүрэн агсан. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухай ийн дурдсан байдаг. “Есөн хөлт цагаан тугны талаар анх “Мандухай сэцэн хатан” кинонд гарсныг нь үзээд, тэр талаар “Үнэн” сонинд шүүмж бичиж байсан юм. Кинонд Есөн хөлт цагаан тугийг гаргахдаа Өвөр Монголын Ордосын Эзэн хороонд байдаг нэг тугийг ес хувилаад, хиймэл материал ашиглан хийсэн байсан. Үнэхээр сайн мэддэг хүн бол хараад ичмээр байлаа. Хамгийн гол нь тэр чинь түүхэн кинондоо тийм хуурамч, ямар ч судалгаагүй туг тавихаар биднийг болон бидний түүхийг, бидний улс орныг үргэлж үгүйсгэдэг орнуудын хувьд сайхан завшаан болж байгаа юм. Гэхдээ яахав тэр тугны дүрс нэг их план дүүрэн гараагүй болохоор жаахан тайвширсан л даа. Тэгээд анхны төрийн Есөн хөлт цагаан тугны эскиз гаргах багийн бүрэлдэхүүнд намайг оруулж байсан юм. Энэ ажлын багт зураачаар нь би, газар зүйн талаас нь О.Сүхбаатар, гэр судлаач Даажав, зурхайч Л.Тэрбиш нар багтсан. Харин Бүх цэргийн хар тугийг Ховд аймгийн Амгалан гэдэг зураач загварыг нь гаргасан. Тэгээд л би судалгаа хийж эхэлсэн. Гэхдээ тэр үед үнэхээр гарт барьж нүдээр үзэх баримт бараг л байгаагүй. Түүхийн музейд хар, цагаан сүлдэт тугнаас өөр зүйл байхгүй байдаг. “Армийн хар туг”-ийг хийхэд түүхийн музейд байсан тугнаас санаа авч түүнийгээ жаахан чимэглээд бэлэн болсон.
Харин цагаан тугийг бэлтгэхэд үнэхээр их судалгаа хэрэг болсон. Нэг тугийг нь ч яахав өнөө Ордосын эзэн хорооны тугнаас сэдэвлэчихлээ. Хоёр дахийг нь Түүхийн музейд байх ганц тугийг ашигласан. Энэ туг нь өөрөө хэдэн зуун жил урианхайчуудийн тахиж ирсэн туг л даа. Голын том тугны сэрээг Архангай аймгийн Тариат суманд байх Тугийн сүмийн дээр байрлах зэс ганжирны Ялалтын сүлд нэртэй сэрээнээс санаагаа авч хийсэн. Үлдсэн зургаан тугийг бүтээхийн тулд дахиад л өнөөх түүхээ, тамгаа судалсан. Судалгаагаар овог аймаг бүр өөр өөр туг, шүтээнтэй байсан. Энэ бүхэнд овгийн тамга судалсан минь маш том гарын авлага болсон. Овгийн тамгыг тэгж сайн судалж мэдээгүй бол есөн хөлт цагаан тугийг хийж чадахгүй байсан.
Боржигон, Их хаад, Хонгирад, Найман, Мэргэд, Хэрэйд овгийн сэрээт тамгыг илүү түлхүү судалсан. Сэрээт тамга маань ихэвчлэн малын им тамга хийдэг өөрөөр хэлбэл адууны тамга шүү дээ. Түүнээс санаа авч тугны сэрээг гаргаж ирсэн. Тугны сэрээ бол их гоёмсог байдаг. Тэгээд бас түүхийн үнэн бодит байдлыг тусгахын тулд сэрээт тамганы түүхэн дээр үндэслэн өөрийн ур ухаанаа шавхаж, үлдсэн зургаан цагаан тугны загвараа бүтээсэн дээ. Зарим нэг хүн “Яагаад сарны хээ байгаа юм бэ? Энэ чинь лалын шашны дүр төрхийг илэрхийлж байна” гэх нь ч байсан. Харин мэддэг хүн бол мэднэ. Хэрэйд, Найман, Мэргэдийн тамганы хээнд сарны дүрсийг гаргасан байдаг. Тэр овог, аймаг чинь тэр чигээрээ хасаг, киргизүүд байсан шүү дээ. Ингэж хийсэн Төрийн есөн хөлт цагаан туг маань өнөөдөр зүгээр нэг шоуны хэрэгсэл болоод байна. Түүнийг битүү саванд хадгалчихаад, хааяа нэг гаргаж ирж улс төрийн шоунд ашиглаад буцаагаад далд хийчихдэг эд бол биш шүү дээ. Ном журмаараа бол тэр шүтээн ил газар байж, нар, салхи, агаар, тэнгэртэйгээ харьцаж, эрч энергээ аваад, амьд байх ёстой. Тэгээд түүний тахилга тайлалыг хийж, ном ёсоор нь дээдлэх ёстой юм” хэмээн өгүүлж байжээ. Ийнхүү Урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Лхамсүрэнгийн эх загвараар өнөөгийн төрийн Есөн хөлт их цагаан тугийг бүтээн залжээ. Р.Лхамсүрэн агсан “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулан Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд босгосон гэрэлт хөшөө, нийслэл Улаанбаатар хотын сүлд хангарди шүтээн зэргийн эх загварыг зохион бүтээсэн нэрт уран бүтээлч байв.
Ташрамд сонирхуулахад 1992 онд Үндсэн хуулийн дагуу төрийн Есөн хөлт цагаан тугийг бүтээн залахаас өмнө буюу 1990 оны Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд анх Есөн хөлт цагаан тугийг хөө хуяг өмсөж, зэр зэвсэг агссан морьтнууд Төв цэнгэлдэх хүрээлэнд залж, Чингис хаан морилон ирж байгааг дүрсэлжээ. Энэ бол тухайн наадмын нээлтийг найруулсан нэрт найруулагч Г.Доржсамбуугийн санаа байв. Тэрбээр “Мандухай сэцэн хатан” киноны хувцас, хэрэглэл болон “Ээдрээ” жүжигт хэрэглэхээр Ардын зураач Ч.Гунгаасүхийн зураг төслөөр бүтээсэн Есөн хөлт цагаан тугийг ийнхүү наадмын нээлтэд ашигласан гэдэг. 1990 оноос хойших Үндэсний их баяр наадмын нээлт Г.Доржсамбуу найруулагчийн анх тавьсан тэр л сценариас гажилгүй өнөөг хүрсэн билээ.
Дуурайлган үйлдэхийг Ерөнхийлөгчийн зарлигаар хориглов
2014 онд Монгол Улсад хэд хэдэн аймаг, 100 гаруй сумын ой тохиож, тэдгээрээс 80 гаруй сум нь түүхт 90 жилийн ой буюу тэгш ойгоо тэмдэглэсэн юм. Эдгээр олон сум тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхдээ дор бүрнээ төрийн Есөн хөлт цагаан тугийг залж, хэрэглэж байсан нь шүүмжлэлд өртсөн юм. Аймаг, сумдын наадмаар хэн дуртай нь өөр өөрсдийн үзэмжээр Эзэн Богд Чингис хааны Есөн хөлт цагаан тугийг бүтээн залж, хэмжээ хийгээд төрийн бэлгэдэлийн утгыг алдагдуулан хэрэглэх болсон нь Үндсэн хууль болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл байв. Монгол Улсад төрийн Есөн хөлт цагаан туг нэг л байх ёстой. Харин Цагаан тугийн Элч сүлдийг залдаг эртний уламжлалыг даган дээр өгүүлсэнчлэн Увс, Дорноговь аймагт Цагаан тугийн элч сүлдийг бэлгэдэл утга, ёслол төгөлдөр үйлдэж, хүндэтгэн залах ёстой гэдэг санааг эрдэмтэн мэргэд гаргасан юм. Улмаах 2016 оны зургадугаар сарын 16-ны өдөр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж төрийн Есөн хөлт цагаан тугийг дууриалган ашиглахыг хориглосон юм.Уг зарлигт, Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай гэсэн байдаг.
Г.Сонинбаяр