Tuesday, November 26, 2024

Эзэн Чингис хааны эш хөрөг дэлхий дээр хоёрхон хувь бий

Date:

Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдлэхийн учир

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын өдөр буюу долдугаар сарын 11-нд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай. Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай. Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай. Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ. Ийнхүү Эзэн Чингис хааныхаа эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэхийг Төрийн тэргүүн зарлиг болгосон нь үндэстний бахархлаа улам бадраасан онцлох үйл явдал болов. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залжээ. Энэ мэтчилэн Монгол Улсын Төрийн далбаа намирч буй бүх албан байгууллага, дэлхийн өнцөг булан бүрт байгаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газруудад Эзэн Богд Чингис хааны эш хөрөг хүндэтгэлтэйгээр заларна. Айл өрх бүр их хааныхаа хөргийг хоймортоо зална. Ингэхдээ зүгээр нэг бурханчлан тахиж шүтэх бус Чингис хааны намтар түүх, суу алдрыг нь танин мэдэх, билиг сургаалыг ухааран ойлгох, улмаар хойч үедээ уламжлан өвлүүлэх утга агуулга давхар хадгалагдаж буй.  Тиймээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийн талаар түүхчид, судлаачдын бүтээл, түүхэн эх сурвалжид тулгуурлан товч танилцуулахыг зорилоо. 

Эш хөрөг ба эх хувь

Чингис хааны эш хөрөг эдүгээ дэлхий дээр хоёрхон байгаагийн нэг нь БНХАУ-ын Бээжин хот дахь Үндэсний музейд, нөгөө нь Тайваньд хадгалагдаж буй юм. Энэ хоёр эш хөргийг аль нь жинхэнэ болох талаар багагүй маргаан гардаг ч сүүлийн үед хоёулаа жинхэнэ эш хөрөг мөн гэдэгт судлаачид үндсэндээ тогтжээ. Тэд хоёр эш хөргийн нэгийг нь тахилгад зориулж, нөгөөг нь их хааны үр хүүхдэд нь зориулж зуруулсан байх магадлалтай гэж үзсэн байна. Учир нь хоёр эш хөргийн цаас, өнгө, будаг зэрэгт 1962 онд хийсэн судалгаагаар аль аль нь XIII зууны сүүл үед бүтээсэн зураг гэдэг нь тогтоогджээ.

БНХАУ-ын Үндэсний түүхийн музейн үнэт сан хөмрөгт хадгалагдаж байгаа Чингис хааны эш хөргийн өндөр 58,3 сантиметр, өргөн нь 40,8 сантиметр хэмжээтэй, нарийлаг цагаан цаасан дээр гүехэн будгаар өнгө ялган зуржээ. Хөргийн зүүн мөрний дээд өнцөгт “Тайзу хаан буюу Чингис хаан, алдар Тэмүжин” гэсэн бичээс бий аж. Чингис хааны энэхүү зурмал хөргийг 1953 оны есдүгээр сард Бээжингийн түүхийн музейнхэн, Хубэй мужийн Аньлу хэмээх газрын Цэнь Хуань гэгчийн үр хойчоос олж авсан байна. Өнгөрсөн зууны эхээр Монголын нэгэн язгууртан ноён уг эш хөргийг Гоминданы цэргийн өндөр албан тушаалтанд бэлэглэсэн түүхтэй гэнэ. Бүр тодруулбал, Цэнь Хуань нь XX зууны эхэн үед Дундад иргэн улсын цэргийн эрхтэн Юан Ши Кайн цэргийн дэд штабын даргаар ажиллаж байсан аж. Чингис хааны эш хөргийг түүний үр хойчис хадгалж байгаад улсынхаа музейд шилжүүлэн өгсөн ажээ.

Тайванийн Хааны ордон музейд хадгалагдаж буй Чингис хааны эш хөргийн өндөр нь 59.4 сантиметр, өргөн нь 47 сантиметр хэмжээтэй, торгоор бүрж хавтасласан зураг аж. 1949 онд Дундад иргэн улсын ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, Бээжин дэх Хааны ордонд хадгалагдаж байсан монгол, манж, хятад угсааны үе үеийн хаад, дээдсийн эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж аваачжээ. Тэдгээр сан хөмрөг дунд Чингис хааны эш хөрөг байжээ. Чан Кайшийн Тайвань  руу аваачсан үнэт эд өлгийн зүйлс дунд их хааны эш хөргөөс гадна Юань гүрний хаад, хатдын 25 зураг бий аж. Тиймээс Чингис хааны эш хөрөг болон уг хаад, хатдын хөрөг зургууд XIII зууны үеэс хамт хадгалагдан өнөөг хүрсэн гэж таамагладаг байна. Эдгээр хөргүүд бүгд ижил хэмжээтэй, нэг эх загвартай байдгаас улбаалан хаад, хатдын хөргийг зурах тогтсон журам, тиг жаяг байсан гэдэгт ч санал нэгджээ. Бээжин дэх Манжийн хааны ордны Ноншиун харш дахь цуглуулгад эртний хаад, хатад, эрдэмтэн мэргэд, алдартай сайд, түшмэдийн 500-гаад хөрөг байсан гэдэг.

Тайлга, тахилын сүмүүдэд гэгээн төрхийг залсан нь

Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн шастирт “Зургадугаар оны (1340) цагаан сараар Тайзу, Тайзун, Руузон (Тулуйн сүмийн цол ) гурван хааны гэгээн дүрийг (хөрөг зураг) чулуун бурхны сүмд тахивай” гэж тэмдэглэснээс үзвэл Чингис хааны хөргийг Юань улсын үед зурсан бөгөөд Тогоонтөмөр хааны үе хүртэл хадгалж байсан нь тодорхой байна. Тогоонтөмөр хаан 1368 онд Дайду хотоос умар тийш ухрахдаа энэхүү шүтээн болсон дээдийн хөргийг найман цагаан гэрийн хамт авч явсан нь ч тэмдэглэлд байна. Ухаант хаан явахаасаа гурав хоногийн өмнө (1368 оны билгийн улирлын илүү 7-р сарын 26-нд), “Дээдийн ёслолын хорооны түшмэл Арханыг дээдийн сүмийн эл гэрийн шүтээн ба тайж нарыг авч умар тийш одтугай” гэж зүүн мөрийн түшмэл Ширмэнээр зарлиг уламжлуулж байсан бөгөөд Архан нар даруй дээдсийн сүмд очиж, ёслолын тушаалтан Ван си жун, тайж түшмэлийн (тахилгын сайд) хамт шүтээнийг хамгаалан явах бэлтгэлийг дуусгалаа” гэж “Юань улсын түүх, Тогоонтөмөр хааны шастир”-т тэмдэглэсэн байна.

Дээр өгүүлсэн Хятадын генерал Юан Ши Кайн цэргийн зүтгэлтэнЦэнь Хуань гэгчийн хойч үеийнхний хадгалж байсан Чингис хааны эш хөрөг нь Тогоонтөмөр хааны авч явсан тэр хөрөг байж ч мэднэ. Биш ч байж болно. Учир нь Юань улсын үед Чингис хааны хөргийг хэд хэдэн удаа зурж, олон газар тахиж  байсан тэмдэглэл бий. Тухайлбал “1322 оны 10-р сард Богд сахиулсан Тайзу хааны тайлгийн харшийг шашныг мандуулагч сүмд байгуулав” гэж Юань улсын гэгээн хаан Содвалын шастирт, 1324 оны 8-р сард бичгийн утгач сайдыг томилж, Хотол буянт сүм дэх Тайзу, Тайзун хааны гэгээн төрхийг тахих зарлиг буулгав” гэж Есөнтөмөр хааны шастирт тус тус тэмдэглэсэн байдаг аж. Мөн Мин улсын үед Чингис хаан болон Юань улсын их хаад, тэдний хатдын хөргийг хуулбарлан зуруулсан гэж үздэг байна.

Эх дүр нь Хубилай хаан уу?

Чингис хааны эш хөргийг Юань улсын үеийн ордны монгол зураач Хорихусун бүтээжээ. Энэ тухай “Юань улсын түүх, тайлга тахилгын тэмдэглэл”-д “Жи Юаны 15 дугаар он (1278) 11-р сард, Тайзугийн гэгээн дүрийг зурах зарлигийг Хорихусунд өгөв” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ Хорихусун бол монгол үндэстэн бөгөөд түүний  нэрийг Хархасун, Хоригсун гэх мэтээр ялгаатай бичиж иржээ. Тэрбээр “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэнчлэн Тоорил хан Тэмүжинийг “Багалзуур ид” гэж аргалан уриад барьж хорлох гэж байгаа тухай хэл хүргэж ирснээр хожим сайшаагдаж, дархан цол өргөмжлөгдсөн адуучин Хишлигийн гуч хүү байжээ. Хорихусун 1278-1279 онд Юань улсын Тайзу Чингис хаан болон өвөг хаан Есүхэй баатар, Тайзун хаан Өгэдэй хаан хөргийг зурсан гэдэг. Энэ тухай “Юань улсын түүх, тайлга тахилгын тэмдэглэл”-д дурдсанаар 1277 оны наймдугаар сард Хубилай хааны зарлигаар гүрний их нийслэл Дайду-Хаанбалгаст дээдсийн тахилгын сүм байгуулах зарлиг буулгаж, улмаар удаахь оны арван нэгдүгээр сард дахин зарлиглаж, Чингис хааны хөргийг бүтээхийг ордны зураач монгол үндэстэн Хорихосунд даалгасан байна. Хорихусун зураач их хааныг амьд сэрүүнд нь үзээгүй боловч ач хүү Хубилайнх нь дүр төрхөөр баримжаалж зурсан гэж үздэг. 1279 оны хоёрдугаар сард дахин зарлиг буулгаж Чингис хаан, Өгөдэй хааны хөргийг хувилан Судар бичгийн хүрээлэнд байрлуулж хавар, намрын улиралд тахилга үйлддэг болжээ. “Улсын дотоодод хадгалагдаж буй Чингис хааны зурмал хөрөг дүр нь урлал болон бусад онцлог шинжээрээ Хорухусуны бүтээл мөн” хэмээн “Өвөрмонголын өдрийн сонин”-ы 1981 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн дугаарт бичжээ.

Р.Сайшаал эрдэмтний бичсэнчлэн Чингис хааны эш хөргийг зурахад Хубилай хаанаар үлгэр болгосон гэдэг үг үнэний ортой гэдгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар нэгэн өгүүлэлдээ дурджээ. Энэ тухайгаа “Үүнийг хоёр хааны эш хөргийг зэрэгцүүлэн харахад төвөггүй мэдэгдэнэ. Чингис хааны хөрөг дээр хааны асаасан дээл, малгай нь ерөөсөө л Хубилай хааны хөрөгт түүний өмссөн тэр дээл, малгай дүрээрээ байна. Хоёр зургийг зурахдаа нэгийг нь суурь болгож, түүнийгээ нөгөөг нь зурахдаа шууд ашиглажээ гэж хэлж болохоор. Хоёр хааны тэргүүн, нүүр царай, сахал үс, чих зэрэг эрхтнийг маш адилхан зуржээ” хэмээсэн байна.

Хубилай хаан нас өндөр болсон хойноо өвөг дээдсийнхээ хөргийг зуруулан ордондоо залж, тэдний тахилгын сүмийг байгуулж, мөн уг зургуудаас нь хуулбарлуулан залж, тахиж шүтэх болжээ. Тухайлбал, Хубилай хаан өвөг эцэг Чингис хаан, эмэг эх Бөртэ үжин, өөрийн эцэг Тулуй, эх Сорхагтани бэхи нарын хөргийг зуруулсан байна. Мөн дээр өгүүлсэнчлэн өндөр өвөг Есүхэй баатар, өндөр эмэг Өэлүн эхийн хөрөг дүрийг ч бүтээлгэн сүмд залсан тухай түүхийн зарим тэмдэглэлд бий гэнэ. Тиймээс Хубилай хаан Хорихусунаар Чингис хааны эш хөргийг бүтээлгэхдээ миний өвөг эцэг ийм хүн байсан хэмээн дүрслэн хэлж зуруулсан байж болох. Тэгээд ч 1279-1280 оны үед буюу эш хөргийг бүтээж байх тэр цагт Хубилай хаан өөрөө 65-тай буюу өвөг эцгийнхээ тэнгэрт хальсан яг тэр насан дээр ирээд байв.

Сүрлэг, агуу, ер бус

Чингис хааны царай төрх, бие бялдар, сүр хүч, суу заль, цог золбоог эш хөрөгт нь сайтар шингээн зуржээ гэж болно. “Монголын нууц товчоо”-нд Есүхэй баатар есөн настай хүү Тэмүүжинг дагуулан Өэлүн эхийн төрхөм олхонууд иргэдээс бэр гуйхаар явах замд хонгирадын Дэй сэцэн учран золгоод Тэмүүжинийг “Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хөвүүн байна” хэмээн өгүүлсэн тухай бий. Мөн тайчуудын дөнгөнөөс мултран Онон мөрний усанд нуугдан хэвтсэн Тэмүүжинд Сорхон шар “Чи ийм аргатай бөгөөд нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хүн тул тайчууд ийнхүү атаархах ажээ” хэмээн хэлдэг. Их хааны зүс царай, сүр хүч, жавхаа хийморь хүүхэд байхаас нь ийн нүдэнд нь гэрэлтэж, нүүрэнд нь тодорч байжээ. “Юань улсын түүх-Илай ахайн намтар”-т “Тайзу (Чингис хааныг хэлж буй)-гийн төрх байдал, дүр ер бус” гэж тэмдэглэжээ.

Сүн улсын элч Жао Хун гэгч 1220-иод оны үед Монгол оронд зорчин ирж их хаанд бараалхжээ. Тэрбээр энэ тухайгаа “Монгол татаарын тухай бүрэн тэмдэглэл”-дээ дэлгэрэнгүй бичсэн нь дэлхийн монгол судлалд үнэ цэнтэй эх сурвалж болдог. Уг тэмдэглэлд “Монголчуудын эзэн Тэмүжиний бие төрх хүдэр чийрэг, магнай өргөн, сахал урт, сүрлэг агуу, ер бусын болой” гэжээ. Чингис хааныг нас барснаас хойш 40 гаруй жилийн дараа Хубилай хааны дэргэд ирж 17 жил суусан Италийн алдарт жуулчин Марко Поло “Чингис хааны бие бялдар хүдэр чийрэг, билэг ухаан хурц сэргэлэн, үг өгүүлэхүй нь гарамгай агаад нэн баатар эрэлхэгээрээ алдаршжээ” гэж тэмдэглэсэн байдаг. Мөн тэрбээр Хубилай хааны төрх байдал нь түүний өвөг эцэг Чингис хаан лугаа адил гэж сонссоноо бичиж үлдээжээ. “Хубилай болбоос тийм ч өндөр биш бас намханд тооцогдохгүй тэнцүү сайхан биетэй бөгөөд дөрвөн мөч төв тэгш, бүх биеийн байдал дүр төрх нь тэнцэж нийцсэн маш сайхан ажээ. Түүний царай зүс ариун хээнцэр, заримдаа нүүр дүүрэн улаан гэрэл бадарч сарнай цэцэг дэлгэрсэн мэт сүр жавхлан нь улам нэмэгдмүй. Нүд нь мойл хар бөгөөд хурц тунгалаг. Хамар нь тэгш бөгөөд өндөр” гэж дүрслэн бичсэн нь төсөөлөн бодвоос нүднээ тодрох мэт.

Хаадын тиг, Хятаны уламжлал

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг 740 гаруй жилийн тэртээ зурсан гэдэг нь дээр дурдсанчлан түүхэн баримт, ном, бүтээлд тэмдэглэн үлдээснээр мадаггүй тогтоогджээ. Тиймээс монгол хөрөг зургийн үүсэл, хөгжил ч төдийчинээ цаг хугацаагаар хэмжигдэнэ. Их Монгол улсаас ч өмнө Уйгур, Киданы үед хаад, хатад, эрдэм чадалтай түшмэдийнхээ хөргийг зурж мөнхөлдөг байсан аж. Ингэхдээ уран сайхны өндөр түвшинд, тайлга тахилгын зориулалтаар бүтээдэг байж. Энэ уламжлал Юань гүрний үед тасралгүй хүрч ирсэн, тиймээс Чингис хаан болон түүний өв залгамжлагч их хаад, хатдын хөрөг зургийг бүтээн тахилгын сүмд залан шүтэж байсан  гэж үздэг аж.  

Хорихусун Чингис хааны эш хөргийг бүтээхдээ их хааныг цагаан гадартай өвлийн малгай, хул шаравтар өнгийн дээл өмссөн байдлаар зуржээ. Малгайн нүүрэн тал нь цагаан өнгөтэй, орой нь хар өнгөтэй, арьсан малгай бололтой. Ташрамд дурдахад, Хубилай хааны хөргийг бас яг ийм, гэхдээ нүүрэн тал нь хар, орой нь цагаан өнгөтэй малгай өмссөн байдлаар зуржээ. Чингис хааны өмссөн дээл элдэв гоёл чимэглэл, товч сэлт байхгүй, эртний монгол дээлийн нийтлэг хийц хэлбэртэй. Тухайн үеийн монголчууд толгойн оройн үсийг хусч, зулай дээрээ тав гэзэг үлдээдэг, мөн хоёр чихний дээд ард туг үс үлдээн, түүнээ доош сүлжин унжуулдаг байжээ. Үүгээрээ хятанчуудын үсний засалттай тун адилхан. Түүх бичлэгт тэмдэглэсэнчлэн, Чингис хааны хөргийг зурсан энэ тиг жаягаар хожмын хаадын хөргийг зурдаг журамтай болжээ. Өлзийттөмөр, Хайсан хүлэг, Ринченбал, Содбал гэгээн хаан зэрэг алтан ургийн хаадын хөрөг бүгд ийм ижил загвартай, өмссөн дээл хувцад, үс гэзэг, суугаа байрлал зэрэг нь яг адилхан байдаг. Түүнчлэн Чингис хааны эш хөрөгт дүрсэлсэн хувцас загвар, үс засалт хэв маяг археологийн баримтаар олдоод байгаа язгууртны хүн чулуутай тохирч байна гэж нэрт археологич Д.Баяр агсан “Монголын чулуун хөрөг” номдоо бичжээ.  

Г.Сонинбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...