ХБНГУ-д суралцаж буй залуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Э.Шүтээн BMW группээс залуу уран бүтээлчдэд олгодог “Young Artist Jazz Award”-ын эзэн болжээ. Түүнтэй хамт уг шагналыг Нилс Кугельманн, Мориц Стахл нар хүртсэн байна. BMW групп жазз хөгжмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор залуу уран бүтээлчдийг дэмжин 2016 оноос хойш энэхүү шагналыг олгох болсон аж.
Гурван уран бүтээлч тус бүр 3000 еврогийн мөнгөн шагналаас гадна Лейпцигийн Жазз өдрүүд болон Мюнхений “Унтерфахрт” жазз клубт тоглолтоо толилуулах эрхээр шагнуулжээ. Э.Шүтээн 2022 оны аравдугаар сарын 26-ны лхагва гарагт Лейпцигийн Жаззын өдрүүдэд, мөн 2023 оны нэгдүгээр сарын 05-ны пүрэв гарагт 20.30 цагаас Мюнхен хотын “Унтерфахрт” жазз клубт уран бүтээлээ тоглохоор болсон байна.
Сонгодог төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Э.Шүтээн 2018 онд ХБНГУ-ын Мюнхений хөгжим, театрын урлагийн их сургуульд төгөлдөр хуурч болон хөгжмийн зохиолч мэргэжлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан аж. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 20-21-нд болсон Курт Маасын нэрэмжит Жазз хөгжмийн олон улсын уралдаанд тэргүүн байр, 2022 оны тавдугаар сард болсон Биберахын олон улсын жазз хөгжмийн наадмаас шилдэг хөшжмийн зохиолчийн дэд байрын шагналыг хүртэж байсан юм. Түүний бүтээлийн талаар “Уламжлалыг хадгалсан ч шинэ өнгө аяс нэвт шингэсэн, сэтгэл хөдөлгөм хөгжмөөрөө Э.Шүтээн жазз хөгжим нь хамгийн олон янзын нөлөөллийг бүтээлч шинэ дуу авиа болгон нэгтгэж чаддаг гэдгийг нотлон харуулж байна” гэж BMW группийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын үеэр онцолжээ.
Ташрамд сонирхуулахад залуу хөгжмийн зохиолч Э.Шүтээн ДБЭТ-ын ерөнхий найруулагч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэбаатарын охин юм. Г.Эрдэнэбаатар гавьяатыг “Гэргий”, “Шүтээн” зэрэг олон дуугаар нь ард түмэн сайн мэднэ.