Энэ цаг үед ОХУ-д ихээхэн нэр алдарт хүрч, олны анхаарлын төвд байгаа яруу найрагч бол Амарсанаа Улзытуев. Тэрбээр 1986 онд “Нууц дуунууд” нэртэй яруу найргийн анхны түүврээ гаргаснаас хойш 16 жил нам гүм туурвижээ. Харин 2002 оноос хойш дөрвөн түүвэр гаргасан нь Оросын утга зохиолын хүрээнд шуугиан тарьжээ. Ялангуяа 2013 онд хэвлүүлсэн “Анафор”, 2016 онд хэвлүүлсэн “Шинэ анафор” түүврүүд нь түүнд алдар хүнд авчирсан аж. Амарсанаа Улзытуев 2019 онд ОХУ-ын Буриадын төрийн шагнал хүртсэн байна. Тэрбээр эдүгээ Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд багшилж буй аж. Өнгөрсөн тавдугаар сард Монголд ирж, Үндэсний номын баярт оролцох үеэр нь энэ эрхэмтэй уулзаж, хөөрөлдөх боломж олдсон юм.
-Та Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ?
-Гурав дахиа ирлээ. Өмнө нь хоёр удаа ирж байсан. Сая ирээд Нямбуугийн Нямдорж найрагчийн нутаг, бас агуу их Чингис хааны өлгий Хэнтий аймгийн Батширээт суманд очсон. Сэтгэгдэл маш өндөр байна. Цэнхэрийн голыг гаталж цааш явсан. Ямар гоё цэнхэр мөрөн бэ. Ямар өргөн сайхан тал гээшив. Онон, Хурхын хөндийг үзээд маш их баярлалаа. Өмнө нь ирэхдээ би Улаанбаатараас баруун тийш явж үзсэн. Сая зүүн тийш анх удаа явлаа. Батширээтэд хоёр өдөр байж нутгийн хүн зонтой уулзаж, буриадаар хөөрөлдлөө. Маш олон сайхан сэтгэгдэл эндээ хадгалав. /Зүрх рүүгээ заав/ Тэр сэтгэгдлүүд тархинд хараахан ороогүй байна. Олон шүлэг төрөх болов уу, би хэлж мэдэхгүй. Тэр мэдрэмж, сэтгэгдлээ л үргээчихгүй юмсан гэж бодож байна. Дотроо маш сайн хадгалж байгаад гэртээ харьж очоод бага багаар гаргана даа.
-Сая Улаанбаатарт болсон номын баяр дээр та тайзан дээр шүлгээ уншсан. Өмнө нь монгол уншигчдад шүлгээ дуудаж байв уу?
-Өмнө нь Монголд ирэхдээ тайзан дээр шүлэг уншиж байгаагүй. Сая анх удаа уншлаа. Харж байхад талбайд цугларсан хүмүүс их баярлаж, гайхаж байх шиг санагдсан. Шүлгээ уншаад тайзнаас буухад олон хүн баяр хүргэсэн. Яруу найрагчид, зохиолчид, хөгжмийн зохиолчид ирж хамт зураг авахуулсан. Шүлгийг маань сайхан хүлээж авсан. Хүмүүс ч тэгж хэлсэн.
-Монголд ирсэн нэг зорилго тань номоо монгол хэлээр хэвлүүлэх байсан гэж сонслоо?
-Тийм ээ. “Шинэ анафор” номын маань шүлгүүдийг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Ж.Нэргүй ах орчуулсан. Намар хэвлэхээр төлөвлөж байна. Мөнгө, санхүү нь шийдэгдвэл магадгүй тэрнээс өмнө ч хэвлэж мэднэ.
-Оросууд таны шүлгээ унших хэв маяг, зан төрх, өгүүлэмжээс гадна анафор шүлгийг тань их онцолсон байх юм билээ. Шинэлэг хэлбэр гэж үзэж байх шиг?
-Анафор гэж монгол яруу найргийн форм, рифм буюу хэлбэр, хэмнэл юм. Монгол шүлэг толгой буюу урд үе холбодог. Харин орос шүлэгт бол сүүл холбодог. Би орос шүлгийг монгол шүлэг шиг толгой холбож бичдэг. Энэ нь орос яруу найрагт анхны оролдлого юм. Өмнө нь ийм хэлбэр байгаагүй. Орос яруу найрагчид үүнд дуртай болчихоод намайгаа магтаад байгаа.
-Шүүмжлэхгүй байна уу?
-Ер нь л магтуулна. Оросууд миний шүлгийг их сонирхоно. Оросууд сонгодог найрагчдаа амьд сэрүүн байхад нь эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс нь музейд авдаг. Надаас нэлээд хэдэн жилийн өмнө музейдээ эд зүйл авсан. Эрдэмтэд, судлаачид миний тухай бичдэг. Тэд анафор шүлгийг маань шинэ, эргэлт гэж нэрлэдэг. Миний шинэ номыг хүлээнэ. Тэгээд л гарахаар нь уншицгаана. Би цаашдаа Монголд ирсэн сэтгэгдлээ шүлэгтээ оруулна. Юу болохыг харъя. Гэхдээ үүнийг би өөрөө ч мэдэхгүй л байна.
-Анофор шүлэг яагаад бичих болов. Оросын сонгодог шүлгийн хэлбэр, тогтолцоог сөрсөн юм аа даа?
-Оросын яруу найрагт толгой холболт санамсаргүй гэх үү, тохиолдлын гэмээр ч юм уу, тийм байдлаар цөөнгүй байдаг. Гэхдээ хэвшиж тогтсон хэлбэр байгаагүй. Үүнийг би орос шүлэгт оруулсан. Монгол шүлэгт бол толгой холбох нь жирийн хэрэг шүү дээ. Миний аав Дондог Улзытуев буриадын нэртэй яруу найрагч байсан. Аав минь буриадаар шүлгээ бичихдээ орос шүлэг шиг хойт үе буюу сүүл холбох хэмнэлийг амжилттай туршсан. Энэ нь буриад шүлэгт шинэ үзэгдэл болж байсан. Мөн аавыг минь верлибр буюу чөлөөт шүлгийг буриад яруу найрагт анх оруулж ирсэн гэж уран зохиолын шүүмжлэгчид бичсэн байдаг.
-Таныг шүлэг бичихэд аав тань нөлөөлсөн үү?
-Яагаад шүлэг бичиж эхлэв гэвэл мэдээж аав минь яруу найрагч байсан учир энэ нь надад нөлөөлсөн. Ааваасаа хойш агуу их буриадын яруу найрагчийн харгуйг нь цааш үргэлжлүүлэх гэж шүлэг бичсэн. Гуравдугаар ангид байхдаа, есөн настайдаа анхны шүлгээ буриадаар бичсэн. “Хатгууртайхан ёолк” гэж шүлэг бичиж байснаа мартдаггүй. Сүүлдээ шүлгээ оросоор бичдэг болсон.
-Аав тань таныг шүлэг бичихэд баярласан байх даа?
-Аав минь 1972 онд тэнгэр болсон. Аав алдартай яруу найрагч тул ийш тийш их явдаг байв. Хамгийн сүүлд Агын аймгийн зохиолчидтой уулзахаар очоод тэндээ өвчнөөр өөд болсон. Би тэгэхэд дөнгөж есөн настай байлаа. Тиймээс шүлэг яруу найргийн талаар надад юу ч хэлээгүй. Ээжид “Хүүгээ буриад сургуульд оруулаарай. Буриад хэлээ сайн сурч, мэдэх ёстой” гэж захьсан байсан. Учир нь би нэг, хоёрдугаар ангидаа орос сургуульд сурсан юм л даа. Ээж минь аавын энэ захиасыг биелүүлж намайг гуравдугаар ангиас маань шууд буриад сургуульд сургаж, аравдугаар анги төгсгөсөн. Би бүр бага байхаасаа л буриад ахуйдаа өссөн. Аав минь намайг ээжийн нутаг Захаамин аймгийн хонгоодор буриадуудын Цагаан морин гэж газарт аваачдаг байв. Тэнд бага насаа өнгөрөөсөн тул буриадаар сайн ярьдаг болсон. Гэхдээ одоо ч буриад хэлээ сурч сайжруулж, улам бөхөлж л явна.
-Шүлгээ орос хэл дээр голлон бичиж байна уу. Буриадаар уу?
-Би шүлгээ оросоор бичдэг. Буриадаас орос руу орчуулга хийдэг. Харин одоо халх монгол аялгаас орос хэл рүү орчуулга хийх том зорилго тавиад байгаа. Тиймээс монгол хэлээ хурдан сурах, буриад аялгаа бас сайн давтаж сэргээх хэрэгтэй байна. Монголд аль болох олон удаа ирж байж л монгол хэлэнд илүү сайн болох байх.
-Монгол зохиолчдоос хэн хэний бүтээлийг орчуулъя гэж төлөвлөж байна вэ?
-Сонгодгуудыг… Сая би нэг шүлэг би орчуулж үзлээ. Б.Явуухулангийн “Нүүдэлчний намар” шүлгийг орчуулсан. Манай буриадын хамба лам Дамба Аюушиев буриадаар сонин гаргадаг юм. Тэр сониндоо энэ шүлгийг орчуулж өгөөч гэж надад санал тавьсан. Ингээд би “Нүүдэлчний намар” шүлгийг маш хурдан хугацаанд орчуулаа. Надад их таалагдсан. Цаашид би Монголын яруу найргийг орчуулах зорилготой байгаа. Яруу найрагч Г.Аюурзана Монголын яруу найргийн антологийг надад илгээсэн. Тэр антологид Монголын шилдэг яруу найраг бүгд бий. Эхний ээлжинд агуу их яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн шүлгийг орчуулах санаатай. Н.Нямдорж гуай аавтай минь цуг М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч байсан. Тэр хүн надад Амарсанаа гэж нэр өгсөн. Тиймээс шүлгүүдийг нь заавал орчуулна. Мөн Р.Чойномын буриадуудын тухай их гоё найраглал байдаг. Түүнийг орчуулна. Амарханаас хэцүү рүү бага багаар орчуулна гэж зорьж байна. Ямар ч байсан Б.Явуухулангийн шүлгээр гараагаа тавилаа. Миний монгол хэл муу. Гэхдээ монголоор сайн уншдаг, бичдэг болно оо. Ю.Кручкиний гаргасан гурван том толь бичиг бий. Тэрийг л их харж байна.
-Н.Нямдорж гуай таны нэрийг өгсөн гэлээ. Энэ талаарх түүхийг та ярьж өгөөч?
-Би Улаан-Үдэд төрсөн. Намайг төрөхөд аав маань гуравдугаар курсийн оюутан, Москвад байсан юм билээ. Тэгээд намайг төрөнгүүт ээж рүү цахилгаан илгээжээ. “Хүүдээ Амарсанаа гэж нэр өг” гэсэн байж гэнэ. Ээж ямар сонин нэр гээшив гэсэн гэдэг. Аав өмнө нь ч ээжид хэлж байж. Хүүгээ төрөхөөр Амарсанаа гэж нэр өгөөрэй гэж. Тэр нэрийг аавд хэлж өгсөн эзэн нь Н.Нямдорж гуай. Ингэж би Амарсанаа нэртэй болсон. Буриад оронд нэг л Амарсанаа 50 жил явлаа. Одоо харин олон Амарсанаатай болсон. Охиддоо хүртэл Амарсанаа гэж нэр өгдөг болсон байна лээ.
-ОХУ-д монгол уран зохиол хэр орчуулагдаж байна вэ?
-Элдэв номын дэлгүүрээр ороход тэнд орос шүлгийн түүвэр ч байдаггүй. Ганц А.С.Пушкины ном л байж мэднэ. Тэгээд л адал явдалт, уран зөгнөлт, аймшгийн зэрэг хүний сонирхол татдаг романууд их байдаг. Орост яруу найргийн ном хамгийн олондоо 1000 ширхэг л хэвлэгддэг. Мянга ч бараг ихдээ орно. Дунджаар 300-500 хувь л хэвлэнэ. Тэгээд л гүйцээ. Энэ том гүрэнд яруу найраг ийм түвшинд байна.
-Яруу найргийг оросууд ийм бага уншиж байхад монгол яруу найргийг орчуулах хэрэг байна уу?
-Мянган хувь хэвлэсэн ч бай тэрийг хүн уншиж байвал сайн. Тэр уншсан мянган хүн дотор эрдэмтэд, утга зохиолын шүүмжлэгчид байна. Тэд яруу найраг, уран зохиолыг сургуулийн хөтөлбөрт оруулахад нөлөөлж чадна. Номын санд яруу найргийн номуудаа өгсөн байхад тэнд хүмүүс ороод уншина. Тиймээс цөөн хувь хэвлэгддэг байсан ч хамаагүй номуудаа гаргана, шүлгээ бичнэ. Соёлтой уншигчид бас ч гэж байна. Оросын нэг сайт байдаг. Тэнд шүлэг найраг бичдэг сая гаруй хүн байдаг. Сонгодог яруу найраг бичдэг хүмүүс ч байна, бүр реппэрүүд ч бий. Намайг тэр сайт янз бүрийн уралдаанд шүүгч болооч гэж урьдаг. Оросууд шүлэгт дуртай.
-Буриадаас таны араас гарч байгаа шинэ, залуу яруу найрагчид олон байна уу?
-Мэдээж бий. Буриадын залуу найрагчид цаг үеэсээ хоцролгүй бичиж л байна. Би Буриадын нэрт яруу найрагч Намжил Нимбуевын нэрэмжит уралдаанд шүүгчээр ажилласан. Өнгөрсөн онд болсон сүүлийнх нь наадамд нэг буриад хөвгүүнд тэргүүн байр өгсөн. Буриадад шүлэг бичиж байгаа мэргэжлийн гэмээр хүмүүс бий болж л байна.
-Та буриаддаа байнга очдог уу?
-Одоо би Москвад байна. Өвөл, хавартаа Москвад, зундаа Улаан-Үдэд амьдардаг. Намайг Москвагаас дуудахгүй бол, зав чөлөө байх л юм бол намар ч бас Улаан-Үддээ байдаг. Хагас жил Москвад, хагас жил Буриад оронд байдаг гэхэд болно оо. Буриадад миний гэр ч бий. Нүүдэлчин шиг жил бүр ингэж амьдардаг. Одоо харин зам харгуй минь өөр тийш тэмүүлж байна. Жилийн зургаан сард нь Москвад, зургаан сард нь Монголд байх санаатай.
-Аав тань М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурсан. Та ч бас энэ сургуульд суралцаж төгссөн. Одоо сургуульдаа багшилж байгаа байх аа?
-Би 1980-1985 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. Монголын зохиолч Ц.Нямаатай хамт сурч байлаа. Сургуульдаа сүүлийн дөрвөн жил багшилж байна. Орос, буриад оюутнуудын орчуулгын семинарыг удирддаг. Манай сургуульд оюутнууд тав таваараа нэг семинар болдог. Манай сургуулийн хоёр, гуравдугаар курст Монголоос хоёр эмэгтэй суралцаж байгаа. Би тэдэнтэй уулзсан.
Амарсанаа Улзытуевын эцэг Дондог Улзытуевыг Буриадын Пушкин гэж нэрлэж байв. Харин эдүгээ Москвагийн утга зохиолын орчинд Амарсанаа Улзытуев гайхалтай амжилтад хүрч, хүлээн зөвшөөрөгджээ. Түүнийг оросууд “Манай цаг үеийн хамгийн тод, шинэчлэгч яруу найрагчдын нэг” хэмээн үнэлж, дэлхийн утга зохиолын нэр хүндтэй хэвлэлд шүлгүүдийг нь орчуулан хэвлэдэг байна. ОХУ-ын төр, нийгмийн зүтгэлтэн, зохиолч Захар Прилепин түүнийг шилдэг 50 яруу найрагчийн нэгээр нэрлэжээ. Зохиолч Эдуард Лимонов Амарсанааг “Чингис хааны овгийн сэхээтэн” гэсэн нь бий. “Улзытуев яруу найрагт шинэ хэмнэл, сэдэв, бичлэгийн онцгой арга барилтай орж ирсэн. Түүнд маш их ирээдүй бий” гэж “Новый мир” сэтгүүлийн ерөнхий редактор Андрей Василевский бичсэн байна.
Амарсанаа Улзытуевын анхны номыг тухайн үеийн ЗХУ-ын нэрт яруу найрагч Е.Долматовский редакторлосон бол сүүлийн үед дуулиан тарьж буй “Шинэ анафор” номынх нь өмнөх үгийг нэрт утга зохиол судлаач, шүүмжлэгч Лев Аннинский, төгсгөлийн үгийг нь Анна Ахматовагийн шавь, И.Бродскийн найз Евгений Рейн бичжээ.
Ярилцсан Г.Сонинбаяр