Тавантолгойн нүүрсийг Өмнөговийн Цогтцэцийгээс Говьсүмбэр аймаг буюу Чойр хүртэл 400 гаруй километр шороон замаар тээвэрлэх болсноор говийн эмзэг хөрс улаан хоормог болж, байгаль экологийн сүйрэл нүүрлэжээ. Хүнд даацын машинаар шороон замаар нүүрс тээвэрлэнэ гэдэг уулыг тал, талыг там болгоно л гэсэн үг. Гурван аймгийн нутгаар дайрсан нүүрсний зам дагуу нүд халтирам нөхцөл байдал үүсэж, малчдын амь нас, эрүүл мэндэд аюул занал дагуулах болжээ. Тиймээс сар гаруйн өмнө буюу 2022 оны гуравдугаар сарын 31-нд Зам тээврийн хөгжлийн сайд тушаал гаргаж Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг хаагаад байгаа юм. Аль ч талаа бодсон энэ бол зүй ёсны шийдвэр.
Нүүрсээ зарахын тулд хүнээ гаргуунд хаяж, байгалиа золиосонд гаргаж хэрхэвч болохгүй. Цар тахлын дараах эдийн засгийн хямралтай байгаа гээд шороон тахлаар говийн хүн зоныг хэлмэгдүүлэх ёсгүй. Үүнийг нүүрсний зам дагуух нутгийн иргэд, малчид төр, засагт хандан олон удаа анхааруулж, учирлаж ирсэн. Тэгэхээс ч өөр аргагүй.
Хүнд даацын машин хөрсийг орвонгоор нь эргүүлж хаяснаар тоосжилт хэрээс хэтэрч, малчид эрүүл мэндээрээ хохирох болсон аж. Идшинд хэрэглэхээр төхөөрсөн малынх нь уушги, ходоод устан цэврүүтээд идэх аргагүй болсон байсан гэхээр малаа дагаж яваа малчин хүний эрүүл мэнд ямар байгаа нь ойлгомжтой.
Түүнчлэн нүүрс тээврийн машинууд бэлчиж яваа мал дайрахаас эхлээд малчин айлын хашаа хороог дайрсан, худаг усыг нь бохирдуулсан тохиолдол ч гарч байж.
Тиймээс Цогтцэций-Чойрын чиглэлийн нүүрс тээврийн шороон замыг хаасан шийдвэрийг нутгийн малчид дэмжиж байгаа аж. Гэтэл нүүрс тээврийн жолооч эсрэгээр нь ярьж, малчидтай тохиролцсон гэж худлаа мэдээлэл түгээжээ. Түүнчлэн нүүрс тээврийн шороон замыг хааснаар өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байна хэмээн харамсаж байгаа атлаа говийн малчдын эрүүл мэндийн хохирол, байгаль экологид учруулж буй хор хөнөөл, сүйтгэлийг огт ярихгүй байгаа нь нүд улаан, мөнгө цагаан гэгч болжээ. Үүнд нутгийн иргэд эгдүүцэж байгаа бөгөөд дахин тээвэрлэлт эхлүүлэх юм бол хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Шороон замаар нүүрс тээвэрлэнэ гэдэг манайхаас өөр хаана ч байхгүй, стандарт бус үйл ажиллагаа. Нүүрс тээвэрлэх аж ахуйн нэгж хатуу хучилттай замаа эхэлж барих ёстой. Эсвэл төмөр замаар тээвэрлэх нь агаарын бохирдол, хөрсний эвдрэл, тоосжилтыг эрс бууруулж, цөлжилт, элсний нүүдлээс сэргийлэх зэрэг олон давуу талтай, байгаль экологид халгүй, эдийн засагт хэмнэлттэй шийдэл. Монгол Улс, БНХАУ-ын хил хооронд богинын рейсээр нүүрс тээвэрлэснээр жилд экспортлох нүүрсний хэмжээ 8-10 сая тонноор нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт төвлөрөх татвар хураамж нэмэгдэх тооцоо ч гараад байгаа.
Харин шороон замаар нүүрс тээвэрлэх нь олох ашгаасаа илүү алдах гарз хохирол ихтэй. Тэрхүү гарз хохирлыг хэмжиж тооцох, нөхөж сэргээх аргагүй. Цогтцэций-Чойрын чиглэлийн нүүрс тээврийн шороон замыг хаасан нь өнөөдрийн ашиг бус маргаашийн үр дагаврыг харсан шийдвэр юм.