Sunday, November 24, 2024

МАЗААЛАЙГ ҮНДЭСНИЙ  БАХАРХАЛТ АМЬТНААР ЗАРЛАЯ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!

Date:

Монголын говь бол Ази тивд хамгийн томд тооцогдох, дэлхийд тавдугаарт орох том газар нутгийг эзлэн оршдог цөлийн бүс. Энэ бүс нутгийн эрс тэс, хатуу ширүүн уур амьсгал, сорилт бэрхшээл, байгалийн шалгарлыг даван амьдардаг цөөн амьтны нэг нь мазаалай юм. Ус, ургамал хомс, идэш тэжээл тарчиг, уур амьсгал нь хатуу ширүүн Монголын говьд гантай жилд нь нүүж дайжилгүй, зудтай өвөл нь зуларч шилрэлгүй тэвчээр заан амьдардаг тэсвэр хатуужлын туйл болсон энэ амьтан дэлхий дээр ердөө 50-иулхнаа. Хамгийн сүүлийн буюу энэ он гарсаар хийсэн тандалт судалгаагаар мазайлайн тоо толгой өсөж хагас зууд хүрсэн таатай мэдээ олны сонорт хүрээд удаагүй байгаа. Өмнө нь 2016 оны тооллогоор улсын хэмжээнд мазаалайн тоо 22 байсан бол 2018 онд 36 болж нэмэгдээд байсан юм.

Ийнхүү “Улаан ном”-д орсон говийн баавгай мазаалай удаан ч гэлээ тоо толгой нь өсөж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүнд тайвширч болохгүй. Сүүлийн жилүүдэд мазаалайн бэлчээр нутаг хүний үйл ажиллагаа, малын бэлчээр зэрэгт шахагдан, хумигдаж түрэгдэж байгаа. Мазаалай уг нь махчин амьтан боловч хүмүүст бэлчээр нутгаа булаалгаж цөл рүү шахагдсан учраас идэш тэжээлийнх нь 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүн эзлэх болсон гэсэн судалгаа ч байна. Мазаалай зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог юм байна. Түүний иддэг ургамал, шавж байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх эрсдэл өндөр болжээ. Сүүлийн жилүүдэд мазаалайн амьдардаг газар нутагт янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэх нь ховор байдаг гэнэ.  

Хатуу ширүүн говийн байгальтай хатан тэвчээрээ сорин тэмцэж байж хоол тэжээлээ олж идэж, тэр хэрээрээ амьдрах чадвар суух нь мазаалайн нэг төрөлх араншин ажээ.

Эр мазаалай буюу эвш нь хааш хаашаа хагас мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрийг эзэмшлээ болгон амьдардаг гэхээр мазаалайн тэсвэр тэвчээр, байгаль эхээс түүнд өгсөн хувь хишгийг бишрэхээс өөр аргагүй. Шармаахай нь хоёроос гурван жилд нэг бамбарууш гаргадаг ч үр төл нь үрэгдэж хорогдох, өлсөж цангах түмэн эрсдэлтэй нүүр тулна. Мазаалайн амьдрал тэр чигээрээ амьд үлдэхийн төлөөх тэмцэл.

Говь цөлд амьдардаг цорын ганц баавгай, тэр тусмаа зөвхөн Монголын говьд байдаг энэ гайхамшигт ховор амьтныг хайрлан хамгаалах үүрэг монголчуудад бий. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан өөрийн ивээл дор Мазаалай баавгайг хамгаалах үндэсний зөвлөгөөнийг саяхан зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр мазаалай баавгайн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, үүнд иргэдийн оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэн, нэн ховор амьтдыг хамгаалах олон улсын туршлагыг хуваалцсан байна. Ийнхүү төрийн тэргүүний анхаарал, ивээлд мазаалай багтжээ.

1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдоос орос эрдэмтэд анх олж тогтоон, улмаар дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд “Ursus Arctos Gobiensis” гэсэн нэршлээр бүртгүүлж, 1953 онд АИХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон энэ амьтан яах аргагүй Монголын нэгэн гайхамшиг мөн. Мазаалайг дархан цаазтай болгосны 70 жилийн ой хойтон тохиох нь. Энэ ойг угтаж Ерөнхийлөгч маань мазаалайг Үндэсний бахархалт амьтнаар зарлаасай. Ирэх 30 жилд төр засаг, түмэн олонтойгоо нийлээд зөв, оновчтой бодлого хэрэгжүүлж чадах аваас мазаалайг дархан цаазтай болгосны 100 жилийн ойгоор тоо толгой нь 100-д хүрсэн байвал хэчнээн сайхан.

Өмнө нь Бурхан Халдун хайрханыг Үндэсний бахархалт хайрхан, шонхор шувууг Үндэсний бахархалт шувуу, бэр цэцгийн Үндэсний бахархалт цэцэг болгон зарласан жишиг бий. Зөвхөн Монголын говьд л амьдардаг, нэн ховор энэ амьтныг Үндэсний бахархалт амьтнаар зарлах нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, олон улсын анхаарлыг мазаалай хамгаалал, мазаалай судлал руу хандуулж, тэр хэрээр хөрөнгө оруулалт татах, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх боломжууд нээгдэнэ. Хятадууд устаж мөхөхөд тулаад байсан панда баавгайгаа хэрхэн хамгаалж, өсгөн үржүүлж, улсын эрдэнэ хэмээн алдаршуулж байгаа бэлээхэн жишээ дэргэд байна. Говийн баавгай мазаалай монголчуудын бахархал, Монголын говийн нэгэн эрдэнэ билээ.    

Г.СОНИНБАЯР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...