Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх болсонтой холбогдуулж Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхоролтой ярилцлаа.
–Хөшигийн хөндий рүү төр захиргааны зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс олон нийтийн бүтээн анхаарлыг татаж буй байгуулалтын асуудлаар ярилцлагаа эхлүүлье.
-Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 31 мянган га газарт 150 мянган хүн ажиллаж амьдрах “Эдийн засгийн чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулах”-аар зорьж байна.
Хөшигийн хөндийн орчмын бүсийг нэгдсэн байдлаар Олон улсын нисэх буудлын хот төлөвлөлтийн загвараар хөгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Дэлхийн улс орнуудын хувьд олон улсын нисэх онгоцны буудлаа аэротрополис /aerotropolis/ загвараар хөгжүүлж байгаа. 2000 оноос хойш дэлхийн 83 нисэх буудал энэхүү загвараар хөгжиж байна. Энэхүү хот байгуулалт, ложистик, бизнесийн модель гурвын нэгдсэн орон зайн төлөвлөлтийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлсэн нь Инчон , Бээжин, Дубай, Сингапур зэрэг хотууд юм. Бид энэ хотуудын орон зайн стратеги үйл ажиллагааны төлөвлөлтийг анхаарч судалгаануудаа хийж байна.
Суурьшлын бүсийг Эдийн засгийн чөлөөт бүстэй уялдуулан Тээвэр логистикийн төв бүхий Үйлдвэржилтийн бүс, Мэдээлэл технологийн кластер төв, их дээд сургуулиудын хотхон зэргээс бүрдсэн байхаар төлөвлөлт хийсэн. Бид энэхүү бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийхдээ төрийн болоод хувийн хэвшлийн, гадаадын бүх талын оролцогч нартай уулзаж санал бодлыг нь сонсож тусгаж байгаа. Мөн олон улсын чөлөөт бүсүүдийн судалгааг хийж, Монголд тохирох загварыг боловсруулахаар ажиллаж байна. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон. Энэ зарчмаар төслийн ажил явагдана.
–Шинэ суурьшлын бүс үүслээ гэхэд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах боломж бүрдэх үү.
-Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран судалгаа, шинжилгээ хийж, салбар дундын уялдааг нягт ханган ажиллаж байна. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг эзлэх нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж амьдарч байгаа нь хүн амын төвлөрөл нэг газраа хэтэрснийг харуулж байна. Жилд дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байгаа гэсэн судалгаа гарсан. Нийт их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байгаа нь хүн амь төвлөрөлтийн гол шалтгаан болоод байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайдаас төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд Төрийн захиргааны зарим байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хөндөж судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн. БХБЯ болон манай Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа хамтран судалгаа явуулж байна. Энэ шийдвэр нь Улаанбаатар хотоос Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс рүү хүн амын таталцлыг бий болгоход чухал үүрэгтэй гэж үзэж байгаа.
Шинэ суурьшлын бүсэд 50-60 мянган ажлын байр шинээр бий болж үүнийг дагаж 150 мянган иргэн буюу 50 мянган орчим өрх суурьшина гэсэн урьдчилсан тооцоолол бид гаргасан. Ажлын байр бий болгох гол хүчин зүйл нь Эдийн засгийн чөлөөт бүс байх болно. Мөн их дээд сургуулиудын хотхоныг байгуулснаар 15 мянган оюутан тэнд суралцах боломж бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд Улаанбаатар хотын замын түгжрэл 15 хувь, 1 мкв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурна гэсэн тооцоолол гарч байна.
–Хөшигийн хөндий рүү зорчих хөдөлгөөн ихсэхээр Яармагийн замын ачаалалд яаж нөлөөлөх бол. Одоо ч бас л айхтар түгжирч байгаа шүү дээ.
-Улаанбаатараас Хөшигийн хөндий рүү зорчих автозамын ачаалал нэмэхгүйгээр Богд хаан төмөр замыг зорчигч тээвэрт ашиглах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллагууд хэлэлцэж, судалгаа хийж байна. Судалгааны үр дүнд Хөшигийн хөндийд өртөө байгуулах, өртөө орчмыг цаашид хоёр дахь замтай болгож, шинэ онгоцны буудал руу зорчигч тээврийн төмөр замын шугам, Тээвэр логистикийн төв бүхий Үйлдвэржилтийн бүс рүү салбар төмөр зам барих боломжтой байхаар төлөвлөж байна.
–Төмөр замыг зорчигч тээвэрт ашиглана гэсэн үг үү?
-Тийм ээ. Хуучин карьерын зориулалттай Сонгинын төмөр замыг шинэчлэн Богд хаан төмөр замтай холбож, Хөшигийн хөндийгөөс Толгойт, Улаанбаатар, Амгалан өртөө хүртэл тогтмол цагт хөнгөн галт тэрэг зорчдог болгохоор төлөвлөж байна. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах нэг гарц болох юм. Тэнд амьдардаг эсвэл онгоцонд суух гэж байгаа хүмүүс галт тэрэгний хуваарийн дагуу ажлаа төлөвлөөд зорчих боломжийг бүрдүүлж өгнө. Түүнээс одоогийн Яармагийн замаар Хөшигийн хөндий рүү зорчино гэвэл замын хөдөлгөөний ачааллыг улам нэмэгдүүлэх нь ойлгомжтой.
НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛАА ТҮШИГЛЭСЭН АМРАЛТ ЗУГААЛГЫН РЕСОРТ, ЭНТЕРТАЙНМЕНТ ШОУ БИЗНЕСИЙН ТӨВ БАЙГУУЛАГДАНА
-Хаврын чуулган эхэлж байна. Энэ долоо хэлэлцэх эхний асуудалд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоолыг хэлэлцэх хуваарьтай байна лээ. Энд эдийн засгийн чөлөөт бүсийг хэрхэн төлөвлөж байна.
-Монгол улс өнөөдөр уул уурхайн салбараас хэт хамааралтай хүрэн эдийн засагтай. Цаашдаа бид эдийн засгаа солонгоруулж төрөлжүүлэхийн тулд аялал жуулчлал болон худалдаа, үйлчилгээний эдийн засгийг бий болгох нь зүйтэй. Энэ нь байгаль экологид ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан хэнийг ч орхигдуулахгүй хамруулж хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Нөгөөтээгүүр аялал жуулчлалын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээнүүдийг бий болгож олон мянган ажлын байрыг бий болгох боломж бүрдэнэ.
Ингэхийн тулд Эдийн засгийн чөлөөт бүсийг шинэ нисэх буудлын зүүн хойд талд 1000 га газарт төлөвлөн гаднаас ирэх жуулчдад хамгийн түрүүнд үзүүлэх үйлчилгээний газруудыг бий болгох шаардлагатай байна . Чөлөөт бүсэд гадаад, дотоодын жуулчдыг хүлээж авах зочид буудал, үйлчилгээний цогцолборууд Нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлалын төв, Худалдаа, үйлчилгээний төвүүд, мэдээлэл технологийн кластер төв байгуулах, Санхүү, бизнесийн төв, Эрүүл мэндийн аялал жуулчлалын хэсэг байхаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын ирээдүйн нүүр царай болох томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр Засгийн газрын зүгээс онцгой анхааран ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалтыг эхлүүлснээр залуучууд өөртөө болон ирээдүйд итгэлтэй, ажлын байртай, орлоготой залуусын амьдрах дуртай орчин үеийн шийдэл бүхий хот болж суурьшлын бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь тавигдана.
–Жуулчдыг татахын тулд эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулагдах аялал жуулчлалын салбарт шинээр юу хийх вэ ?
-Нисэх онгоцны буудлаа түшиглэсэн амралт зугаалгын ресорт, энтертайнмент шоу бизнесийн төвийг байгуулагдана. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт шинээр бий болж байгаа бүтээгдэхүүний нэг нь жуулчид аялж амрангаа эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээг илүү сонирхох болсон. Монгол Банкнаас 2020 онд хийсэн “Эрүүл мэндийн аялал жуулчлал”-ын судалгаагаар 2019 онд Монгол улсаас 21.636 иргэн 68.6 сая ам.долларын эрүүл мэндийн үйлчилгээг гадаадад авсан байна. Чөлөөт бүсэд олон улсын сүлжээний томоохон эмнэлгийн салбарыг оруулж ирвэл Дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг Монголд авах боломжийг бүрдүүлнэ. Гадны аялагчид гэлтгүй иргэдийнхээ эрүүл мэндэд гаргах зардлыг бууруулж, гадагшаа урсах эмчилгээний зардлыг бууруулна. Монгол эмч нарын чадвар их сайжирсан . нарийн мэргэжлийн эмч нар, мэс засалчид, шүд, уламжлалт анагаах ухаан гээд олон чиглэлээр дэлхийд өрсөлдөх чадвартай болсон гэж үздэг .
–Хөшигийн хөндийд байгуулагдах чөлөөт бүсийн хувьд амжилттай хэрэгжих суурь нь юу байх юм бол ?
-Үе үеийн Засгийн газраас чөлөөт бүсийг хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийг цогцоор нь шийдэхийг эрмэлзэж тодорхой хөрөнгө санхүүжилтийг сүүлийн 15 жилд гаргасаар ирсэн. Гэсэн хэдий ч хууль эрхзүйн тодорхойгүй байдал, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах эрх зүй эдийн засгийн тогтвортой ээлтэй орчныг бүрдүүлж хангалттай хөгжиж чадаагүй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Чөлөөт бүсийн асуудлаар 5 удирдлага солигдсон байдаг. Энэ нь бодлогын тогтвортой байдлыг хангахад сөргөөр нөлөөлсөн. Мөн чөлөөт бүс хэрхэн төлөвлөх бодлого тодорхой гараагүй байхад дэд бүтцээ барих ажил эхлүүлж, удаашрах саатах шалтгааны нэг болсон гэж харж байгаа. Бид өөрсдийн мөрөөдсөн төлөвлөлтийг хийх биш, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах тэдэнд нийцсэн төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн тухайд гэвэл төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан, тогтвортой ажиллах боломжуудыг олгохоор төлөвлөж байна.
–Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын санхжүүлтийг яаж шийдвэрлэх вэ ?
-Бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийх гадаад, дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд , Худалдаа аж үйлдвэрийн танхим санал ирүүлсээр байгаа . Эдгээр байгууллагын төлөөллүүдтэй тогтмол уулзаж саналыг нь тусгахаар ажиллаж байгаа. Одоогоор Олон улсын хөрөнгө оруулалтын зохицуулагч компанитай хөрөнгө оруулалт татах, хууль эрх зүйн орчны урьдчилсан судалгаа хийх, бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэх зэрэгт хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулаад байна. Эдийн засгийн чөлөөт бүсийн нэг гол онцлог нь тус бүсэд бизнес эрхлэх аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад Чөлөөт бүсийн тухай хуульд заасны дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх зэрэг таатай нөхцөлийг бүрдүүлж, тэгш оролцох боломжийг хангаж өгөх, Монгол улсын болон олон улсын гэрээ конвенц, эрхзүйд нийцсэн бизнес, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж өгөхийг зорьж байна. Ялангуяа хөрөнгө оруулагчид бизнесийнхэнд ээлтэй, тогтвортой ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийг 10-15 хувь тэлэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа. Хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс ямар саналуудыг тавьж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс олон улсын гэрээ, дүрэм давамгайлсан эрх зүйн таатай, тодорхой орчинтой, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг хангах тал дээр анхаарах хүсэлтүүдийг тавьж байгаа
–Таны хэлсэнчлэн хөрөнгө оруулалт хийхэд дэд бүтцийн асуудал чухал байдаг. Ажлын явц ямар шатандаа явж байна вэ.
-БХБЯ-аас дэд бүтцийн зураг төслийн тендер зарлаж гүйцэтгэгчид нь шалгараад Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөгөө, Эдийн засгийн чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөлтийг хийхээс гадна инженерийн бэлтгэл арга хэмжээ, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, цэвэр ус хангамж, мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан хангамжийн зураг төслүүдийг хийж гүйцэтгэж байна. Дэд бүтцийг хэсэгчилсэн байдлаар төлөвлөх нь оновчтой гэж бид үзэж байгаа. Удахгүй Засгийн газрын хурлаар ерөнхий төлөвлөгөө батлагдана .
–Олон улсад чөлөөт бүс амжилттай хэрэгжсэн туршлагаас сонирхуулбал?
-Монгол Улсын чөлөөт бүсийн тухай хууль, саяхан нэмэлт өөрчлөлт орсон хуулиуд сайн зохицуулалттай болсон гэж үзэж байгаа. Хууль эрх зүйн тогтвортой орчин, шийдвэр гарах процес нь тодорхой, уян хатан хөрөнгө оруулагчдад ээлтэй, шуурхай хүнд сурталгүй, тогтвортой байдлын гэрээг хийж хөрөнгө оруулагчдын бизнесийн эрх ашгийг нь хамгаалж төр засагтай татварын бодлогоороо ил тод, шилэн, нээлттэй харьцдаг байх харилцааг бий болгож өгөх нь тэдэнд маш том дэмжлэг болох байх. Олон улсад чөлөөт бүс амжилттай хэрэгжсэн туршлагуудаас харж байхад дэд бүтцийг шийдвэрлэх, тогтвортой байдлыг хангах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх гэх мэт төр засгаас бодлогын бодитой дэмжлэг үзүүлж хамтран ажилснаар амжилтад хүрдэг юм байна.
ОЛОН УЛСЫН АГААРЫН КАРГОТ ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАГДСАНААР МАНАЙ УЛС ГУРАВДАГЧ ГАРЦТАЙ БОЛНО
-Тээвэр логистикийн төвийг төлөвлөж байгаа талаар дээр дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монгол Улсын Засгийн газраас нисэх буудлыг өргөтгөж, олон улсын агаарын ачаа тээврийн транзит төв болох зорилтыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн. Бид далайд гарцгүй ч Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа хуурай боомт бий болгохыг зорьж байна. Энэ бодлогын хүрээнд Богдхан төмөр зам, олон улсын хурдны авто зам, агаарын тээвэр гэсэн гурван замын зангилааг ашиглаж ачаа барааг логистикийн нэгдсэн төвд төвлөрүүлнэ. Эндээсээ аймаг орон нутаг руу авто тээврийн хэрэгслээр бөөний худалдааны төв сүлжээнүүдээс ачаа бараагаа авч шилжүүлж, түгээх юм. Мөн экспортыг дэмжсэн үйлдвэрлэлийг бий болгосноороо гадагшаа гарах барааг хамгийн шуурхай, хямд зардлаар түгээх, экспортлох боломж бүрдэнэ.
-Олон улсын агаарын ачаа тээврийн транзит төвийн манай эдийн засагт өгөх өгөөжийг том зургаар нь харвал…
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн каргоны терминалаа шуурхай барих шаардлагатай. Энэ терминаль дагуу 720 га газарт агаарын ачаа тээврийн карго байгуулахаар төлөвлөсөн. Олон улсын агаарын Каргот логистикийн төв байгуулагдсанаар манай улс гуравдагч гарцтай болно. Үүний тулд бид нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Нислэгийн тоог нэмэгдүүлье гэвэл “Нээлттэй тэнгэрийн бодлого” буюу агаарын орон зайн либералчлалд нэгдэх хэрэгтэй юм билээ. Зам тээврийн сайдад энэ чиглэлээр Ерөнхий сайд үүрэг өгсөн байсан. Удахгүй шийдвэрлэх байх. Манай улсын нутгаар жилд 60 орчим орны 130 мянга орчим онгоц дамжин өнгөрч байдаг. Өдөрт дунджаар 350 орчим онгоц. Үүний ядаж 10% буюу 35 онгоцыг буулгамаар байна. Ингэж чадвал зорчигч тээврийн билетний үнэ хямдарч аялал жуулчлал өсөхөд том хувь нэмэр болох боломжтой.
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын нэг хэсэгт их дээд сургуулиудын хотхон байна гэлээ. Яг ямар их дээд сургуулиудын байх боломжтой вэ?
-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал аль хэдийнээ эхэлсэн энэ үед IT-н салбарыг бид бодлогоор дэмжиж техник технологийн дэвшилттэй хөл нийлүүлэн алхах ёстой. Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах гол салбаруудын нэг нь IT-ын салбар байх юм. Энэ салбарын мэргэжилтэй боловсон хүчин , хүний нөөц бэлдэх хэрэгцээ үүснэ. Мэдээлэл технологи Шинжлэх ухаан, инновацид суурилсан их дээд сургуулиудыг дэмжиж хамгийн сүүлийн үеийн их сургуулийн хотхон барихаар төлөвлөж байна. Ингэснээр оюутнууд дадлага хийх, хамтын туршилт, эрдэм шинжилгээ судалгаа хийх нөхцөл бүрдэхээс гадна оюутнуудыг ажилтай, орлоготой болоход том түшиц болно. Энэ асуудлаар Боловсрол шинжлэх ухааны яам судалгаа хийж байгаа .
Бүтээн байгуулалтын төсөл дээр орон нутагтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ. Орон нутагт хүртэх үр өгөөж нь юу байх бол.
-Төв аймгийн, сумдын удирдлагууд болон ИТХ-ын дарга нартай уулзаж төсөл хөтөлбөрөө танилцуулсан. Тэд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Монгол улсын Засгийн газрын Халамжаас – хөдөлмөрт шилжих бодлогыг Төв аймгаас эхлүүлэх боломжтой болно. Бид хүний нөөц, боловсон хүчнээ бэлтгэхдээ залуучуудыг тэргүүн ээлжид хамруулахаар бэлтгэл ажилдаа орж тодорхой хугацаанд төсөл хэрэгжүүлэх судалгаа хийж байна.
Хөшигийн хөндийд сүндэрлэх суурьшлын бүсийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Дэлхийн нийтийн тухлан зочлохыг хүсдэг, Монголын залуучуудын ажиллаж, амьдрахыг мөрөөддөг орчин үеийн, ухаалаг, эрүүл амьдралын хэв маяг бүхий аялал жуулчлалын хотыг амжилттай байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хөшигийн хөндий дэлхийн брэнд болох нь ойрхон….
–Баярлалаа