Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг дахь Нисэх онгоцны буудал, Автотээврийн төв, Авто замын засвар арчлалын компаниудад ажиллалаа. Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн, аймгийн удирдлагууд Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болгох, Өлгий-Казакстан чиглэлд нислэгтэй болох саналыг сайдад танилцууллаа.
Тус аймгийн Автотээврийн төвийн удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв. Сайдын зүгээс Автотээврийн төв нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд байсан ч одоо үйл ажиллагаа сэргэж байна. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвүүдээс хамгийн багтаамж сайтай нь Баян-Өлгий аймагт байдаг. Цаашид ашиглалтаа сайжруулахад анхаарч ажиллах чиглэл өгөв.
Харин Зам, тээврийн хөгжлийн яамтай олон жилийн турш гэрээтэй ажиллаж буй авто замын засвар арчлалтын “Жол” ХХК-ийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа хэлж, Өлгий хотын дундуур байгаа олон улсын авто замын засвар арчлалт, гэрэл ойлгогч хийх зэрэг ажлуулдад 15 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөв. Хэрэв хугацаандаа биелүүлэхгүй бол гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаа хэллээ.
Ховд аймгийн нисэх онгоцны буудалд Хүннү эйр компани Улаанбаатар-Ховд орон нутгийн нислэг, Ховд-Алмата чиглэлд гуравдугаар сарын 16-аас олон улсын нислэг хийнэ. Хил хамгаалах алба, гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтынхантай хамтран ажиллах төлөвлөгөө гаргахыг Ховд нисэх онгоцны буудлын удирдлагад өгөв.
Хатуу хучилтай авто замыг төрөөс санхүүжүүүлэн барьж, засварладаг. Гэвч хэдхэн хүнд даацын автомашин яваад эвддэг байж болохгүй. Тиймээс даац хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг автотээврийн төвийн удирдлага, улсын байцаагчид үүрэг болгов.
“Ховд АЗЗА” төрийн өмчит компани нь 700 гаруй км замыг хариуцан засвар арчлалтыг хийдэг байна. Хоёр хэсэгт шуурхай ажлын хэсэг ээлжээр ажилладаг. Ажлын байранд тулгамдаж байгаа зарим асуудлыг сайдад танилцуулав. Сайд, замын үзлэгийг тоог нэмэгдүүлэх, Автотээврийн төвийн удирдлага, АЗЗА компанийн удирдлага хамтарч даац хэтэрсэн машиныг хатуу хучилттай зам дээр явуулахгүй байхад хамтарч ажиллахыг даалгалаа.