Friday, November 22, 2024

С.Ганболд: Монголын хүн амд цус ойртсон гэсэн дүгнэлт хийхэд ихээхэн өрөөсгөл

Date:

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүнамын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдсантай холбоотойгоор Биологич, хүний генетикч мэргэжилтэй, судлаач, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ганболдтой ярилцлаа.

Тэрбээр хуучнаар ЗСБН Азербайджаны Улсын их сургуулийг биологич-хүний удам зүйчээр 1978-1983 онд ЭМЯ-ны  нэр суралцаж төгссөн. ЭМЯ-ны Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институтэд судлаачаар, Ардын армид хугацаат цэргийн албан хаагч, тухайн үеийн Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газарт тасгийн эрхлэгч, 1988-1990 онуудад Шинжлэх ухааны академийн биотехнологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1990-2001 онуудад туайн үед үйл ажиллагаа явуулж байсан Хүн судлалын үндэсний төвд, 2001-2021 он буюу гавьяаны амралтаа авах хүртэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газарт Биологи, ДНХ-ийн лабораторийг удирдан ажиллаж байжээ.

Саяхан УИХ Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих тухай тогтоолыг баталсан. Энэ тогтоолд тусгагдсан зарим зүйл заалтуудын талаар таныг мэргэжлийн хүн гэдгээр нь санал бодлыг тань сонсох гэсэн юм. Тогтоолын тухай таны бодол?

Монгол хүн судлал, түүнийг хөгжүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих, угийн бичгийг хөтлөх зэрэг асуудлыг төрийн бодлогынхэмжээнд авч үзсэн чухал шийдвэр гэж үзэж байна. Төр чухал асуудал гэж үзэж нэгэнт шийдвэрээ гаргасан.  Одоо харин энэ шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахад салбаруудын уялдаа холбоог сайн хангаж мэргэжлийн хүмүүсийн үг, судалгаа шинжилгээний бодит үр дүнд тулгуурлаж цаашид үйл ажиллагааг нь зөв хөгжүүлэх нь нэн чухал.Энэ тогтоолтой холбоотой мэргэжлийн судлаачид санаа бодолоо илэрхийлсэн ярилцлага, нийтлэлүүд гарсан байна лээ. Миний бие ч өөрийн зарим санаа бодлоо www.mpress.mn сайтад ярилцлага өгсөн.

Энэ тогтоолд цус ойртолт, монгол хүний удмын сангийн талаар тусгасан байсан, энэ талаар таны санаа бодолыг сонсох гэсэн юм?

1980-иад онууд буюу 30-иад жилийн өмнө 6 аймгийн 8 сумдын хүн амд цус ойртолтын түвшин тогтоох судалгааг хийсэн нь бий. Энэ судалгаагаар зөвхөн судлагдсан сумдын хэмжээнд 3-4 дахь үеийн ах дүүгийн хүүхдүүд хоорондын гэрлэлтээс үүссэн төрөл ойртолтын төвшний хэмжээнд байгаа үр дүн ажиглагдаж байсан юм.

Гэвч тэр  судалгаанд ашигласан генетик маркерүүд буюу генетик шинж тэмдэг нь 2-3 аллелиар удамшдаг мэдээлэл багатай,тухайн үед генетикийн шинжлэх ухаан өндөр  төвшинд хүрээгүй, судалгаанд ДНХ-ийн олон хэлбэршлүүд нээгдээгүй, судалгаа шинжилгээний мэдрэг аргууд практикд нэвтрээгүй байсан юм. Иймээс энэ судалгааны үр дүнд тулгуурлан Монголын хүн амд цус ойртсон гэсэн дүгнэлт хийхэд ихээхэн өрөөсгөл дүгнэлт болно гэж судлаач хүний хувьд үздэг.

Ийм учраас өнөөдрийн нийгмийн хөгжлийн нөхцөл байдалд төрөл ойртолтын судалгааг шинжлэх ухааны хамгийн орчин үеийн арга технологи болох ДНХ-ийн төвшинд хийж жинхэнэ үнэлгээг өгөх нь нэн чухал асуудал болж байна. Ийм түвшиний судалгаа хийх туршлага, технологи, мэргэжилтэн, стандарт бий болчихсон байна. Үүнд тодорхой  хэмжээний санхүүгийн эх үүсгэвэр шаардлагатай, тухайлбал ганц нэг тоног төхөөрөмж, оношлуур, хэрэглэгдэхүүн, эрдэм шинжилгээ, судалгааны зардал гэх мэт. Хамгийн гол нь Монголын хүн амын төрөл ойртолтын төвшин, ургийн овгийг хамгийн орчин үеийн арга технологиор дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр аутосомын, митохондрийн ДНХ, Y-хромосомын ДНХ-ээр тогтоосон, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх үр дүнг гаргах юм.

Судалгаа гэснээс судалгаанд ямар хүмүүсийг хамруулах вэ? Оюуны гажигтай хүмүүсийг судлана гэсэн үг үү?

Оюуны хомсдолтой хүүхэд төрөх тохиолдол бол цус ойртсоны шууд үр дагавар гэж ойлгож болохгүй л дээ. Олон учир шалтгаантай. Нарийвчилсан шинжилгээ хийж байж тогтоох ёстой. Мэдээж төрөл ойртсонтой холбоотой нь ч бий. Ер нь сум, багийн хүн ам дахь төрөл ойртолтын түвшинг нийт хүн амын 1/3 -ийг хамруулж олон үзүүлэлттэй генетик маркерээр ДНХ-ийн түвшинд хийдэг. Судалгаанд цөөнх ястан, угсаатны болон тухайн сумын хүн амын хэмжээ, газарзүйн онцлог зэргийг харгалзан сонгодог.

80-90 онтой харьцуулахад хүн амын шилжих хөдөлгөөний  чиглэлд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нийгмийн харилцаа, хууль эрх зүйн орчин эрс өөрчлөгдсөн, зам харилцаа сайжирч, шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавихгүй болсноор эрс өөрчлөлт гарсан нь тодорхой юм. Учир нь шилжих хөдөлгөөн хүн амын дундах төрөл ойртох процесст шууд нөлөөлж болох нэг үзүүлэлт байдаг. Иймд шилжих хөдөлгөөний өнөөгийн чиг хандлагыг судлах нь бас чухал.

Удамшлын өвчин, төрөл ойртолт гэсэн нэр томьёог та нэг тайлбарлаач ?

Удамшлын өвчин нь нэг хэлбэрийн шинж тэмдэг буюу эмгэг юм. Удамшлын өвчин түүнийг оношлох, ангилах, хромосом дахь генийн байршилыг тогтоох судалгааг 1960-иад оноос хойш АНУ-ын “Johns Hopkins”-ын их сургуульд Ф. Фогель и А. Мотульски нар өөрсдийн хамтрагчдынхаа хамтаар өнөө хүртэл хийгддэг, эрчимтэй хөгжиж буй салбарын нэг. Эд нарын тооцоолсоноор удамшлын 6000гаруй өвчин эмгэг бүртгэгдсэн байдаг. Мэдээж дотроо олон ангилалд хуваагддаг. Анагаах ухаан, удам зүйн хэллэгээр бол доминант, рецессив хэлбэр, хүйс дагаж удамшдаг, хам удамшдаг, митохондрын ДНХ-ээр удамшдаг гээд, хромосомын илүүдэл, дутагдал, хромосомын бүтцийн өөрчлөлт, нэг нуклеотидын гээгдэл, илүүдэл гээд генийн өвчин гэх мэт олон хэлбэрүүд байдаг. Бүгд өөрийн онцлог, учир холбогдол, шалтгаантай. Төрөл ойртсон гэрлэлт болгонд л удамшлын өвчтэй, эмгэгтэй хүүхэд төрдөг гэсэн өөрөөсгөл ойлголт яваад байдаг. Ямар нөхцөлд төрөл ойртсон гэр бүлд эмгэгтэй хүүхэд төрөх вэ гэвэл гэр бүлийн гишүүн бүрт аль нэг өвчин үүсгэгч аллель ген зөөвөрлөгч байдлаар байгаа нөхцөлд рецессив ген ижил эвцэлд орсоноор тухайн эмгэг хүүхдэд нь илэрч гарах нөхцөл бүрддэг. Энэ тухай нийтлэлч, микробиологич Баавар гуай “Оюуны хомсдол” нийтлэлдээ мэргэжлийн хүний хувиар их л ойлгомжтой бичсэн байна лээ. 

Энэ тогтоолын 3-д “хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлыг зохицуулах чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д 2023 онд багтаан өргөн мэдүүлэх” тухай заалтын хувьд, ер нь тогтоолын хэрэгжилтийн талаар таны санаа юу байна?

Алсдаа нийгэмд ач холбогдолтой, чухамхүү юу хийж, ямар үр дүнтэй ажил хийхийг  шинээр боловсруулах хуулийн төсөлд ямар зүйл заалт тусгахаас шууд шалтгаална. Хиих ажлаа зөв чиглэлд чиглүүлэх нь юу юунаас чухал.

Ядаж энэ чиглэлээр шинжлэх ухааны орчин үеийн мэдлэг арвинтай, арга зүй, техник технологи гадарладаг эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсох нь нэн чухал санагдана.

Генетикийн оношилгоо, эмчилгээг хөндсөн нь сайн хэрэг. Харин генийн сан гэдэг нэр томъёогоо маш зөв талаас ойлгож хөгжүүлж цаашид нэр томьёог маш зөв хэрэглэж эхлэх ёстой. Генийн сан, удмын сан, дээжийн сан, ДНХ-ийн мэдээллийн сан, гэмт хэрэгт холбогдсон эрсдэл бүхий хүмүүсийн ДНХ-ийн мэдээллийн сан, төрсөн хүүхэд болгоноос ДНХ-ийн сорьц авах гэх мэт олон асуудлыг их л зөв шийдэл олж, хаана хаанаа дээрх нэр томьёо  бүрийг нь зөв ойлголттой авч явах ёстой.

Монгол хүний удмын сан гэж хэлэхээс илүүтэй Монгол хүний генетик тогтоц гэсэн нэр томьёог хэрэглэх нь зүйтэй байх.

Генийн сан гэдэг ойлголт бол их өргөн хүрээтэй асуудал, олон улс орнууд янз бүрийн нэр бүхий хуулиар эрх зүйн орчинг зохицуулдаг. Тухайлбал хойт хөрш Орос улс 2009 онд “Генийн бүртгэлийн тухай” гэсэн бие даасан хуультай болсон, 2018 оны сүүлээр ерөнхийлөгч нь «генетикийн технологийг ОХУ-д хөгжүүлэх тухай» зарлигт гарын үсэг зурсан. Улмаар 2019 оноос “Роснефть” компанаар санхүүжүүлж эхний ээлжид 100 мянган хүний геном дахь ДНХ-ийн бүрэн дарааллыг тогтоох ажлыг эхлүүлсэн гэж мэдээлсэн.

Манай урьд хөрш 2017 оноос эхэлж 2020 хүртэл 700 сая эрэгтэй хүний цусны дээж цуглуулсныг Erik Carter мэдээлсэн. Зорилго нь гэмт хэрэг илрүүлэлттэй тэмцэх гэх  мэт янз бүрээр генийн санг ашиглаж байна.

Манайд аль чиглэлээр нь ашиглахыг нь эхлээд ярьж тохирч нэг ойлголттой болох ёстой. Хийсвэр их мэдэгчийн дүрд тоглосон зарим цөөхөн хүний үгэнд итгэж нүсэр ажил болох хүний 46 хромосомд байрлах үйл ажиллагааны 21000 орчим ген, хүний нийт геномын 3 тэрбум орчим нуклеотидийн бүрэн дарааллыг тогтоох сан бүрдүүлнэ гэх сэтгэл хөөрөлд автахгүй байх хэрэгтэй.

Харин янз бүрийн өвчний гэрт илрүүлэх оношлогоо, генетик тогтоцыг тогтоож зарим өвчинд өртөмтгий байж болох магадлалыг тооцоолж тухайн өвчнөөр өвдөхгүй байхаас урьдчилан сэргийлэх, хамаатан садан мөн эсэхийг нь иргэний өөрсдийн нь хүсэлтээр тогтоож өгөх, хууль хүчний байгууллагад хэрэглэгддэг зөвхөн тухайн хүнийг адилтган харьцуулах шинжилгээнд хэрэглэгддэг зарим генетик маркерүүдээр ДНХ-ийн мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажиллах нь чухал юм. 

Судалгаа шинжилгээний туршлага, практикаас ажиглаж байхад туршилтын шатандаа явж байгаа өндөр үнэтэй тоног төхөөрөмж сонгох,  ачааллын горим, хийх ажлынхаа хэмжээг сайн тооцоогүйгээс, хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн, түүнд ашиглах иж бүрдлийг мэдэхгүйгээс ашиглаж чадахгүй  төхөөрөмжүүд худалдан авч улсын төсвийн хөрөнгийг ямар ч үр ашиггүй, үрэлгэн зүйлд зарцуулсан олон тохиолдол манайд цөөнгүй байдаг.  

Тогтоолын хүрээнд ургийн бичиг хөтлөх ажлын эхлэл, эрх зүйн орчныг зохицуулсан журам, заавар зэрэг зарим асуудлыг зохицуулсан бичиг баримт гарсаныг нь улам боловсрронгуй болгоод явчихад болох байхаа.

Тогтоолд бүтцийн байгууллага бий болгох тухай асуудал орсон байсан энэ талаар?

Монгол хүн судлалыг сэргээх асуудлыг хөндсөн зүйл заалт бол яах аргагүй зөв зүйтэй асуудал, харин энэ чиглэлээр ямар асуудлыг эхний ээлжид барьж авах, ямар арга аргачлал, технологоор хэрэгжүүлэх тал дээр мэргэжсэн судлаачдын туршлага, оюуны хүчийг нь ашиглах хэрэгтэй.

Энэ бүтцийн байгууллага нь олон улсын жишгээр ч тэр, хийх ажлын үндсэн чиг үүргээрээ ч тэр эрүүл мэндийн салбарт байх ёстой. Орчин үед анагаах ухаан, эмчилгээ, оношилгооны технологи молекул биологи, биотехнологид дээр тулгуурлан хөгжиж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа танд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...