Friday, November 22, 2024

Г.Э: Үрсийнхээ төлөө заавал эдгэрнэ гэж хорт хавдрыг даван туулсан

Date:

Манай улсын хувьд зонхилон тохиолдож байгаа элэг, ходоод, уушги, гуурсан хоолойн хорт хавдрын зэрэгцээ умайн хүзүүний хорт хавдар сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Иймд уг өвчний талаарх мэдээлэл зөвлөмжийг охид эмэгтэйчүүдэд түлхүү хүргэх, улмаар урьдчилан сэргийлэх илрүүлэг шинжилгээ, эмчилгээ, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн ч амьдралын зорилго тэмүүлэл, сэтгэлийн зориг тэвчээрээр даван туулж эдгэрсэн Баянзүрх дүүргийн … дугаар хорооны иргэн Г.Э нь өөрийн бодит түүхээ хуваалцсаныг та бүхэнд хүргэе.

-Би өмнө нь ажил, амьдралын олон асуудлаас болоод эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй байснаа хожуу ухаарсан. Учир нь, 2018 онд гурав дахь хүүхдээ төрүүлээд удалгүй хорт хавдартай гэдгээ мэдсэн. Амаржсанаас хойш маш их ядарч, хоёр сарын дараа цус алдаж эхлэхэд нь “Төрөлттэй холбоотой байх” гэж бодоод өрх, дүүргийн эмнэлэгт үзүүлэн цус тогтоох эмчилгээ хийлгэж байлаа. Гэтэл төд удалгүй хоолой хөндүүрлэж, хөхнөөс идээ гоожоод хүүхдээ ч хөхүүлэх боломжгүй болсон тул нялхыгаа хөхнөөс нь гаргаж дахин эмнэлгээр явахад хүрсэн.

Үнэндээ хавдрын эмнэлэгт үзүүлэх нь байтугай өрхийн эмнэлэгтээ ч шинжилгээ өгч байгаагүй хүн л дээ, би. Тэгээд дүүргийн эмчийн зөвлөснөөр ХСҮТ-д эсийн шинжилгээ өгөхөд умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн нь тогтоогдож, өвчлөл аль хэдийнэ хоёрдугаар шатандаа орсныг оношилсон.

Шинжилгээний хариуг сонсоод эхэндээ маш их хямарсан, нялх биетэйг ч хэлэх үү. Хорт хавдартай гэдгээ мэдэх үед ээж аав минь гадаадад байсан. Нөхөр маань намайг хавдартай болсныг мэдээд хаяад явчихсан. Яг тэр үед коронавируст халдварын дэгдэлт тархсан байсан цаг үе. Балчир гурван хүүхэдтэйгээ хаягдаж үлдсэн, хүнд өвчтэй миний хувьд ёстой л тэнгэр хол, газар хатуу санагдаж билээ. Гэхдээ л надад үхэх эрх байгаагүй. “Үрсийнхээ төлөө заавал эдгэрч, эрүүл саруул болно доо” гэсэн итгэл, сэтгэлээр өндийж боссон минь энэ.

Хэдийгээр умайн хүзүүний хорт хавдрын талаар аль эрт сонсож мэддэг байсан ч “Ажилтай” гэж шалтаглахгүй, өөртөө цаг гаргаж эрт илрүүлэг, эсийн шинжилгээнд хамрагдсан бол хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой байж дээ гэж үргэлж харамсдаг юм. Хавдрын эсүүд биед хурдацтайгаар тархаж, бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлсөн тул эмчилгээний явцад мэс засалд орж хөх, өндгөвчөө авахуулахаас өөр аргагүй болсон доо.

Юутай ч, одоо өвчний хүнд үеэ даваад гарчихсан “Эрүүл саруул, эрч хүчтэй болно” гээд эерэг байгаа. Хавдрыг аль болох эрт илрүүлэх тусам эмчилгээ, эдгэрэлт хурдан байдаг юм байна. Хамгийн гол нь, хавдартай гэдгээ мэдсэн хэнд ч бай “Эерэг байгаарай” гэж хэлье. Өнөөгийн нийгэмд хүмүүсийн бухимдал ямар их байгаа билээ. Таны бие өвдсөн ч, сэтгэлээрээ өвдөхгүй байх нь нэн чухал. Өвчнөө даван дийлж, эрүүл бөгөөд эрч хүчтэй, эерэг байна гэдэг чинь хамгийн том эмчилгээ юм шүү. Одоо би химийн эмчилгээндээ цаг тухайд нь орж, эрүүл ахуйн дэглэмээ маш сайн баримталж байгаа. Хүүхдүүдийнхээ хичээл, сургуулийн засвар чөлөөнд гэртээ гар урлал хийж, аливаад бүтээлч сэтгэлгээгээр ханддаг болсон.

Хүмүүст зөвлөхөд, өвдсөнийхөө дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэлт хийж, эрүүл мэнддээ анхаараарай. Ялангуяа охид эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж өөртөө анхаарах нь архаг суурь өвчин, хорт хавдраас сэргийлэхэд тустай.

Зөвхөн ээжүүд гэлтгүй, өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрхтэнд анхаарах, наад зах нь даарч хөрөхөөс сэргийлэх нь ямар чухал болохыг ойлгуулаарай. Умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээг гурван жил тутамд Өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй авдаг учраас эрт илрүүлэгт заавал хамрагдаж байгаарай. Хорт хавдар хожуу шатандаа илэрвэл эмчилгээ, амьдралын нас тэр хэрээр багасна гэдгийг л ойлгох хэрэгтэй юм. Таны эрүүл мэнд зөвхөн таны гарт шүү. Бас эмч нартаа баярлалаа.

Умайн хүзүүний хорт хавдар бол урьдчилан сэргийлж болдог, халдварт бус өвчин. Мөн вакцинаар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Умайн хүзүүний хорт хавдар нь 20-оос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг ба 50-аас дээш насныхан маш эрсдэлтэй бүлэгт багтдаг байна. Энэ төрлийн хорт хавдар үүсэх шалтгаан нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, эмчилгээний муу тоног төхөөрөмж, хэвийн бус амьдралын хэвшил зэрэг нь гол хүчин зүйл болдог. Түүнчлэн бэлгийн харьцаанд эрт орох, бэлгийн хамтрагч олонтой байх, бэлгийн хамтрагчийн онцлог (өвчний халдвар дамжуулах эрсдэлтэй хамтрагч), тамхи татдаг эмэгтэйчүүд, жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаагаар уух, бэлгийн замын халдварт өвчтэй болон дархлаа султай эмэгтэй, тогтмол үзлэгт хамрагддаггүй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг аж.

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ? Умай нь их бие, ёроол, хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү гэдэг. Энэ хүзүү хэсэгт үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт ордог бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 80 хувь нь Ази болон өмнөд Америк, Африк зэрэг хөгжиж буй орнуудад үүсдэг байна. Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан нь папиллома вирус юм. Бэлгийн хавьталтаар папиллома вирусийн халдвар авах нь гол шалтгаан болдог. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 97,7 хувиас илүү нь маш аюултай папиллома вирусийн халдвар авсан байдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...