Saturday, November 23, 2024

ЭМГЭНЭЛ

Date:

ШАГДАРЫН БИРА

(1927-2022)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, Улаанбаатар хотын хүндэт иргэн Шагдарын Бира 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тэнгэрийн орноо дэвшлээ.

Ш.Бира нь 1927 онд Улаанбаатар хотод төрж, 1946-1951 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг түүхч мэргэжлээр төгсөн, 1960 онд түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1971 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг ЗХУ-ын /хуучин нэрээр/ Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнд тус тус хамгаалжээ.

Ш.Бира 1960 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал,1973-1982 онд ШУА-ийн Нийгмийн ухаан хариуцсан анхны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, ШУА-ийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд1987-2011 онд Олон Улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.

Академич Ш.Бира нь түүхийн шинжлэх ухааны нэг чухал салбар болох түүх бичлэгийн ухааныг эх орондоо үүсгэн хөгжүүлэх, монголчуудын төвөд хэлт түүхийн зохиолуудыг анхлан судлах хийгээд Монгол үндэсний соёлын өв уламжлал, шашны түүх зэргийг шинжлэн судлах ажилд гарамгай хувь нэмэр оруулжээ. Нийт 200 гаруй ном бүтээл туурвиж, тэнгэрийн үзэл, тэнгэрчлэлийн онол баримтлалыг боловсруулан дэвшүүлсэн нь Монголын улс төр, гүн ухааны онолын сэтгэлгээнд шинэ амжилт болсон төдийгүй нийт хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний хөгжил дэвшилд анхаарал татсан чухал судалгаа болсон билээ. Түүний Монгольская тибето язычная историческая литература”, “Монгольская историографияв XIII-XVII вв”, “Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа”, “ Монголын тэнгэрийн үзэл “ зэрэг томоохон бүтээлүүд нь орос, монгол, англи, хятад хэлээр орчуулагджээ. Үүний зэрэгцээ ЮНЕСКО-гийн гурван том төсөлд үндсэн зохиогч зохицуулагчаар ажиллаж байв.

Академич Ш.Бира нь ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэн (1985-1988), Францын Нийгмийн шинжлэх ухааны институт (1988), Энэтхэгийн Түүх судлалын нийгэмлэг (1991), Токиогийн Ази, Африкийн хэл, соёлыг судлах хүрээлэн (1992-1993), Боннын Их сургууль (1995),  АНУ-ын Баруун Вашингтоны Их сургууль (1997) зэрэг гадаадын судалгааны байгууллагад зочин профессор, судлаачаар уригдан ажиллаж, Олон Улсын Монгол судлалын холбоог үүсгэн зохион байгуулах, монгол судлалыг гадаадын орнуудад өрнүүлэх, Монголыг гадаадад сурталчлан таниулах үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Мөн Өвөр Монголын Их сургуулийн хүндэт профессор, Москвагийн Олон Улсын Харилцааны Их сургуулийн хүндэт доктор, Энэтхэгийн Соёлын олон улсын Академийн хүндэт гишүүн, Нью-Йоркийн Академийн гишүүн, Америкийн Төв Евроазийн судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүн, Америкийн Монголыннийгэмлэгийн хүндэт гишүүн, Оросын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн хүндэт доктороор тус тус сонгогджээ.

Тэрбээр шинжилгээ судалгааны ажлаас гадна эх орныхоо улс төр, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож иржээ. Ш.Бира 1968 оноос Ардын Их Хурлын депутатаар 3 удаа сонгогдож, Монголын Парламентын бүлгэмийн нарийн бичгийн дарга, даргаар ажиллан, “Парламентынбүлгэмийн мэдээлэл” сэтгүүлийг эрхлэн гаргаж, Олон улсын парламентын холбооны бага хурал ба чуулганд 20 шахам удаа Монголын парламентыг төлөөлөн оролцжээ. Мөн Монгол-Францын нийгэмлэгийн сонгуульт ажлыг 1973 оноос 10 гаруй жил хийж байжээ.

Академич Ш.Бирагийн хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, “Хүндэт дипломатч” цол, тэмдэг, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”, “Монгол Улсын Төрийн шагнал”, “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор тус тус шагнасан байна. Түүнчлэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Азийг судлах Хааны нийгэмлэгийн “Денис Синорын Алтан медаль”, 2006 онд Японы Фүкүокагийн Азийн Соёлын шагналын “Академик” шагнал, 2007 онд гүн ухаантан Н.К.Рерихийн нэрэмжит олон улсын шагналаар тус тус шагнажээ.

Нэрт түүхч, төр, нийгмийн зүтгэлтэн, академич Ш.Бирагийн ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанар, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН, Л.ЭНХ-АМГАЛАН,Г.АМАРТҮВШИН, Д.САРАНГЭРЭЛ, Т.ДОРЖХАНД, С.ГАНБААТАР, Б.БАТЦЭЦЭГ, Ж.БАТБАЯСГАЛАН, Д.СУМЪЯАБАЗАР, Д.РЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...