Монголын улс төрийн ууган хүчин болох МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны 25 жилийн ой ирэх дөрөвдүгээр сард тохионо. Одоогоос 25 жилийн өмнө буюу 1997 оны дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдөр МАХН-ын Залуу гишүүд, дэмжигчдийн III чуулганаар “Залуучууд-Хөгжил” төвийг зохион байгуулалт, үйл ажиллагааных нь хувьд өөрчилж Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоо /МАСЗХ/ хэмээх улс төрийн баримжаа бүхий залуучуудын төрийн бус байгууллага болгон зохион байгуулжээ. Мөн холбооны анхны ерөнхийлөгчөөр одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сонгосон түүхтэй. Улмаар МАСЗХ байгуулсныг МАХН-ын Удирдах зөвлөлд уламжлан чуулганы шийдвэрийг албан ёсоор батламжлахыг хүсчээ. Уг хүсэлтийг МАХН-ын Удирдах зөвлөл хүлээн авч 1997 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11-р тогтоолоор албан ёсоор хүлээн зөвшөөрч батламжилжээ. Холбооны анхдугаар зөвлөгөөнд ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тавьсан илтгэлд дурдсанаар, 1998 оны есдүгээр сарын байдлаар МАСЗХ нь Монгол Улсын 21 аймаг, 333 сум, Улаанбаатар хотын есөн дүүрэгт салбар холбоодоо байгуулж эгнээндээ 42 мянган гишүүн нэгтгэсэн үндэсний томоохон байгууллага болж чаджээ. 1990-1996 оны үеийн МАХН-ын удирдлагууд илтгэлдээ залуучуудын талаар ийн дурдаж байв.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Очирбат: -Намын эгнээг өөрчлөлт шинэчлэлийн төлөө тэмцэгч хөдөлмөрчдөөр, тэр тусмаа залуу хүнээр байнга өргөтгөн бэхжүүлэх хэрэгтэй.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон: -Залуучууд бол асар их эрч хүч, өөдрөг сэтгэлтэй, шинэчлэлийн шугамыг дэмжигч нийгэм, хүн амын идэвхтэй хэсгийн нэг юм. Тэдний хүсэн хүлээж, санаа сэтгэлээ зовоож байгаа тулгамдсан асуудлыг намын байгууллага тухай бүр мэдэрч, оновчтой шийдвэрлэх арга замыг олоход туслаж байх болно.
Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр: -Намын гишүүдийн дунд залуучуудын эзлэх байр суурь, тоо хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх нь бидний ойрын жилүүдийн гол зорилгын нэг мөн. Намын томоохон бодлого боловсруулж хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд залуу гишүүдийг аль болохоор өргөнөөр оролцох бүх талын нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди: -Манай нам залуучуудын асуудлыг хэзээ ч анхаарлаасаа холдуулж, ганц өөрсдийнх нь нуруунд үүрүүлж байгаагүй бөгөөд залгамж хойч үе маань эрүүл энх өсч, эрдэм боловсролтой элбэг хангалуун амьдралтай байгаасай. Энэ дэлхийд энх тайван, найрамдал, нөхөрлөл хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хувь нэмрээ оруулаасай гэсэн бодлого ямагт баримталсаар ирсэн.