Friday, November 22, 2024

“Зэрлэг амьтдад ээлтэй төмөр зам” төслийн үр дүн гарчээ

Date:

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг байгуулах тухай” 1949 оны хэлэлцээрийн дагуу Монгол Улсын хойд хил Сүхбаатар өртөөнөөс урд хил Замын-Үүд өртөө хүртэлх 1110 км төмөр замыг барьж 1955 онд ашиглалтад оруулсан түүхтэй.

Дээрх төмөр зам нь Ази-Европыг холбосон олон улсын төмөр замын тээврийн гол коридор, ачаа тээврээр Монгол улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой салбар хэдий ч Монгол Улсыг босоо тэнхлэгт биологийн төрөл зүйлийн амьдрах орчны  хувьд 2 хэсэгт хуваасан юм.  

Төмөр замын гол шугамын хамгаалалтын өргөст тор нь тал хээрийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээр, хулан адуу, аргаль хонь, хар сүүлтийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, үхэл хорогдолд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллага, судлаачдын 2013-2018 оны хооронд хийсэн мониторингийн судалгаагаар тогтоогдсон байна.

Жил бүр өсөн нэмэгдэх төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах, ирээдүйд  тээвэрлэх ачаа, зорчигчийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангах, байгаль орчинд ээлтэй тээврийн үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн шугаман байгууламжаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад онцгой анхаарч Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс уулархаг нутгийн болон  тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах  MNS 6515:2015, MNS 6735:2018,  стандартуудыг батлуулж, мөрдөн ажиллаж байгаа юм байна.

“Оюу Толгой“ ХХК-ийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Шинэлэх ухааны академи, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах (CMS) конвенц зэрэг байгууллагууд хамтран 2019 онд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам дагуу зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрчимтэй цэгүүдэд, урьдчилан сонгосон 3 байршилд хамгаалалтын өргөст торыг хэсэгчлэн авах, торны бүтэц өөрчлөх ажлыг хийж, дээрх байршлуудад 85 ширхэг хөдөлгөөн мэдрэгчтэй автомат камерыг суурилуулсан байна.

Дээрх төслийн ажил нь санхүүжилт болон туршилтын хугацаа дууссан зэрэг нөхцөл, байдлаас шалтгаалан түр зогссон хэдий ч зэрлэг амьтад төмөр зам хөндлөн гарч буй эсэхийг баталгаажуулах автомат камерын тусламжтай боловсруулсан мониторингийн  судалгаагаар аргаль, хар сүүлт, цагаан зээр, хулан адуу төмөр замын тор авсан хэсгээр нэвтэрч байгаа таатай үр дүн гарсан нь “Дэлхийд үнэлэгдсэн 100 төсөл”-ийн нэгээр шалгарчээ.

Тор авсан хэсгээр гарч буй хулан адуу хяналтын камерт бичигдсэн нь:

“Зэрлэг амьтдад ээлтэй төмөр зам” төслийг “Оюу толгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр урьд хэрэгжүүлж байсан түвшинд хүргэн, үргэлжлүүлж 2022 оны нэгдүгээр сарын 25-27-ны хооронд Дорноговь аймгийн Өргөн суманд 2 байршилд холбоос нутаг бий болгох /500 м, 700 м/ төмөр замын торыг хэсэгчлэн авах, тор авсан хэсгийн мал бүхий иргэдийн малд байршил тогтоох хүзүүвч суурилуулах ажлыг зохион байгуулсан байна.

Уг арга хэмжээнд АНУ-ын Элчин сайдын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Дорноговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “УБТЗ” ХНН-ийн Замын 4 дүгээр анги, “Оюу толгой” ХХК, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Өргөн, Эрдэнэ сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

“УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, аюулгүй байдлыг хангаж, зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчин, нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “УБТЗ” ХНН-ийн Замын дарга Х.Хэрлэн, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Өргөн сумын Засаг дарга Ц.Мөнхдаваа, Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэн, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Ш.Энхтүвшин, нар гарын үсэг зурж баталгаажуулсан аж.

Монгол Улсад төмөр замын салбарын их бүтээн байгуулалт явагдаж байгаа өнөөгийн нөхцөлд шинээр баригдах тээврийн коридор, дэд бүтцийн төслүүдээс үүдэлтэй зэрлэг амьтдын амьдрах орчны хуваагдал нь биологийн олон янз байдлыг алдагдуулах, сөрөг нөлөөллийг бууруулахад Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгой анхаарч шинэ төмөр замын төслүүдэд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, зэрлэг амьтдын нүүдлийн эрчимтэй цэгийн судалгаанд үндэслэн холбогдох стандартад нийцүүлэн гарц, гарам байгуулах талаар зураг төсөл, ТЭЗҮ-д тусгуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Байгаль хамгааллын захирал Кирк Олсон “Бид хуланг тал хээрт эргэж ирж буйг баримтжуулсан нь дэлхий дахинд зарлан мэдэгдэх онцгой үйл явдал боллоо” хэмээн  дүгнэж, 1955 оноос хойш өргөст торноос болж популяц нь хумигдсан Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Улаан жагсаалтад ховордож болзошгүй ангилалд багтдаг хулан адуу анх удаа буюу 65 жилийн дараа тал хээрт эргэн ирж, Монгол орны зүүн талын бэлчээрт хүрэх  боломжтой болсноор говь-хээрийн экосистемийг дахин холбох эхлэл тавигдсан талаар онцолсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...