УИХ намрын чуулганы отгон нэгдсэн хуралдаанаараа өчигдөр “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны ажлын дүнтэй танилцжээ. Энэ талаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан байна.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу Түр хорооны ажиллах хугацааг дахин нэг чуулганы хугацаагаар сунгаж ажиллуулсан бөгөөд Түр хороо нь ажиллах хугацаандаа нийт 13 удаа хуралдсанаас 9 удаа нээлттэй, 4 удаа хаалттай хуралдаж, Засгийн газрын ажлын хэсгийн явцын талаар болон холбогдох бусад байгууллагуудаас мэдээлэл сонсож Засгийн газарт хуралдааны тэмдэглэлээр нийт 4 удаа, Түр хорооны тогтоолоор 2 удаа чиглэл өгч ажилласныг онцолжээ.
Түр хорооноос Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад шаардагдах 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх, Лондонгийн арбитрын шүүхэд Оюу Толгой ХХК-ийн татварын асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрт хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн аудит хийлгэхэд гадны зөвлөх үйлчилгээ авах, мөн Дубайн гэрээг цуцалж хүчингүй болгох улмаар Монгол Улсад учирсан хор хохирлыг барагдуулах зэрэг асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллажээ. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотойгоор Түр хорооны дарга болон гишүүдийн төлөөлөл 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, Түр хорооны байр суурийг тодорхой илэрхийлсэн байна. Засгийн газар, түүний ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Түр хороо нягт хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас саналаа Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн гэдгийг Түр хорооны дарга танилцуулгадаа дурдсан байна.
УИХ-аас дээрх саналыг харгалзан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх тухай гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг дэмжихээр тусгасан. Энэ өр тэглэгдснээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа гэжээ.
Түүнчлэн тэрбээр, УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд хийнэ. Уг гэрээ хүчингүй болсноор Дубайн 4.1 тэрбум ам.долларын зээл хүчингүй болж ногдол ашиг хүртэх хугацаа наашлах төдийгүй, зээлийн үйлчилгээний төлбөр болон баталгааны хураамж гэсэн 2.9 хувийн хураамжийг “Оюу толгой” ХХК-д төлөхгүй байх нөхцөл бүрдэнэ.
Мөн Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой юм.
Рио Тинто компани, Туркойс Хилл ресурсес Лтд-ийн зүгээс далд уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хүртэлх хугацаанд шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар төлөвлөж, Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргасан нь цаашид өрийн дарамт үүсэхгүй байх Монголын ард түмний ногдол ашиг авах хугацаа наашлах нөхцөл бүрдүүлнэ гэдгийг онцолжээ.
УИХ-ын Түр хорооны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаар ахлуулан, 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсныг Түр хорооны дарга танилцуулгадаа дурдаад Ажлын хэсгийн тайланд үндэслэн Усны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан, боловсронгуй болгох талаар Түр хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өглөө. Урт хугацаанд ашиглах Оюу толгой шиг баялаг том ордын тулгамдсан асуудлуудыг Түр хорооноос хоёр чуулганы хугацаанд бүрэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд Оюу толгой төслийн хүрээнд цаашид зайлшгүй шийдвэрлэх асуудлуудаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолыг Түр хорооны сүүлийн хуралдаанаар баталсан байна.
Түр хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулгынхаа төгсгөлд, Эхнээсээ мордохын хазгай болсон Оюу толгой төслөөс хууль ёсны эзэн Монголын ард түмний хүртэх өгөөжийг тохиролцсон хэмжээнд хүргэх асуудлаар яриа хэлцэл цаашид ч үргэлжлэх ёстой гэдгийг онцлон тэмдэглээд Улсын Их Хурлын хоёр ээлжит чуулганы хугацаанд Түр хороо нь амжилттай ажиллаж, хариуцсан чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд идэвх, санаачилга гарган хамтран ажилласан Улсын Их Хурлын удирдлагууд, Түр хорооны гишүүд болон Ажлын хэсгийн гишүүд, Ажлын дэд хэсгийн гишүүдэдээ баярлаж байгаагаа илэрхийлсэн аж.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулсан Түр хороо Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах асуудалд идэвх санаачлагатай ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг цохон тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.4-т Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно гэж заасны дагуу Түр хороо татан буулгав.